Энэ удаагийн УИХ-ын сонгуульд түүхэнд байгаагүй олон бие даагч нэр дэвшихээр болсон. Тэгвэл өнөөдөр сонгуульд бие даан нэр дэвшигчдийн нэрс тодорхой болоод байна. Тухайлбал, нийтдээ 66 бие даан нэр дэвшигч байгаагийн дотор дуучин Б.Нарантуяа, Ахмадын холбооны Г.Баасан, сэтгүүлч Т.Алтаншагай, Дарханы АН-ын дарга асан Л.Наранбаатар, ТӨХ-ны дарга асан Д.Цогтбаатар, ХҮН-ын дарга С.Боргил зэрэг улстөрчид болон олны танил хүмүүс багтжээ. Түүнчлэн “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт, Б.Ариунболд буюу Арго, Дамбын Хишигжаргал, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын дүү С.Гантуяа нар бие даан нэр дэвших юм байна.

УИХ-ын сонгуульд бие даагч олны танил эрхмүүд болон зарим улстөрчдийг танилцуулъя.

Б.Нарантуяа буюу дуучин Нара

-Тэрээр 1983 онд төрсөн, айлын тав дахь хүүхэд юм. Японд зургаан жил амьдарч, суралцаж, Токио хотод гоцлол дуулаачийн ангийг төгссөн. 2006 онд “Өөрийгөө хайж явна” гэдэг дуугаа гаргаснаар уран бүтээлийн гараагаа эхэлсэн. Мөн тэрээр өнгөрсөн хугацаанд “Зөрлөг”, “Цахирмаа” зэрэг Монголын уран сайхны кинонуудад тоглосон. Энэ оны хоёрдугаар сард анх хувийн фэйсбүүк хаягаараа дамжуулан бие даан нэр дэвшинэ гэдгээ зарлаж, хуулийн дагуу Сонгуулийн ерөнхий хороонд мөрийн хөтөлбөрөө өгсөн. Тэрээр УИХ-д суувал ганц бие, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн төлөө болон гэр бүл, нийгмийн асуудалд түлхүү анхаарч ажиллахаа илэрхийлж буй юм.

Арго багш

-Б.Ариунболд буюу Арго багш. Дэлхийн 25 орны хэлээр ярьж, бичих чадвартай гэгддэг тэрээр Монголд анхлан гадаад хэлний сургалтын төв байгуулж байлаа. Мөн гадаад хэлний чиглэлээр олон төрлийн ном, товхимол хэвлүүлж байсан. Мөн сүүлийн жилүүдэд бөө болж, дээд тэнгэртэй харьцаж эхэлсэн. Түүнчлэн тив тэнгэр, шүтээний талаар ч олон ном гаргасан билээ. Тэрээр УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ илэрхийлэхийн хамт хэд хэдэн дуу гаргаж, клипжүүлсэн. Сонгуульд нэр дэвшихдээ “Хэлээрээ тэмцээд болохгүй бол хөлөөрөө тэмцье” гэсэн билээ.

Дамбын Хишигээ

-Тэрээр Центрпоитын зодооны хэрэгт холбогдож, “Дамбын Хишигээ” гэх нэрээ “дуурсгах” болсон. Булган аймгийн харьяат бөгөөд энэ жил нутагтаа дэвшихээр болж байгаа юм. Мөн тэрээр сүүлийн жилүүдэд хурдан морь уралдуулж, улс, аймгийн уралдаанд тогтмол амжилт үзүүлэх болсон. Монгол Улсын Тод магнай уяач цолтой. Улс төр, бизнесийнхний дунд чамгүй нэр нөлөөтэй, хөрөнгө чинээтэй гэгддэг тэрээр эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Түүнийг Булган аймагтаа чамгүй нэр хүндтэй нэгэн гэдэг юм билээ.

Сайнхүүгийн Гантуяа

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын дүү С.Гантуяа. Тэрээр ахынхаа хамтаар Оюутолгойн эсрэг тэмцэлд нэгдэж, тус компанийн эсрэг шүүхдэлцэж байсан. Мөн “Оюутолгой дахь Монгол ажилчдын эрх ашгийг хамгаалах холбоо”-г байгуулсан. УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн талаар байр сууриа илэрхийлж, хүчтэй шүүмжилж эхлэх үед тус компанид ажилладаг байсан түүний дүү болох С.Гантуяа халагдсан гэдэг. Ийнхүү тэрээр үндэслэлгүй ажлаас халагдсан хэмээн заргалдаж, заргаа авч чадсан билээ. Мөн тэрээр өнгөрсөн хугацаанд Оюутолгойн удирдлагууд монгол ажилчидтай ёс зүйгүй харилцдаг, бага цалинтай, ялгаварлан гадуурхаж харьцдаг гэх зэрэг олон баримтыг олон нйитэд дэлгэж байсан.

ТӨХ-ны дарга асан Д.Цогтбаатар

-Н.Алтанхуягийн хүн гэгддэг байсан Д.Цогтбаатар 2014 оны сүүлээр ТӨХ-ны даргаас чөлөөлөгдсөн. Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн, Алтангадас фракцад харьяалагдаж байсан тэрээр намаасаа нэр дэвших боломжгүй болмогц Дорнод аймагт бие даан дэвшихээр болсон гэнэ. Дорнод аймгийн нутгийн зөвлөлийн дарга. Мөн төрийн албанд чамгүй олон жил ажилласан туршлагатай.

Л.Наранбаатар

-Дарханы Ардчилсан намын дарга асан Л.Наранбаатар. Тэрээр өнгөрсөн гуравдугаар сард болсон Эдийн засгийн форумын үеэр УИХ-ын дарга, АН-ын дарга руу оймс шидэж, танхайрсан удаатай. Үүнийхээ шанд нэр дэвших эрхээ хасуулсан бололтой. Тийм учраас Дарханд бие даан нэр дэвшихээр болжээ. Тэрээр уул уурхайн чиглэлээр зохион байгуулагддаг Металлс Монголиа, Коал Монголиа зэрэг олон улсын чуулга уулзалтуудыг санаачлан, зохион байгуулагчдын нэг. Эдийн засагч, уул уурхай, үл хөдлөх хөрөнгийн чиглэлийн бизнестэй.