Монголбанкны мөнгөний бодлогын хорооноос өнөөдөр /2022.09.20/ 2022 оны гуравдугаар улирлын ээлжит хурлаас гаргасан шийдвэрийн талаар танилцуулсан. Мөн үеэр төгрөгийн ханштай холбоотой зарим асуудлын талаар Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа мэдээлэл өглөө. Тэрээр "Нэг жилээс дээш хугацаатайгаар гаднаас орж ирэх ам.доллар заавал байлгах нөөцөөс чөлөөлөгддөг болж байгаа. Өөрөөр хэлбэл, нэг жилээс дээш хугацаатай орж ирсэн ам.долларын 18 хувийг Төв банканд заавал байршуулдаг байсан бол одоо байршуулахгүйгээр зах зээл руу гарна гэсэн үг. Ингэснээр гадаад эх үүсвэрүүдийн хүү нэлээд өсөж байна. Суурь хүүнүүд өсөхөөр үүнийг дагаад арилжааны шинжтэй гадаад эх үүсвэрийн хүү өснө. Мөнгөний бодлогын хорооны шийдвэрээр бодлогын хүүний коридорыг бодлогын хүүнээс +2, -2 нэгж хувиар өргөсгөсөн. Энэ нь цаад утгаараа бодлогын хүү 12% байгаа боловч төв банкны зургаан сар буюу түүнээс дээш хугацаагаар зарладаг үнэт цаасны хүү 14% болж байна. Төв банкны үнэт цаас зах зээл дээр 14%-тай арилжаалагдаж байна гэдэг төгрөгийн хадгаламжийн хүү энэ түвшинд хүрэх орон зай үүссэн хэрэг. Өөрөөр хэлбэл, банкуудад байршуулах хадгаламжийн хэмжээ 14% болж өсөх бололцоотой учраас төгрөгийн өгөөж бараг 400 суурь нэгжээр дээшлэх бололцоо нэмэгдэж буй. Системийн дунжаар одоогийн 9.5, 10 хувийн төгрөгийн хадгаламжийн нэг жилийн хугацаатай хүү 14-15 хувьд хүрэх бололцоотой болж байна. тэгэхээр төгрөгийн өгөөжийг өндөр дүнгээр нэмэгдүүлсэн хүчтэй арга хэмжээ гэж ойлгож болно. Төв банкны урт хугацаат үнэт цаасны хүү 14%-д хүрч байгаа нь банкууд төгрөгийн хадгаламжийг 14, 15 хувьд хүргэж өсгөх орон зай үүссэн гэсэн үг" гэв.