
Цус өтгөрөлт гэж юу болох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Цус өтгөрөлт гэдэг нь цусны зууралдамтгай чанар ихэсч, цусны найрлагын зохистой харьцаа алдагдахыг хэлдэг. Цусны найрлага нь плазм буюу цусны 60-70 хувийг эзлэх шингэн хэсэг, үлдсэн 30-40 хувийг цусны эсүүд бүрдүүлдэг. Үүнийг цус өтгөрөлт гэж нэрлэдэг.
Цус өтгөрөх шалтгаан нь юу вэ?
-Судасны хананы хатуурал нь цус өтгөрөх гол шалтгаан болдог. Судалгаанаас үзэхэд 40-өөс дээш наснаас эхэлж хүний биед судасны хананы хатуурал үүсэж эхэлдэг. Энэ нь илүүдэл жин, тамхи, стрессийн нөлөө, өөх, тос, нүүрс ус, цардуул, уургаар баялаг хоол хүнс түлхүү хэрэглэснээс болж судасны хана хатуурч, цус өтгөрөл үүсэх гол шалтгаан болдог. Мөн өдөрт хангалттай хэмжээгээр ус хэрэглэхгүй байх нь цус өтгөрөх шалтгаан болдог. Хүн өдөрт биеийн жин, наснаасаа хамаарч хоногт дунджаар 3-4 литр шингэн ууж байх шаардлагатай байдаг. Харин зүрхний дутагдал зэрэг хууч өвчтэй хүнд хэт их шингэн уух зүйл уух нь зүрхний ачааллыг нэмж, хавагнуулах нөлөөтэй. Түүнчлэн, шээс хөөх эм удаан хугацаагаар хэрэглэх, жирэмснээс хамгаалах дааврын бэлдмэлүүд нь цус өтгөрөл үүсгэдэг
Цус өтгөрснөөр хүний биед ямар эрсдэл үүсэх вэ?
-Цус өтгөрсний улмаас бүлэн үүсэж, цусны урсгалд бөглөрөл үүсдэг. Үүнээс шалтгаалж тухайн эрхтний цусан хангамж дутагдаж зүрхэнд зүрхний шигдээс, тархинд тархины харвалт зэрэг эрсдэлийг үүсгэнэ.
Монголчуудын хувьд эрс тэс уур амьсгал, өдөр тутмын хооллолт зэргээс шалтгаалж цус өтгөрөх буюу цусны бүлэн үүсэх боломжтой юу?
-Монгол орон эрс тэс уур амьсгалтай тиймдээ ч эрт дээр үеэсээ байгаль цаг агаартайгаа дасан зохицож амьдрахын тулд өөх, тос, махыг хоол хүнсэндээ өргөн хэрэглэж ирсэн. Харин одоо таргалалт, идэвхтэй дасгал хөдөлгөөн хомс, суудлын ажил зэрэгтэй холбоотойгоор тэр их өөх тосыг шингээх боломжгүй. Гэвч өөх тос болгон муу биш амьтны гаралтай, ургамлын гаралтай, ханасан, ханаагүй өөх тос гэдгээрээ ялгаатай.
Цус өтгөрснөөр зүрх судсанд хэр аюултай вэ?
-Цус нь эд эрхтнүүдэд хүчилтөрөгч, шим тэжээлийг зөөвөрлөдөг. Цус өтгөрч, судасны хана хатуурч, судасны нарийсал үүссэнээр зүрхний булчинд хүчилтөрөгч, цусан хангамж дутагдаж эхэлдэг. Ингэснээр зүрхний шигдээс, артерийн даралт ихсэх шалтгаан болдог.
Цусаа өтгөрсөн байгааг хэрхэн мэдэх вэ. Заавал шинжилгээ өгөх хэрэгтэй байдаг уу?
-Цус өтгөрсөн гээд тодорхой мэдэгдэх эмнэлзүйн шинж тэмдэг байхгүй. Хүмүүс шинжилгээ, тариа хийлгэхэд цус хар бараан, хүрэн улаан байсан гээд шууд цус өтгөн байна гэж ойлгож болохгүй. Цусны дэлгэрэнгүй шинжилгээ болон цус бүлэгнэлтийн шинжилгээг өгөх хэрэгтэй.
Аспирин-81 эмийг өдөр бүр уух нь зөв үү ?
-Иргэд энэ төрлийн эмийг дур мэдэн хэрэглэх нь хэр эрсдэлтэй вэ? Аспирин болон бусад цус шингэлэх эмүүд болох кардиомагнил, клопедогрил гэх эмүүдийг ууснаар цус өтгөрөлт багасаж шингэрэхгүй. Эдгээр нь зөвхөн өтгөрсөн цус бүлэгнэж, бүлэн үүсэхээс урьдчилан сэргийлдэг. Цус өтгөрөх эрсдэлт хүчин зүйлстэй, зүрх судасны өвчнөөр өвдсөн хүмүүс эмчийн заавраар цус шингэлэх эм гэж хэлдэг бүлэн үүсэхээс сэргийлэх эмийг урьдчилан сэргийлэх зорилгоор ууж болно. Мөн цус шингэлэх эмийг тухайн хүний нас, эрсдэлт хүчин зүйлс, зүрх судасны өвчин зэргээс шалтгаалж ямар тунгаар, хэр удаан хугацаанд уухыг нь эмч зөвлөнө.
Хэрхэн цусаа зөв шингэлэх вэ. Цусаа хэт шингэлснээр ямар нэгэн сөрөг нөлөөтэй юу?
-Цус шингэлэх эмийг удаан хугацаагаар, өндөр тунгаар уух нь шүд угаах үед буйлнаас цус шүүрэх, хамраас цус гарах цаашлаад цус бүлэгнэлийн тогтолцоонд сөрөг нөлөөтэй байдаг. Хэрэв аспирин, түүний төрлийн дааврын бус үрэвсэл дарах эмийн харшилтай, жирэмсэн, эмэгтэйчүүдийн эмгэгийн цус алдалт, ходоод, гэдэсний замын шарх, цус алдалт, тулай өвчин, элэг, бөөрний дутагдалтай бол цус шингэлэх эмийг аль болох дур мэдэн хэрэглэхгүй байх хэрэгтэй. Мөн цусаа зөв шингэлэхийн тулд эм тариа бүтээгдэхүүн хэрэглэхийн оронд идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж, сайн унтаж амрах, эрүүл зөв хооллох, цэвэр агаарт алхах, хорт зуршлаас татгалзах нь үр дүнтэй.
Ковид-19 халдвар, вакцин хийлгэх зэрэг нь цус өтгөрүүлдэг үү. Та энэ дээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Коронавирусын халдварын үед вирусийн нөлөөгөөр дархлааны урвал, үрэвслийн эсүүд идэвхжиж цус өтгөрөл, судасны ханыг гэмтээдэг. Мөн халдварын үед халуурах, хөлрөх зэрэг нь цус өтгөрлийг нэмэгдүүлэх хүчин зүйл болдог.