УИХ-ын 88-р тогтоолоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих барилга байгууламжийн төсөвт өртгийн өөрчлөлтийг тооцох түр журмын баталсан. Энэ хүрээнд магадлал хийх ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах ажлыг хоёр үе шаттай зохион байгуулсан юм. Магадлалын хүрээнд 2021 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа нийт 1142 төсөл арга хэмжээнээс 645 төсөл арга хэмжээнд төсөвт өртөг нэмэх шаардлагатай гэж тогтоожээ. Дээрх төслүүдэд нийт 310.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ирэх оны төсөвт тусгуулах шаардлагатай талаар ажлын хэсгээс Засгийн газарт танилцуулжээ.
Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж хил гааль нээгдээгүйгээс ачаа тээврийн үнэ, бараа материалын хомсдол үүссэнээр барилгын гол нэрийн материалын үнэ нэг жилийн хугацаанд 2-4 дахин өсжээ. Мөн халдварын тархалтыг хумих чиглэлээр авсан олон удаагийн хатуу хөл хорионы үед компаниуд бараа материалын үнийн зөрүү, зээлийн хүү зэрэгт 500 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн гэж мэдэгдсэн. Мөн барилгын ажилтны цалин хоёр дахин өссөн зэргээс шалтгаалж барилгын компаниуд улсын төсвийн батлагдсан дүнгээр бүтээн байгуулалтаа хийх боломжгүй болсон. Иймээс Засгийн газраас 88 тогтоол баталж энэ хүрээнд 2021 оны тавдугаар сарын нэгнээс 2022 оны тавдугаар сарын нэгэн хүртэлх барилгын материалын үнийн өсөлтөд үндэслэн тухайн төсөл арга хэмжээний төсөвт өртгийг дахин тооцох ажлыг эхлүүлсэн юм. Хоёр удаа сунгах байдлаар магадлангийн ажлын зохион байгуулсан ч 160 гаруй компани материалаа ирүүлээгүй байна. Эхний шат буюу энэ оны долоодугаар сарын нэгэн хүртэлх хугацаанд нийт 534 төсөл арга хэмжээнд 274.3 тэрбум төгрөгийн өртөг нэмэгдсэн нь магадлангаар гарсан. 1100 гаруй төслөөс заасан хугацаанд материалаа өгсөн байдал хангалтгүй байснаас хугацааг наймдугаар сарын нэгэн хүртэл дахин сунгаж 111 төсөлд 35.8 тэрбум төгрөг нэмж тусгах шаардлагатай гэж тогтоожээ. Нийт 1122 төслөөс үнийн өсөлтөөс үүдэлтэй магадлан хийлгэх шаардлагатай гэж тооцсон ч 645 төсөл арга хэмжээнд 310.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ирэх оны төсөвт тусгуулахаар Засгийн газарт танилцуулжээ.
Барилгын хөгжлийн төвийн хэлтсийн дарга Э.Хангал "Нийт 317 төсөл арга хэмжээнээс 250 төсөл ажиллагаа үлдсэн. Харин 60 гаруй төслийг хамрагдах боломжгүй гэж үзээд яамдууд хассан. 250 гаруй төсөл арга хэмжээ үлдсэнээс 111-д нь магадлал хийсэн байна" гэв
Төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа тухайн бүтээн байгуулалт нь гэрээнд заасан хугацаандаа зохих гүйцэтгэлээ хийсэн эсэхэд төсвийн ерөнхийлөн гүйцэтгэгчид хяналт тавьж байгаа гэлээ. Тэднээс ирүүлсэн саналыг үндэслэн барилгын хөгжлийн төв, магадлан хийх ажлын хэсэг тухайн төсөлд үнийн өсөлт хэрхэн нөлөөлснийг шалгаж тогтоосон гэлээ.