Монголын нэрт тайлбарлагч “Эрдэнэбатын Балжинням сан” төрийн бус байгууллагаас жил бүр Монгол Улсад хөлбөмбөгийн спортын хөгжлийн төлөө зүтгэж буй бүх насныхны дунд “Оны шилдэг хөлбөмбөгийн зүтгэлтэн" хэмээх шагналыг бий болгон хамгийн эхний буюу 2022 оны шилдэг хөлбөмбөгийн зүтгэлтэн шагналыг өнөөдөр ийнхүү гардууллаа. Тайлбарлагч Э.Балжинням агсны нэрэмжит энэхүү хүндтэй шагналын анхны эзнээр “Стрэнжир Соккер Монголиа” компанийн ахлах дасгалжуулагч Н.Болор шалгарч цом, өргөмжлөл, 1 сая төгрөгөөр шагнагдлаа.

Н.Болор нь хөлбөмбөгийн спортын төлөө 20 жил зүтгэхдээ олон зуун шавь нар, шилдэг тамирчдыг бэлтгэсэн бөгөөд одоо “Ховд Вестерн” клуб, “Ховд Вестерн” хүүхдийн академийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа билээ.

Уг клуб нь Улаанбаатар хотод 3 байршилд үйл ажиллагаагаа явуулж өсвөрийн шилдэг тамирчдыг бэлтгэхийн төлөө тогтсон хуваарийн дагуу ажиллаж улсын чанартай томоохон тэмцээн уралдаанд тогтмол амжилтыг үзүүлж буй нь Н.Болор багшийн хувь нэмэр, хөдөлмөр зүтгэл юм.

Энэ удаагийн шагналын санхүүжилтийг өнгөрсөн зун дахин хэвлэгдсэн “Миний л амьдрал” номын борлуулалтын орлогоор бүрдүүлсэн байна. Цаашид энэ шагналыг жил бүрийн есдүгээр сард шалгаруулж олгох бөгөөд хүмүүсийн хүсэн хүлээдэг шагнал болж хөлбөмбөгийн спортын төлөө илүү ихийг хийж бүтээдэг байгаасай хэмээн тэд хэлсэн юм.