Дуучин, ая зохиогч Латифын Байзада агсны 50 насны ойн өдөр хамтран зүтгэгч уран бүтээлч найзууд нь “Байзада ба түүний нөхөд: Танилцъя охин” дурсамж тоглолтыг толилуулах гэж байна. Түүний үлдээсэн олон сайхан дуунууд болон хараахан олны хүртээл болоогүй шинэ уран бүтээлүүдийг нь тайзнаа эгшиглүүлэхээр болжээ. Л.Байзада агсны уран бүтээлүүдийн эрхийг эзэмшигч түүний гэр бүлийн санал хүсэлтийн дагуу энэхүү тоглолтыг зохион байгуулж байгаа юм.
“Оюут групп” ХХК-ий дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа уг тоглолтоос олох орлогыг гэр бүлд нь зориулахаас гадна түүний аялгуут сайхан дуунуудыг нийтэд түгээж, сурталчлан таниулах мөн түүний уран бүтээлийн хүсэл мөрөөдлийг нь биелүүлж, нэрт уран бүтээлчийн үргэлжлэл болох гэр бүл үр хүүхдүүдэд нь дуун хөшөө босгож үнэт өв үлдээх зорилготой юм байна. Тоглолт аравдугаар сарын 14-нд "Улаанбаатар" паласын концертын их танхимд болно.
