ОХУ-д цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зарласантай холбоотойгоор тус улсын иргэд хил гарахаар дугаарлаж байгаа талаар олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж буй. Түүнчлэн ОХУ-аас манай улс руу нэвтрэх иргэдийн тоо эрс нэмэгдэж, Алтанбулаг боомт дээр ачаалал үүссэн гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан юм.

Тэгвэл энэ талаар ХХЕГ-аас тодруулахад "Алтанбулаг боомт дээр ачаалал нэмэгдсэн зүйлгүй. Өчигдрийн байдлаар ОХУ-ын 260 орчим иргэн манай улсад орж ирсэн бол 500 гаруй иргэн хилээр гарсан байна. Үүний өмнөх өдөр ч энэ хэмжээний иргэн орж, гарсан. Өдөрт ер нь 850-900 иргэн орж гарч байна. Ингэхээр 200 гаруй автомашин орж, гарна. Энэ нь дундаж үзүүлэлт юм. Хилийн боомт дээр ачаалал үүссэн зүйл алга. Есдүгээр сарын 15-наас-21-ны өдрүүдэд Алтанбулаг боомтоор 1100 орчим авто тээвэр орж ирсэн байна. Төмөр замын хоёр, автозамын найман боомт ОХУ-Монгол Улсын хооронд ажиллаж байна. Эдгээр боомтоор долоо хоногийн хугацаанд 3500 хүн орж ирсэн бол 3256 иргэн гарсан" гэв.