Хэзээ зохиосон: 1966 он
Зохиогч нь: Харрисон
Төрөл: Блюз рок
Энэ бол “Битлз”-ийн урын санд Жорж Харрисоны зохиож шигтгэсэн гоё дуунуудын нэг нь. Дууны дунд хэсгийг өнгөрөнгүүт төгсгөлийн аясыг анзаараарай. Тэнд ямар гоё аялгуу эгшиглэдэг гэж санана. Энэ нь Пол Маккартнигийн “Taxman” дуунд хийсэн гайхамшигтай шигтгээ, нэг үгээр хэлбэл гавьяа. Түүний гитарын энэ гоцлоонд зүрх сэтгэл нь гэгэлздэггүй хүнийг олоход бэрх. Дорнын увидаст энэтхэг аялгууг л санагдуулдаг гээч.
Дуунд гардаг татварын байцаагч “Чи өөрийнхөө төлөө биш миний төлөө ажиллаж байгаа” гэж ёгтолсон аясаар хэлсэн нь бий.
Улс орон оршин тогтнох суурийг бат бөх босгоё гэвэл гол тоосго нь татвар билээ. Тэгвэл тэрхүү татварын тухай егөөдсөн агуулгатай дуу энэ юм. “Битлз” хамтлаг зайлшгүй төлөх үүрэгтэй албан татварын тухай дуулжээ. Тэр үеийн 1960-аад оны Их Британид орлогоос авдаг татварын хувь хэмжээ хэтэрхий өндөр байсан нь ард түмний нуруун дээр хүнд ачаа болж байв. Хэрвээ Жорж Харрисоны дуулж байгаад итгэх юм бол 95 хувийн татвар гэж гарна. Татвар төлөгчид өөрт нь тавхан хувь л үлдэнэ гэсэн үг. Жорж дурсан ярихдаа “Ажил хийж орлого олонгуутаа хүн бүхэн баярладаг. Гэвч энэ баяр нь тун ч удалгүй алга болно. Учир нь чиний орлогыг бараг бүгдийг нь татварт хураагаад авчихвал ямар байх вэ? Бид яаж төлж байсан гэж санана? Ухаан алдмаар... Нэг фунт нь хорин шиллингтэй тэнцэнэ. Тэгвэл фунт бүрээс 19 шиллингийг нь татварт авдаг байсан юм. Орлого их олох тусам тэр хирээр л өндөр татвар авна. Татварт ингэж толгой эргэм хамаг мөнгөө алдана. Бурхан минь, чи зүгээр л ажил хийснийхээ төлөө торгууль төлнө гэсэн үг...” гэсэн билээ. Тэгээд ч дуунд гардаг татварын байцаагч “Чи өөрийнхөө төлөө биш миний төлөө ажиллаж байгаа” гэж ёгтолсон аясаар хэлсэн нь бий. Англи улсад албан татвар өндөр байсан шалтгаанаар энэ жилүүдэд хүмүүс олноороо Америк болон бусад улсууд руу цагаачлан гарсан байдаг.
Дуунд хамтлагийн яруу найрагч Жоны оруулсан хувь нэмэр нь хэдэн мөр шүлэг байгаа. “Ха ха, ноён Уилсон, -Ха ха, ноён Хит...” гэж тэр дуулсан юм. Их Британийн тэр үеийн Ерөнхий сайд Гарольд Уилсон, Парламент дахь сөрөг хүчний тэргүүн Эдвард Хит хоёрыг нэрлэн егөөдөж дуулсан нь энэ. Бодит хүмүүс болох энэ хоёр эрхэм “Битлз”-ийн дуунд ийнхүү мөнхөрчээ. Мэдээж ард түмэндээ татварын дарамт үзүүлсэн түүхэн удирдагчид... “Тaxman” дуунаас өмнө “Битлз”-ийн бүх дууны зохиогчид нь Жон, Пол хоёр л байв. Тэгтэл нэг удаа Жорж энэ дууг зохиох үедээ Жоноос тусламж хүсжээ. Жон ч дуун дээр нь уриалгаханаар хамтран ажилласан нь энэ. Тэр энэ дуунаас өмнө татвар гэж юу болох талаар тун ч маруухан мэдлэгтэй байв. Тэгээд дуу зохиогдсоны дараахнаас л, Жоржийн ачаар ямар их мөнгөө засгийн газарт төлж байгаагаа ойлгон татварыг бууруулахын төлөө тэмцэлд оролцоно хэмээн мэдэгдсэн удаатай. Үнэхээр ч “Тaxman” дуу нь татвар хураалтын шударга бус хуулийн эсрэг тэмцлийн сүлд дуу болсон гэж хэлж болно.
Америкийн радиогийн хөтлөгчид “Тaxman” дууг, жил бүрийн дөрөвдүгээр сарын 15-нд болдог татвар төлөгчдийн өдрийг тохиолдуулан хэдэн өдрийн өмнөөс эхлэн эфирээрээ их л шуурхайлан дамжуулцгаах нь тун сонин. За тэгээд ер нь татварын тухай сурталчилгаа хийх үеэр ч Америк, Англид “Тaxman” дуу эгшиглэж л байдаг. Тэгэхээр энэ нь татвар хураагчдад ч ашигтай дуу шүү. Манай дөрвийн 1966 онд гаргасан “Revolver” цомгонд нь “Тaxman” дуу оржээ. Тэр тусмаа “Revolver” цомог нь манай дөрөвт бүүр ч илүү орлого оруулав. Тэд ч энэ мөнгөө яах ийхийн зуургүй үрчихжээ. Тэгтэл хэрэг бишдэв. Цомгийн орлогоос татвар нэхэгдэх нь тэр. Яг л Жоржийн дуулсан “За таван хувийг өөрөө ав. 95 хувийг нь нааш нь тушаа!” гэдэг татварын байцаагчийн үг биеллээ олжээ. Татварын байцаагчийн тухай анхны дуу нь “Тaxman” гэж хөгжим судлаачид үнэлдэг. Дуунд бодитой биш хэтэрхий өндөр татварыг шүүмжилсэн учраас татвар төлөгчид битлүүдэд онцгойлон талархсан билээ.
Taxman
Let me tell you how it will be There's one for you, nineteen for me Cos I'm the taxman, yeah, I'm the taxman Should five per cent appear too small Be thankful I don't take it all Cos I'm the taxman, yeah I'm the taxman If you drive a car, I'll tax the street If you try to sit, I'll tax your seat If you get too cold I'll tax the heat If you take a walk, I'll tax your feet Taxman! Cos I'm the taxman, yeah I'm the taxman Don't ask me what I want it for (Aahh Mr. Wilson) If you don't want to pay some more (Aahh Mr. Heath) Cos I'm the taxman, yeah, I'm the taxman Now my advice for those who die Declare the pennies on your eyes Cos I'm the taxman, yeah, I'm the taxman And you're working for no one but me Taxman!
Ө.Рагчаасүрэн