Буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг он зааж, замын хөдөлгөөнд оруулахгүй байх асуудал яригдаж эхэлсэн байна. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрээр "Автомашиныг дугаараар нь хязгаарлаад эсвэл импортын машиныг хориглоод замын түгжрэлийг шийдэж чадахгүй. 1970-аад оны үед Улаанбаатар хотын тавдугаар ерөнхий төлөвлөгөөг хийх үедээ нийт 80 гаруй мянган автомашин хөдөлгөөнд орно гэж тооцоолж, автозамын зураг зурагдсан юм билээ. Өнөөдрийн байдлаар 600 гаруй мянган автомашин замын хөдөлгөөнд оролцож байна. Тиймээс маш олон төрлийн цогц арга хэмжээ авч хэрэгжүүлж түгжрэлийг бууруулах хэрэгтэй. НИТХ-ын нэр бүхий төлөөлөгч нар тогтоолын төсөл боловсруулж, санаачилж байгаа гэдгийг өнөөдөр сонссон. Улмаар буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг он зааж, хөдөлгөөнд оролцуулах талаар иргэдийн дунд санал асуулга явуулна. Тэр хүртэл бид автомашины импортийг хязгаарлах асуудлаа хэрхэхийг иргэд, олон нийтээр шийдүүлэх ёстой" гэв.