Монголын Сэтгэцийн Эрүүл Мэндийн Нийгэмлэг ТББ-аас цар тахлын дараах иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийн байдал болон Монгол Улсын хэмжээнд хийсэн сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох судалгааны дүнг танилцууллаа.
АШУИС-ийн Сэтгэцийн тэнхимийн багш Н.Ганцэцэг" Дэлхий нийт хүн амд цар тахлаас үүдэж сэтгэл түгшилт, айдас зэрэг сэтгэлзүйн хямралууд үүсэж эхлээд байна. ДЭМБ аас 2021 онд СЭМҮТ, АШУҮИС, Монголын сэтгэцийн эрүүл мэндийн нийгэмлэг ТББ-д монгол хүний сэтгэцийн эрүүл мэндэд үнэлэлт дүгнэлт хийх судалгаа хийх үүрэг өгсөн. Энэ хүрээнд бид Монгол Улсын хэмжээнд сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох асуумж судалгааг 2021-2022 онд нэгдсэн байдлаар зохион байгуулсан. Судалгаанд Улаанбаатар хотын есөн дүүрэг, хөдөө орон нутгийн 21 аймаг 330 сумаас нийт 7919 хүнийг хамруулсан. Тус судалгааг түүвэр аргаар хийсэн бөгөөд онцгой нөхцөл байдалд ажилласан эмч, цагдаагийн алба хаагчдыг хамруулсан. Энэхүү судалгаанаас дүгнэхэд нийт иргэдэд сэтгэл түгших эмгэг 60-аас дээш хувьд ажиглагдсан бол сэтгэл гутралын шинж тэмдэг 39 хувьтай гарсан. Иргэдтэй харьцуулахад онцгой байдал, эмч цагдаа зэрэг цар тахлын оргил үед үүрэг гүйцэтгэсэн ажилтнуудын хувьд сэтгэл түгших эмгэг илүү өндөр байна гэж дүгнэсэн" гэв.
Монголын сэтгэцийн эрүүл мэндийн удирдах зөвлөлийн гишүүн Р.Энхтүвшин "Иргэдэд цар тахлын оргил үед айдас түгшилт давамгайлж байсан бол одоо урт хугацааны сэтгэл түгшилт, гутралын эмгэг үүсэж байна. Тухайлбал, иргэдийн дунд ядрах, сульдах, мартах, нойрны эмгэгтэй болох асуудлууд илүүтэй ажиглагдах болсон байна. Иймд бид иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийн хүрээнд тулгамдсан асуудлаа ярих нэгдсэн том чуулган зохион байгуулж, системтэйгээр энэхүү асуудалд анхаарлаа хандуулах ажлуудыг төлөвлөөд байна" гэлээ.