Дуурь бүжгийн эрдмийн театр 60 дахь улирлаа дэлхийн гранд “Аида” дууриар нээх гэж байна. Үргэлжлүүлэн “Хунт нуур” балетыг ирэх амралтын өдрүүдэд хүргэнэ. Ярилцлагын зочин Д.Нацагдоржийн хувьд гавьяат жүжигчин О.Анужингийн хамт эхний өдөр гоцлох юм. “Korea international ballet competition” тэмцээнд амжилттай оролцож, тусгай байр хүртсэн тэрээр АНУ-ын “Бостон балет” компанид ажиллах урилга хүлээн авсан амжилтаар театрынхаа 60 дахь улирлыг угтаж байна. Мөн түүний хувьд “Балет олимп” гэгддэг Москвагийн олон улсын балетын уралдаанд улсаа төлөөлөн оролцсон найман балетчины нэг юм.
-Дуурь бүжгийн эрдмийн театр “Хунт нуур” балетыг аравдугаар сарын 8, 9-нд толилуулна. Таны хувьд эхний өдөр гоцлох юм байна. “Хунт нуур”-тай хэдийнээс холбогдсон юм бэ?
-2014 онд анх олны хэсэгт бүжиглэж байлаа. Түүнээс хойш “Хунт нуур” балеттайгаа хамт байна. 2018 оны дөрөвдүгээр сард анх удаа гоцолж байсан.
-“Хунт нуур”-т тантай хамгийн сайн хоршиж чаддаг нь эмэгтэй гоцлоочдоос хэн бэ?
-Гавьяат жүжигчин Б.Саруул эгчтэй анх гоцлолоо хийж байсан. Үүний дараа гавьяат жүжигчин О.Анужин эгчтэй гоцолж байлаа. Сүүлд М.Нандинцэцэгтэй гоцолж байна. Хүн хүний ертөнц, мэдрэмж. Гурвуулаа л гоё өөр өөрийн онцлогтой, гоё партнёрууд. Миний хувьд бүгдтэй нь маш сайн ойлголцож, хамтарч чаддаг.

-“Хунт нуур” балет тасалбарын борлуулалтаараа Монголын соёл урлагийн салбарт яалт ч үгүй амжилт тогтоож байна. Тасалбар нь худалдаанд гарсан даруйдаа 1-2 цагийн дараа дуусч буй байнгын тоглолт үүнээс өөрийг одоогоор харсангүй. 1975 оноос хойш манай тайзнаа тасралтгүй тоглогдож, эрэлт ихтэй байсан ч энэ цаг үеийнх шиг ингэж их эрэлттэй байсан нь үгүй байсан гэдэг?
-“Хунт нуур” балет үзэгчдийн дунд эрэлт өндөртэй байгаа нь үнэн. Билетийн борлуулалтаараа үнэхээр рекорд тогтоож байх шиг байна. Үзэгчид сонгодог бүтээл үзэж, таашаал авахыг хүсч буй нь эндээс харагддаг. Нэгэнт энэ их эрэлт бий болсон учраас үүнийг ашиглаад бид уран бүтээлээ шинэчилж байх ёстой. Хуучин зүйлээ л дандаа өгөөд байлгүй, шинэчлээд өгөх зорилго бидэнд бий.
-Театрыг хаалгыг татаж буй бүхэн үнэхээр зорилтот үзэгчид байж чадаж байна уу. Сонгодог урлаг үзвэл “гоё харагдана” гэсэн хэлбэрдэлт байгаад байна уу?
-Театрыг минь чин сэтгэлээсээ зориод ирж буй хүмүүс маш их болжээ. Үзэгчдийн “Үзье” гэсэн энэ их хүсэл, энерги нь бүжиглэж байхад ч мэдрэгддэг. Гоё сайхан харагдах гэж театрт ирдэг үзэгчид байхгүй болсон гэж боддог.

-2018 онд сургуулиа төгсөөд л театрт орж ирсэн. Багагүй жилийг өнгөрүүллээ. Гоцлоогүй үлдсэн балет танд байдаг уу?
-Үндэсний болон сонгодог балетуудад бараг бүгдэд нь шахуу гоцолсон. Гэхдээ үндэсний балетуудаас “Уран хас”-д гоцолж байгаагүй юм байна.
-Таны хувьд гоцлох дуртай уран бүтээл гэж байдаг уу?
-Бүх дүр. Эсрэг болон бүхий л гол дүрүүддээ дуртай.
-“Балетын олимп” гэгддэг Москвагийн олон улсын балетын XIV уралдаанд Монголоос найман бүжигчин хоёр багшийн хамт амжилттай оролцсон. Цөөнгүй хүний бүрэлдэхүүнтэй оролцсон гэж анзаарсан. Өмнө нь манай улсаас ийм олон хүний бүрэлдэхүүнтэй орж байсан юм уу?
-Ганц нэгээрээ л оролцож байсан. Олон хүний бүрэлдэхүүнтэй ингэж оролцох нь сайхан байлаа. Миний хувьд нэлээн олон жилийн өмнө 2-3-уулаа оролцож байсан.

-Москвагийн балетын уралдаанд оролцоод Монголын балетчдын чансаа хаана байна гэж харсан бэ?
-Москвагийн олон улсын балетын уралдаан бол “Балетын олимп” гэж нэрлэгддэг уралдаан. Зохион байгуулалтаасаа эхлээд үнэхээр том тэмцээн юм билээ. Уралдаанд оролцоод өөрсдийгөө бусад орныхтой харьцуулаад үзэхэд Монголын балетын урлаг дээгүүр эрэмбэтэй байгаа нь анзаарагдсан. Үүнийг би ч ганцаараа мэдрээгүй. Уралдаанд хамт оролцсон бүжигчид болоод шүүгчдийн хувьд ч гэсэн энэ нь анзаарагдсан. Бид ямархуу түвшинд байна, бид цаашид яаж хөгжих вэ гэсэн бодлыг энэхүү уралдаанаас харсан.
Миний хувьд шүүгчдээс цөөнгүй магтаал хүртсэн. Ерөнхий шүүгч нь “Большой” театрын тэргүүн гоцлооч байсан хүн. Тэмцээн эхлэхээс өмнө “Зургаа авахуулж болох уу” гэсэн чинь харах ч үгүй зөрсөн. Гавьяат жүжигчин О.Анужин эгчийн хамт нэгдүгээр шатанд “Хунт нуур”-аа толилуулсан. Үзүүлбэрээ дуусгаад алхаж явтал араас ирээд “Чи зургаа авахуулна гэсэн үү. Хамт зургаа авахуулъя” гэж хэлсэн.
-Москвагийн балетын уралдаанд оролцсон О.Анужин та хоёрын хоршил сошиал орчинд хандалт нэлээд өндөртэй байсан. Энэ бичлэг цацагдсанаас хойш таныг төдийлөн мэддэггүй байсан үзэгчид тан руу хэр хандаж байна?
-Яг энэ бичлэгийн тухайд гэвэл үгүй. Өнгөрсөн наймдугаар сард БНСУ-д “Korea international ballet competition” тэмцээнд оролцсоны дараагаар АНУ-ын “Бостон балет” компаниас ажиллах санал хүлээж авсан. Д.Алтанхуяг гавьяат ажиллаж байсан гэдгээр нь энэ балетын компанийг мэдэх байх. Тэмцээний үеэр ажиллах санал тавиад “Манай компани үргэлж чиний өмнө нээлттэй. Хэзээ ч ирж болно” гэсэн. “Бостон балет” компани нь АНУ-ын нэр хүндтэй, томоохон компани.

-Манай улсын балетын бүжигчдэд гадны улсын компани болоод театруудаас урилга ирж байсан тохиолдол маш цөөхнийг мэднэ. Энэ боломж балетын гоцлооч бүрт олдоод байхгүй боломж байх, тийм үү?
-Тэр болгон урилга ирдэггүй л дээ.
-Саналыг нь хүлээж авсан уу?
-Энэ том компаниас мэдэх, суралцах зүйл их. Тиймээс миний хувьд явах сонирхолтой байгаа.
-“Бостон балет”-д ажиллахын хажуугаар театртынхаа уран бүтээлд оролцох боломж бий юү?
-Боломж байгаа байх гэж харж байгаа.
-Таны хувьд балетын урлагтаа “ид байх” үеэ хэдэн жил гэж төсөөлж байна вэ?
-Би одоо 26-тай. Ямар ч байсан энэ урлагтаа 10 жил байх болов уу гэж бодож байна. Балетын урлагийн дэлхийн стандартаар 25-35 нас бол балетын бүжигчдийн оргил нас гэж явдаг.
-Театрын хувьд энэ жил дэлхийн сонгодог “Жизель” балетыг шинэчлэн тавьсан. Анхны тавилтаасаа хойш 43 жилийн дараа “гар хүрлээ”. Үзэгчид өөр, өөрсдийнхөө хүлээж авлаа. Ам сайнгүй байгаа нэг хэсэг ч байна. Уран бүтээлчийнхээ хувьд шинэхэн “Жизель”-д та ямар үнэлгээ өгөх вэ?
-Миний хувьд шинэчилсэн хувилбар маш гоё. Нийгэм маань огт өөр болж, бүх л зүйл шинэчлэгдэж байна. Жишээлбэл, одоогоос 20-30 жилийн өмнө ихэнх хүмүүс унадаг байсан 69 автомашиныг одоо унах хүн байх уу. Ийм хүсэлтэй хүн байна уу гэвэл байхгүй. Бүгд л сүүлийн үеийн шинэ загварын лексус унахыг хүсэж байна. Урлагийн бүтээл ч гэсэн үүнтэй адил цаг үеэ дагаад шинэчлэгдэж байх ёстой. Хэрвээ шинэчлэхгүй бол үзэгчид тоож үзэхээ болино. Орчин үетэйгээ хөл нийлүүлж алхах хэрэгтэй.
Дэлхийн томоохон балетын театрууд “Хунт нуур”, “Жизель”-ийг модернтой хослуулж тавьсан нь ч байдаг. Бид дэлхийн театруудтай хөл нийлүүлэн алхах ёстой. Үүнийг манай ерөнхий балетмейстер Д.Дашлхагва олж харж, театраа дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэх гэж, таниулах гэж хичээж байгаа. Үүнтэй холбоотойгоор уран бүтээлчдэд ч гэсэн итгэл найдвар, урам зориг төрж, сэтгэл өөдрөг байна. Бидний өнцгөөс харахад “Жизель”-ийн шинэчилсэн тавилт маш гоё.

-“Щелкунчик” балетыг шинэчлэн тавьж буй гэсэн. Шинэ жилийн үеэр буюу арванхоёрдугаар сард нээлтээ хийхээр төлөвлөсөн үү?
-Уран бүтээлдчээс бүх зүйл шалтгаалдаггүй болохоор хэзээ нээлтээ хийхийг хэлж мэдэхгүй байна. Тайз, хувцас зэрэг олон зүйлээс шалтгаална шүү дээ. Уран бүтээлчдийн хувьд нээлтээ хийхэд бэлэн гэж үзэж болно.