Барилгын стандарт болон салбарын чиг үүрэгтэй холбоотой асуудлаар Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүнтэй талаар ярилцлаа.
Монгол Улсад ер нь нийт хэдэн стандарт байдаг юм бэ?
Юуны өмнө уншигч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэхийг зохицуулж байгаа баримт бичгийг л стандарт гэж товчхондоо ойлгож болно. Монгол Улсад нийт 6518 стандарт бий. Энэ бүгд хүн, байгаль дэлхийгээ хамгаалахад, эрүүл аюулгүй орчныг бий болгоход чиглэсэн баримт бичгүүд.
6518 гэдэг нь их тоо юу. Ер нь манайд стандарт цаг үетэйгээ нийцэж гарч чаддаг уу?
Улс орны стандартын тоо харилцан адилгүй байдаг. Мэдээж тухайн улсын эдийн засгийн багтаамж, үйлдвэрлэгч улс мөн эсэхээс шалтгаалаад стандартын тоо хэлбэлзэж явдаг. Жишээлбэл, Солонгос улс 200-гаад мянган стандарттай байна. Манай улсын стандартыг бүлэглээд үзэх юм бол дийлэнх нь хүнс, эрүүл мэнд, барилгын салбарт чиглэсэн стандартууд байна. Тэгэхээр манайх эдгээр салбарт зохицуулалтыг бий болгож чадсан гэж хэлж болно. Үүний араас байгаль орчин, уул уурхай гээд манай улсын томоохон салбарууд орно.
Барилгын салбарыг онцолж асуумаар байна. Энэ салбарт нийт хэдэн стандарт байдаг вэ. Эдгээр стандартууд шаардлага хангаж чаддаг уу?
Монгол Улсад одоогоор 650 орчим барилгын стандарт байна. Үүнд, барилгын бүхий л төрлийн чиглэлд зохицуулсан стандартууд бий. Гагцхүү үүнийгээ мөрдөх асуудал Монгол Улсад дутагдаж байгаа юм. Сургууль, цэцэрлэгийг засварлах, шинээр барих тохиолдолд ийм байх ёстой гээд ерөнхийд нь яриад явчихдаг. Гэтэл ямар стандартын шаардлага хангасан сургууль юм бэ, доторх орчин нь ямар будгаар будсан байх ёстой, тавилга нь ямар материалаар хийгдсэн байх ёстой вэ гэдгийг төдийлөн нарийн зааж өгдөггүй. Зүгээр сургууль барих гээд л тавьчихдаг. Гадаах талбай, тоглоомын талбай, явган хүний зам ямар байх ёстой вэ гэдгийг нэг бүрчлэн стандартчилсан байдаг. Үүнийг мөрдөх асуудал л орхигдоод байна.
Саяхан эхэлсэн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгээр хүүхдүүдийн дунд хорт хавдар элбэг илэрсэн байсан. Сүүлийн үеийн мэдээллийг харахад хүнс гэхээс илүү орчны бохирдол тухайлбал, барилгын материалын бүтэц хорт хавдарт илүү нөлөөлж байна гэсэн тоо байсан. Яагаад энэ нөлөөлдөг юм бэ?
Та маш зөв сэдэв хөндлөө. Сая УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороон дээр энэ асуудал яригдсан. Дотор орчны агаарын чанар гэж байна. Бид гэртээ ч, ажил дээрээ ч барилга дотор байгаа. Энэ орчин маань эрүүл, аюулгүй байна уу гэдэг маш хурц асуудал.
Барилгын материал хомсдолтой байгаа энэ үед хямдхан материал оруулж ирэх хандлага их байна. Заримдаа зуслангийн байшингаа ч юм уу будсаны дараа дотор нь суух аргагүй болох тохиолдол байдгийг бид мэднэ. Энэ бол хортой будаг гэдгийг илэрхийлж байна. Хөгжилтэй улсад бол ямар будгаар гадна, дотор талыг будахыг ялгаад заагаад өгчихсөн байдаг. Манайд ч энэ стандартууд бий. Хамгийн гол нь хилээр орж ирж байгаа барилгын материалд хяналт тавих цаг нь болжээ. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэгч улсдаа чанарын шаардлага хангасан, чанартай гэдгээ нотолсон будгийг л хилээр оруулдаг болъё. Хямдыг нь хараад л хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй материал авахаа больё. Тэгэхээр хил дээрээс чанаргүй бүтээгдэхүүн оруулж ирэхгүй байхыг бодлогоор нь анхаарах хэрэгтэй байгаа юм.
Саяхан Засгийн газраас он дуустал импортын цементийн татварыг тэглэсэн. Үүнтэй холбоотойгоор барилгын материал үйлдвэрлэгчид “Бид үнээр биш стандартаар өрсөлддөг болмоор байна. Үнийн өрсөлдөөн чанарыг бий болгож чадахгүй. Бүтээгдэхүүнийхээ чанараар өрсөлдмөөр байна” гэдгээ хэлж байсан. Энэ одоогийн нөхцөл байдлыг өөрчлөх нэг хөшүүрэг юм болов уу?
Манай барилгын салбарынхан зөв асуудлыг хөндсөн л дөө. Монголд зарим барилгын материалыг үйлдвэрлэж байгаа. Гэвч энэ нь Хятадын чанарын шаардлага хангаагүй, хямд барилгын материалыг дотоодын зах зээлээсээ шахаж чадахгүй байна. Тэгэхээр нэгдүгээрт, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих үүднээс, хоёрдугаарт, эрүүл аюулгүй орчноо бүрдүүлэхийн тулд бид зайлшгүй барилгын материалын чанарыг шаарддаг байх ёстой.
Үүний тулд түрүүн хэлсэнчлэн тухайн барилгын материал үйлдвэрлэсэн улсынхаа чанарын баталгааны бичиг буюу тохирлын гэрчилгээтэй байх ёстой. Чанарын дэд бүтэц гэж асуудал байна. Үүнд эхлээд лабораториор шинжлүүлэх ёстой. Стандартад заасан норм нормативдаа хүрч байна уу гэдгийг мэргэжлийн хүмүүс тогтоосон байх ёстой. Үүний үндсэн дээр тохирлын гэрчилгээ олгодог. Тиймээс хилээр орж ирж байгаа бүтээгдэхүүнээс гэрчилгээ нэхдэг байя, гэрчилгээгүй байвал дотоодын лабораториор шинжлээд, манай стандартад нийцэж байвал гэрчилгээ олгоё. Нийцэхгүй бол энэ хортой барилгын материалыг хил дээр нь зогсоодог байж монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин бүрдэнэ. Монгол Улс хавдраараа дээгүүрт ордог гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр их ярьдаг. Шалтгаан нь зөвхөн хүнс биш. Бид химийн бодис дунд амьдарч байна. Гэхдээ бид эрүүл орчинд амьдрах сонголт байгаа шүү дээ. Үүнийг бүрдүүлэх нь төрийн үүрэг, мөн барилгын компаниудын нийгмийн өмнө хүлээсэн үүрэг.
Түрүүн хэлсэнчлэн сургууль барина гэхээр “сургууль барина” гээд тендер зарлачихдаг. Тэгэхээр сургууль, цэцэрлэгийн барилга барих боллоо гэхэд яг ямар стандартыг барих ёстой вэ?
Төрийн худалдан авах ажиллагааны газарт төр тендер зарлаад багагүй хэмжээний худалдан авалт хийдэг. Энэ нь чанартай, чанаргүй гээд их хэл ам дагуулдаг. Тэгэхээр тендерийн ажлын даалгавар дээр нь стандартаа оруулж өгөх ёстой юм байна. Ямар стандартын шаардлага хангасан барилгыг бид хүлээж авах юм бэ, түүндээ нийцэж байна уу үгүй юу гэдгийг мэргэжлийн байгууллага нь тогтоох ёстой. Сургууль, цэцэрлэгийн барилгатай холбоотой стандартуудыг шүүж үзэхэд цөөнгүй байна. Гадаах орчноос эхлээд 00-ийн суултуур ямар байх ёстой хүртэл бүхий л стандарт байна. Тэгэхээр барилгын компаниуд энэ стандартаа мөрдөж хэвших асуудал байгаа юм. Сургуулийн барилгын стандартыг мөрдөж байгаа эсэх дээр одоо нэг нэгдсэн үзлэг хийчихмээр байгаа юм. Тавилга гэх мэт эд хогшлоос гадна агаарын орчноос нь нэг дээж аваад шинжилгээ хийчихмээр байгаа юм.
Танайхаас үүнийг санаачлаад зохион байгуулах боломж хэр байдаг вэ?
Бид стандартын хэрэгжилт тал дээр нэлээд далайцтай ажил хийхээр төлөвлөж байгаа. Тухайлбал, хүнсний стандарт дээр багагүй ажил хийгээд явж байна. Хүнсний үйлдвэрлэгч нар маань стандартын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна уу гэдэгт багагүй асуудал хөндсөн. Үүн дээр бид үнэ төлбөргүй сургалт мэдээлэл хийгээд явж байна. Дараагийн ажил бол хүүхдийн сургууль, цэцэрлэгийн орчинд бид анхаарлаа хандуулна. Үүнд мэдээж мэргэжлийн байгууллага, холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажиллах болно.
Хүнсний стандарт ярьсных нэг асуулт байна. Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн гэж бий. Хөрсөнд ургуулсан ногоонд бордоо хэр их хэрэглэснээс шалтгаалж органик, органик бус болох нь шалтгаалдаг тухай уншиж байсан. Бидний тарьж ургуулж байгаа ногоо стандартын шаардлага хангадаг уу?
Бид саяхан гаднын шинжээч нартай уулзахдаа ярилцаж байсан. Хүнсний бүтээгдэхүүнийг судалдаг том лаборатори зайлшгүй хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байсан. Эндээс бордооны, химийн бодисын үлдэгдэл байна гэдгийг шалгадаг, үүнийх нь дараа зах зээлд гаргах эсэх зөвшөөрлийг нь өгдөг тогтолцоотой болъё хэрэгтэй гэдэг дүгнэлтэд хүрсэн.
Монголд одоогоор тийм нарийн судалгаа хийх лаборатори алга. Хүнс гэдэг өөрөө амархан мууддаг бүтээгдэхүүн учраас гадаад руу явуулах боломжгүй. Лаборатори гэхээр хүмүүс төр байгуулах ёстой гэж хардаг. Харин эсрэгээрээ зах зээлийг нь нээж өгөөд, хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулалт хийдэг болох нь чухал байна. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийнхэн лабораторийг бизнес гэж хараач ээ. Тэгвэл өрсөлдөөн гарч ирнэ, өрсөлдөөний цаана чанар бий болно. Ийм зарчмаар лабораторийн зах зээлийг хувийн хэвшлийнхэнд нээж өгснөөр төрөл бүрийн лаборатори бий болно. Ингэснээр хэн хожих вэ гэхээр хэрэглэгчид эрүүл, аюулгүй хүнс хэрэглэдэг болно.
Одоо манай хөрсөнд ургаж байгаа хүнсний ногооны чанартай эсэхийг шалгах лаборатори байхгүй гэсэн үг үү?
Хэмжих стандартууд бол бий. Гаднын шинжээч нарын ярьж байгаагаар бол одоо Монголд гаднын пестицидийн үлдэгдэл үздэг 20 орчим лаборатори байна. Германд 200 орчим байна. Тэгэхээр пестицидийн төрөл дэлхийд тийм олон болсон байна. Тэгэхээр манайд энэ төрлийн лаборатори байгуулах шаардлагатай гэдэг зөвлөмж өгсөн.
Манай стандарт, хэмжил зүйн хөгжил ямар төвшинд байна вэ?
Манай улс Олон улсын стандартын байгууллага буюу ISO-д элссэн огноогоороо бол нэлээд дээгүүрт эрэмбэлэгддэг. Олон улсын стандартыг нэвтрүүлж нэлээд эртнээс нэвтрүүлж чадсан улс. Тогтолцооны хувьд ч зөв голдиролдоо ороод явж байгаа. Баталсан стандарт хэрэгжиж байна уу гэдэг л гол асуудал. Хэрэгжилт гэхээр бас төр хийх ёстой гэдэг. Олон улсын жишгээр бол хэрэглэгч өөрөө хяналт тавьдаг, стандартын боловсролтой байдаг.
Манай улсад хяналтын тогтолцоог либералчлах асуудал байна. Өнөөг хүртэл хяналтын үүргийг төр хийх гэж үзлээ. Нэлээд олон жил МХЕГ-аас стандартын хяналтыг тавих гэж үзлээ. Нийгмийн энэ олон харилцааг төрийн цөөн албан хаагч зохицуулахад хэцүү. Тиймээс үүнийг зах зээлийг нь нээгээд хувийн хэвшилд өгөх хэрэгтэй. Ер нь тухайн салбарын мэргэшсэн тохирлын үнэлгээний хувийн хэвшлийн байгууллагуудыг төрөөс бодлогоор дэмжиж байгаа. Тиймээс бараа бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулах эрхзүйн орчин зөвхөн төр биш хувийн хэвшлийнхэнд ч нээлттэй.
Стандарт, хэмжил зүйн газар жин дээр л хэмжилт хийдэг, хаа нэг орж ирээд хаяг шошгын алдааг л хэлдэг газар юм биш үү гэдэг шүүмжлэл явдаг. Гэтэл стандартын байгууллагын чиг үүрэг цаанаа маш өргөн байдаг. Энэ шүүмжлэлд таныг хариу өгөөч гэж хүсэх байна?
Стандарт, хэмжил зүйн газар бол стандартаас гадна хэмжил зүй гэдэг том салбар багтаж явдаг. Хэмжил зүй гэдэг бол бидний өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг. Шатахуун түгээх станцаас шатахуун авахад зөв шахаж байна уу, цахилгаан, ус хэрэглэж байхад тоолуур зөв зааж байна уу гээд бүгд хэмжил зүй дээр үндэслэдэг. Хүн анх төрөхдөө л жигнүүлж, хэмжил зүйтэй нүүр тулдаг.
Хэмжил зүйн хөгжил өндөр улсын хөгжил өндөр байдаг. Учир нь хэмжил зүй хөгжлийн үндсэн дээр нарийн шинжлэх ухаанууд хөгждөг. Манай улсын хувьд уул уурхайн орон гэж ярьдаг. Бид бүхэн газар доорх баялгаа зөв жинлээд, мөнгөө зөв авч байгаа юу гэдэг дээр цаана нь хэмжил зүй л явж байгаа. Тэгэхээр бидэнд энэ салбарын хөгжлийг нухацтай авч үзэх цаг ирсэн. Сүүлийн хэдэн жил хэмжил зүйн салбарт анхаарлаа орхигдуулжээ. Олон улсын төвшинд хүрэхийн тулд 90 орчим тэрбум төгрөгийн хэрэгцээ шаардлага байна. Багаж тоног төхөөрөмж, боловсон хүчин гээд олон асуудал бий л дээ. Боловсон хүчний хувьд гэвэл хэмжил зүйн мэргэжилтэн бэлтгэдэг сургууль байхгүй. Өмнө нь энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг хуучнаар ЗХУ-д бэлтгэдэг байсан. Тэд одоо бүгд тэтгэвэртээ гараад дуусаж байна. Боловсон хүчин бэлтгэх тал дээр БШУЯ-тай ярилцаж байгаа.
Түүнчлэн түрүүн тохирлын гэрчилгээний тухай дурдсан. MNS эсвэл ISO шаардлага хангасан бүтээгдэхүүн гээд яриад байдаг зүйлийг баталсан бичиг баримт гэсэн үг. Энэ төрлийн гэрчилгээг олгодог бүтээгдэхүүн тогтолцоо, баталгаажуулалтын газар гэж бий. Үүнийг өгөхийн тулд тухайн үйлдвэр дээр очоод, тухайн бүтээгдэхүүн стандартын шаардлага хангаж байна уу гэдгийг нягталж үзээд, үндэсний стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн мөн гэдгийг нотолсны үндсэн дээр хийгддэг. Тэгэхээр үүний ард манай газрын ажил явж байдаг гэсэн үг. Зарим нь манайхыг стандарт батлаад зүгээр сууж байдаг гэж ойлгодог. Харин бид монгол хүний хэрэглэж байгаа хүнсний аюулгүй байдлын манаанд зогсож байдаг хүмүүс.
Стандарт, хэмжил зүйн газар төрийн мэдэлд байх нь зөв эсэхийг асуумаар байна. Түрүүн лабораториудыг хувийн хэвшилд өгч өрсөлдөөн бий болгох талаар ярьсантай холбож асууж байна л даа?
Бид энэ талаар судалгаа хийсэн. ISO-гийн гишүүн 120 орчим улс байдгаас 80-аад хувь нь төрийн мэдэлдээ байдаг юм билээ. Түүнээс 30 орчим нь дэргэдээ хяналтын байгууллагатай. Стандартын хэрэгжилтийг хянадаг бүтэц гэсэн үг.
Яагаад төр нь стандартыг өөрөө барьж байна вэ гэхээр тухайн улсын ард иргэдийн аюулгүй, эрүүл орчинд амьдрах бичиг баримтыг гаргаж байгаа, бодлогын газар. Энэ чиг үүргийг хувийн хэвшил хийдэг улс бас байна. Жишээ нь Герман улс. Тэр нь гишүүнчлэлийн татвартай, баталсан стандартаа борлуулж, орлогоо болгоод явдаг. Ямар улсад хувьд гарсан байна вэ гэхээр тухайн улсын нийгмийн ухамсар, соёл нь төлөвшчихсөн, иргэдийн стандартын боловсрол өндөр байдаг. Холимог тогтолцоотой улс бас байна. Яваандаа хувьд гарч болох юм. Одоо бол төрийн хэвшилд байх нь зүйтэй гэж үздэг. Ялангуяа одоо том том мега төслүүд хэрэгжиж байна. Тэр бүхний цаана стандартууд явж байдаг. Ийм үед харилцан уялдаатай ажиллах үүднээсээ төрд байх нь зүйтэй болов уу.