УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар нутаг дэвсгэр төвийг тогтоох тухай СЕХ-ноос өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд 90,9 хувийн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. СЕХ-ноос хөдөөд 48, хотод 28 тойрог хуваарилсан бөгөөд Налайх, Багануур, Багахангайг нэг тойрог болгосон.

Налайх, Багануур, Багахангайн нэг мандатыг хасч, Сүхбаатар дүүрэгт нэмэхийг дэмжлээ. Мөн Сүхбаатар аймгийн хоёр мандатын нэгийг нь Увс аймаг руу шилжүүлэх зарчмын зөрүүтэй саналыг дэмжсэн

Тэгвэл өнөөдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлгийн явцад АН-ын бүлгийн гишүүн Х.Тэмүүжин, Р.Гончигдорж, Н.Батбаяр нар зарчмын зөрүүтэй санал гаргаснаар мандатын хуваарилалтад өөрчлөлт орсон юм. Тодруулбал, Налайх, Багануур, Багахангайн нэг мандатыг хасч, Сүхбаатар дүүрэгт нэмэхийг дэмжлээ. Харин дээрх дүүргүүдийн иргэдийг Баянзүрх болон Хан-Уул дүүргүүдтэй нэгтгэлээ. Мөн Сүхбаатар аймгийн хоёр мандатын нэгийг нь Увс аймаг руу шилжүүлэх зарчмын зөрүүтэй саналыг дэмжсэн юм. Өөрөөр хэлбэл, Багахангай дүүргийн мандатыг Хан-Уул дүүрэгт, Налайх дүүргийн мандатыг Чингэлтэй дүүрэгт, Багануур дүүргийн мандатыг Сүхбаатар дүүрэгт нэггэх санал дэмжигдсэн юм.

Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт уг асуудлаар тав хоногийн завсарлага авах санал гаргасан ч ТББХ-ын дарга А.Бакей цаг хугацаа давчуу байгааг хэлээд дээрх саналыг нь хүлээж аваагүй юм.

Үүнтэй холбоотойгоор МАН-ынхан хуралдааныг орхин гарлаа. Үүний дараа Байнгын хороо МАН-ын гишүүдгүйгээр хуралдаж, СЕХ-ноос өргөн мэдүүлсэн Монгол Улсын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар нутаг дэвсгэр төвийг тогтоох тухай тогтоолын төслийг олонхийн саналаар дэмжлээ.

Ингээд хуралдааны тоймыг хүргэж байна.

М.Энхболд:

-СЕХ-ны өргөн барьсан төсөлтэй танилцсан. УИХ-ын тойрог, мандатыг хуваарилахдаа хүн амын тоо, нутаг дэвсгэр, байршлыг харгалзан үзнэ гэж хуульд заасан. Гэхдээ СЕХ зарим хэсэгт хуулийн энэ заалтыг бариагүй байна. Тухайлбал, Дорнод аймаг 76700 хүн амтай, 123600 км2 газар нутагтай. Хэнтий 72500 хүн амтай, 80300 км2 газар нутагтай. Гэтэл  Дорнодод 2, Хэнтийд 3 мандат хуваарилагджээ. Үүнд ямар зарчим баримталсан бэ?

Ч.Содномцэрэн:

-СЕХ тойрог байгуулах, мандатын тоог гаргахдаа хуулийн заалтыг харгалзаж үзсэн. Дорнод, Хэнтий аймгийн хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ таны хэлсэнтэй адил. Гэхдээ Дорнод  14 сумтай, Хэнтий 18 сумтай. Үүнийг харгалзсан.

М.Энхболд:

-Сумын хэмжээг нь харгалзсан гэж үзвэл 24 сумтай Завхан аймаг яагаад 2 тойрогтой, Хэнтий 3 тойрогтой байна вэ?

Ч.Содномцэрэн:

-Аль алиныг нь харгалзан үзэж хуваарилсан. СЕХ нөлөөнд автахгүйгээр ажлаа зохион байгуулдаг.

Я.Содбаатар:

СЕХ-ноос асуулт алга. Саналаа хэлье. Зарчим барих ёстой. Хүн ам, нутаг дэвсгэр, газар нутгийнхаа хэмжээг барих ёстой байсан. Зарчмаа барьвал асуудалгүй. Гэтэл Б.Гарамгайбаатар зарчим барьчихлаа. АН-ынхан өчигдөржин хор найруулсан. Хэзээ та нар ийм эв нэгдэлтэй байсан юм. Сонгуулийн хууль сонгогчдын эрх ашгийг хамгаалах ёстой. Та нарын зарчимгүй үйлдлийг хараад миний ой гутаж байна. Төрийн эрх мэдлээр далайлгаж өөрсдөдөө ашигтай хувилбар гаргаж сонгогчдын эрх ашигт халдаж байна. Ингэж будилаантуулсны чинь төлөө Б.Гарамгайбаатар танд ард түмэн дүнгээ тавина. Та арай хэтэрч байна. Хууль нь шийдэхгүй бол хувь заяа шийдээд явчихдаг гэдгийг хэлмээр байна.

Б.Гарамгайбаатар:

Ариун шударга явдлын талаар МАН-ынхан их ярьж байна. Энэ зөв. Монгол Улс бол нэг тойрог. Зүүн аймгуудын хөгжил үеийн үед буурай байсан. 90 жил МАН засаг барихдаа зүүн аймгуудыг хөгжүүлээгүй. Тэгчихээд одоо олон зүйл яриад байна. Зүүн аймгуудын удирдлагууд дандаа баруун аймгийн хүмүүс байсан түүх ч бий шүү. СЕХ захиалга аваад хийдэг гэдгийг би анх удаа сонсож байна. МАН-ын туршлагатай гишүүд үүнийг ярьж байхыг бодоход өөрсдөө захиалаад хийлгэдэг байжээ гэж ойлгож байна. Би анх удаа нэр дэвшиж орж ирсэн ядуу оюутан.

Та бүхэн өөрсдөө бүс нутгийг хөгжүүлэх тухай мундаг ярьдаг.  Монгол Улс бол нэг нутаг. Та бүхний ярьж хэлж, өөрсдийнхөө цээжийг балбадаг Чингис хааны нутаг.  Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий гэсэн зүүн бүсийн аймгууд бүгдээрээ Сэцэн хааны нутгаас салж гарсан аймгууд байдаг. Өнөөдөр УИХ-д сууж байгаа гишүүдийн тоогоор баруун аймгийнхан дийлэнх нь. Яривал олон юм ярина шүү. Гэхдээ өнөөдөр олон зүйл ярихгүй.

С.Бямбацогт:

Би түрүүнээс хойш зарчим гэж дахин дахин яриад байгаа. Зарчмаа баримтлаач ээ. Хэнтий аймаг дээр тойргийн мандат хуваарьлалт үнэхээр алдагдчихлаа.

Ё.Отгонбаяр:

Хүний захиалга барьж орж  ирчихээд ширэн нүүрлээд сууж байгаа  хүмүүсээс асуулт асууж зовоогоод яах вэ гэж.  Жоржийн “1984”  гэсэн  ном байдаг. Тэр номонд “Бүх амьтан тэгш эрхтэй. Гахайнууд илүү тэгш эрхтэй” гэж заасан байдаг.

Булган аймаг 61138 хүнтэй. Өмнөговь аймаг 60872 хүнтэй. Булган аймаг хүн амын тоогоороо илүү байгаа биз. Булган аймаг 16 сумтай, Өмнөговь аймаг 15 сумтай. Сонгогчдын  тоогоороо Булган 39115, Өмнөговь 34067 сонгогчтой. Гэтэл Булган аймаг 1 мандаттай, Өмнөговь аймаг 2 мандаттай байна.

Ээ хөөрхий, ардчилсан Монгол Улс маань ийм болчих гэж дээ. Ямар аймаг нь илүү тэгш эрхтэй, ямар нь тэгш бус эрхтэйг нь хараад ичиж сууна. Ганц л жишээ хэлчихье. Булган аймаг 61138 хүнтэй. Өмнөговь аймаг 60872 хүнтэй. Булган аймаг хүн амын тоогоороо илүү байгаа биз. Булган аймаг 16 сумтай, Өмнөговь аймаг 15 сумтай. Сонгогчдын  тоогоороо Булган 39115, Өмнөговь 34067 сонгогчтой. Гэтэл Булган аймаг 1 мандаттай, Өмнөговь аймаг 2 мандаттай байна. Аль нь араас нь, аль нь өврөөс нь төрсөн юм бэ. Үүнийг ямар зарчим гэх вэ. Энэ бол зарчим нь захиалгаар явсан байна. СЕХ нэг Өмнөговийн иргэн, хоёр Булганы иргэнтэй тэнцэнэ, нэг  Хэнтийн иргэн 3 Булганы иргэнтэй тэнцэнэ гэж шийдвэрээ гаргаад биччих. Цаашлаад Үндсэн хуулийн заалт зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрчих. Тэгээд ҮХЦ-д очвол ямар байна.  Энэ бол гишүүдийн бус төлөөлж байгаа сонгогчдын эрхийн асуудал.

Яахаараа Хэнтийгээс  сонгогдсон гишүүн 14 мянган хүн, Булганаас сонгогдсон хүн 40 мянган хүн төлөөлж байдаг юм. Ямар шударга ёс гэж энэ вэ. Тойргийн доторх хуваарилалтуудыг үзэхээр хачин хачин зүйл их байна. Булган аймаг нэг мандаттай гээд хүч түрээд ороод иржээ. Гэтэл бусад аймгуудын тухайд аймгийн төв нь нэг тойрог болсон зүйл харагдаад байна. Энэ чинь одоо сумын депутат сонгох гээд байгаа юм уу, УИХ-ын гишүүн сонгох гээд байна уу.  Ингэж Монголын төрийн үндсэн зарчим эвджээ. СЕХ-хон хүний захиалгаар сонгуулийнхаа хуулийг эвдээд байж болохгүй. Энэ байдал иргэд сонгогчид сонгуулиа өгөх үү, байх уу гэдэг эргэлзээг бий болгоно шүү.

Р.Гончигдорж:

Сонгуулийн хуулийг Цэцийн шийдвэрээр өөрчилсний чинь буруу шүү.

Ц.Нямдорж:

Сүүлийн нэг жилийн хугацаанд УИХ-ын гишүүд өөртөө зориулж хууль гаргадаг, түүнийгээ баахан өмөөрдөг боллоо. Өршөөлийн хуулиас эхлээд. Тойрог, мандатын тоог тогтоохдоо дарга нарын захиалгаар л ажилласан байна шүү дээ. Хэнтий аймаг 76 мянган хүн амтай байхад гурван тойрогтой болгоё гээд л оруулаад ирж байна. Энэ бол Б.Гарамгайбаатарын захиалга л явж байна. Чи худлаа гэж хэлэхгүй байлгүй. Та яаж ч тайлбарлаж чадахгүй шүү дээ.

Төрийг хувьчилж байгаа юм байна. Сонгуулийн тойргийг хувьчилжээ. Өөрт нь санал өгөхгүй гэж үзсэн хэсгийг үсэргэж байна. Тэр даалгаварыг нь СЕХ биелүүлж байна.

Төрийг хувьчилж байгаа юм байна. Сонгуулийн тойргийг хувьчилжээ. Өөрт нь санал өгөхгүй гэж үзсэн хэсгийг үсэргэж байна. Тэр даалгаварыг нь СЕХ биелүүлж байна. Та нар битгий худал хэл. Шударга бус байдлаа больчих. Тойрог тогтоодог асуудлыг УИХ өөр дээрээ авах шаардлагагүй гэж би бодож байна. Цаашид СЕХ нь уг асуудлаа шийдээд явдаг хуулийн өөрчлөлт хийх хэрэг гарах юм байна. Ижил хүн амтай, сумтай хоёр аймгийн мандатын нэгийг нь 2 нөгөөх нь гурав болгоод оруулаад ирдэг юм. Энэ чинь л эгдүү хүргээд байна. Энэ ариун явдал мөн үү. Ийм утгагүй байж болохгүй.

Өөртөө зориулж төрийг хувьчилж болохгүй. АН-ын бүлгийн хурлаар гарсан саналаар бол жижиг гурван дүүргийг үсэргэх гэж байна. Налайх дүүрэг Сүхбаатар дүүрэг рүү үсрээд Багахангай Чингэлтэй рүү үсрээд Багануур Хан-Уул дүүрэг рүү үсрэх гэж байна уу яах гэж байна. Одоо байтлаа дүүрэг үсэргэдэг болох нь. Та нар ингэж төрөөр тоглодгоо больчих. Ил цагаандаа гарсан дээрэм тонуул явж байна. Сонгуулийн Ерөнхий хороо өөрийн толгойтой юм бол ийм балай юм оруулж ирж байгаа юм. 76 мянган хүн амтай аймаг хоёр суудалтай байх ёстой юм бол Сүхбаатар, Хэнтий хоёрт нь адилхан суудал хуваарилаач. Арай хэтэрч байгаа юм биш үү. Санал өгөх гэж байгаа гишүүд төр улсаа бодоод больчих.

Н.Алтанхуяг:

Ямар их мэргэн цэцэн улсууд гарч ирээд өнгөрсөн борооны араас цув нөмрөөд байна. Ардын намынхан бөөнөөрөө ирж суучихаад баахан хүн доромжилж байна. 13 жилийн туршид буюу гурван сонгууль дараалж мөрдсөн хуулийг зөрчсөн. Сонгуулийн хууль болохоос зургаан сарын өмнө сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалтыг захиалга өгсөөр байгаад цэцээрээ дамжуулаад хүчингүй болгосон.

Та нар зүүдэлж сэрснээрээ тойргоо хувиарлаад сууж байдаг.

Өнөөдөр бантан зуураад сууж байна. Би үүнийг чинь анхнаасаа эсэргүүцсэн. Та нарт үг хэлэхэд тоодоггүй болохоор би фэйсбүүк дээрээ хүртэл бичсэн. Та нар хуулийн заалтыг гууль болголоо. Хуйвалдааны төрийнхэн зүүдэлж сэрсэн ашигтай хувилбараараа хуулийг өөрчлөөд сууг уу гэх мэт. Та нар бүр даварлаа шүү. Хэзээ Монголын төрд ийм замбараагүй байдал бий болж байсан юм. Сонгууль сар хүрэхгүйн дараа болж байдаг. Гэтэл та нар зүүдэлж сэрснээрээ тойргоо хувиарлаад сууж байдаг.

Ардын намынхан мах комбинатын улаан ямааны үүргийг гүйцэтгэсэн. Үүнийг Монголын түүхэнд хариуцлагатайгаар бичиж үлдээх ёстой. Сүүлийн 13 жилд сонгууль болохоос зургаан сарын өмнө сонгуулийн хууль өөрчилсөн түүх байхгүй. Үүнийг та нар хийсэн. Өнөөдөр түүний чинь үр дүн бол тойрог яриад заваараад сууж байгаа юм. Заваарснаа яагаад АН руу  чихээд байгаа юм. Сонгуулийн ерөнхий хороо Сүхбаатар аймгийг 58 мянган хүн амтай байхад хоёр мандаттай болгосон. Увс аймаг 80 мянган хүн амтай байхад хоёр мандаттай байна. Хүн амын тоо 22 мянгаар зөрж байхад улаан цагаан луйврыг яагаад хийж байгаа юм. Хэний захиалгыг биелүүлж байгаа юм.

Х.Тэмүүжин:

Нэг мандатын ард хэдэн хүн байгаа вэ гэдэг чухал. Зарим тойрогт энэ тоо хэтэрхий зөрөөтэй байгаа учир ойртуулах саналтай байна.

Ч.Содномцэрэн:

-Тойрог, мандатын тоог тогтоохдоо захиалгаар хийгээгүй.