
Аливаа үндэстний соёл, уламжлал, ёс заншлын давтагдашгүй чанар хурим, оршуулгын ёс, зан үйлээр нь тодорхой илэрдэг. Нэг ёсондоо хуримлах, оршуулах зан үйл нь тухайн үндэстний амин чанарыг тээж байдаг. Тухайн үндэстэн уламжлалт ёс заншлаа хэр хэмжээнд хадгалан авч үлдсэн бэ, нөгөөтэйгүүр харийн соёлд хэр ууссан бэ гэдгийг хурим, оршуулгын ёслолоос нь бэлээхэн харж болно.
Ялангуяа орчин цагийн монголчуудын хурим найр хоёр, гурван шашины зан үйлийн нийлбэр, олон үндэстний хуримын ёслолуудыг нэгтгэсэн үхрийн бөөр шиг эрээвэр хураавар бүтэцтэй болсныг бид өөрсдөө ч анзаарахгүй найрлаж сууна. Өнөө цагт жинхэнэ монгол хуримын зах зухыг хөдөөд л харвал их юм болжээ. Монголын уламжлалт хурим, оршуулгын ёс хувьсан өөрчлөгдөхөд нэн тэргүүнд суурин иргэншлийн нөлөө гэхээсээ коммунист үзэл номлол, Орос соёлын давалгаа түлхүү нөлөөлсөн нь гарцаагүй.
Он удаан жилийн түүх, ёс заншилтай, дэлхийн сүүлчийн нүүдэлчин үндэстэн хэмээн бахархдаг бидний хуримын ёс, оршуулах зан үйл сүүлийн зуун жилд ихээхэн хувьсан өөрчлөгджээ.
Үр дүнд нь дээрх ёслолуудаас уламжлалт шашины элемэнт бүхий зан үйлүүдийг салгаснаар баруунжсан аястай боловч шашины тусгалгүй шинэ хурим, оршуулгын дэгийг бий болгосон байдаг. Филатова хатагтайн санаачлан байгуулсан Хуримын ордны загвар бүтэц орой дээрээ загалмайгүйгээс бусдаар Христийн сүм мэт. Шинэ гэр бүлийг адислаж, батлах номлогчийн оронд Хуримын ордны эрхлэгч байх жишээтэй. Түүнчлэн сүйт залуу хар хослол, сүйт бүсгүй цагаан даашинзаар гоёх болсон нь энэ үеэс эхтэй. Харин хуримын хүлээн авалт тэр чигтээ орос хэлбэртэй байсныг Соц нийгэмд хуримлаж, найр хуриманд уригдаж асан хэн бүхэн хэлэх биз... Нам төр, үзэл суртлын хараа хяналтаас эмээсэндээ тэр үү, хаа очиж хуучин нийгмийн үед элдэв чамирхал, хээнцэрлэлгүй “даруухан” ёслоод өнгөрдөг байсан нь хуримын дэгэнд эрээвэр хураавар элдэв ёслол наалдуулахгүй нэг “дархлаа” болж байж.
Харин орчин цагийн монгол хуримын ёслол, найр хүлээн авалтын дэг дарааллыг судлаад үзтэл маш сонирхолтой дүр зураг харагдаж байна. Гэрлэх ёслол, найр, хүлээн авалтыг “урлаг” болтол хөгжүүлсэн нэн шинэ үеийн монгол хуримд хоорондоо огт авцалдахгүй заншлуудыг монголчилж, эвцэлдүүлэн сүлж дөнгөжээ. Уламжлал-шинэчлэлийг хослуулах, дангааршил-даяаршилын алтан дундажийг баримтлахын сонгодог жишээг гагц монгол хуримаас харах буюу.
Гал бадраах ёслол & Лааны ёслол

Шинэ өрх айл гал голомтоо бадраасны бэлгэдэл болгон сүйт бүсгүй зууханд гал асаана. Бөө мөргөлийн гал тахих зан үйлээс улбаатай энэ ёслол ихээхэн монголжуу санагдана. Орчин цагт галын ёслолыг, хосууд ассан нэг лааг дундаа барьж зүрхэн хэлбэрт сууринд шигтгэсэн бүх лааг хамтдаа асааж дуусдаг Солонгосын Христ итгэлтнүүдээс гарвалтай “Лааны ёслол”-той хамтатган хийх болжээ.
Бэргэн & Хуримын гэрч
Хурим найр хийх Монгол ёсонд бэргэд гэж ихээхэн үүрэг бүхий улс байдаг. Худ, худгуйн талаас нэг нэг эмэгтэй уг хариуцлагатай албыг хашина. Харин орчин цагт бэргэдийн үүрэг нь бэлэг сэлтийг хямгадах, хосуудыг дагалдан хувцас хунарыг нь бэлтгэх зэрэг аж ахуйн үүргийг гүйцэтгэдэг хамгийн завгүй хүмүүс байдаг. Барууны орнуудын хуримын заншилд түгээмэл байдаг ижилхэн даашинзтай бүсгүйчүүл, ижил зангиагаар ижилссэн залуус бүхий хуримын гэрч нар сүүлийн үеийн хуримуудад түгээмэл харагдах болсон. Уул нь бол сүйт бүсгүйг муу ёрын сүнснээс хамгаалж төрүүлдүүлэх хамгаалалт болж ижилхэн хувцасладаг Христийн шашины эл ёсыг манайд бол хуриманд сүр жавхаа нэмэх, харагдах үзэмжээс нь хамаарч Христийн шашинтай, шашингүй хамаарахгүй байлцуулах болжээ. Ихэнх хуриманд бэргэн, гэрчүүд хоёул оролцдог.
Хэвийн боов, ууц & бялуу

Хурим найрын толгой ширээнд хэвийн боов, ууц шүүс хойморлон байх хэрнээ тусгай зассан ширээнд хэдэн давхар баярын бялуу байх нь элбэг. Ууц шүүсийг хүргэний талын нагац хөндөж, таллах бол сүйт залуус баярын бялууг хуваан Америк маягаар бие, биедээ халбагадан өгч, Орос маягаар үнсэлцэнэ.
Дээл & хослол, даашинз
Шинэ цагийн монгол хуримд хосууд европ хуримын хувцас, хос монгол дээлийн аль алинаар нь гангарна. Найр, хүлээн авалтын тэргүүн хэсэгт европ ёслолын хувцастайгаар улаан хивсэн дээгүүр алхлан зочдын алга ташилтан дор толгой ширээнээ залрах бол, найрын хоёрдугаар хэсгийг эхлүүлж хос дээл хувцастайгаар цагаан эсгийн дээр алхан орж ирнэ.
Сүүн ёслол & дарсны ёслол
Орос заншлаар хоёр талын эцгүүд ерөөлийн үг хэлж эхний хундагыг хоослох бол хурим найрын оргил хэсэгт хоёр талын ээж “сүүний ёслол” хэмээх уг нь бол Францаас гаралтай оргилуун дарсны ёслолыг монголчилсон, хамгийн дээд талын хундагыг сүүгээр дүүргэж улмаар бүх хундагыг дүүргэн ёроолын сүүтэй хундагыг хоёр хүүхэддээ барьдаг “шинэ ёс”-ыг үйлдэнэ.
Уртын дууч, морин хуурч & амьд хөгжмийн хамтлаг
Монгол найр хуримын заншлаа хүндэтгэж уртын сайхан дуу, морин хуурын татлагаар эхлүүлэх хэрнээ үргэлжлүүлэн нийтийн дуу, поп дуучин, “Хундаганы дуу” өргөн барих дуурийн дуучин, амьд хөгжмийн хамтлаг, эцэстээ хүлээн авалтыг электро хөгжмөөр хааж найр хуримын урлаг соёлын үйл ажиллагаа өндөрлөнө. Монгол найрын дэгэнд уг нь хуриман дээр дуулах дуу, эс дуулах дуу төдийгүй хурим найрыг эхлүүлэх, жаргаах дуу гэж бий.
Энэ мэтээр жишээ дурьдваас манайхны сүүл үеийн хуримлах ёсонд маш олон улс үндэстний хуримын ёслолууд бидний уламжлалт ёс заншилтай уусан нэгдэж буйг харж болно. Орчин цагийн хурим ингэтлээ интернационалжсаны шалтгаан нь сүүл үеийн залуусын шинийг сэдэх, бусдаас содон сайхан байх, барууны элдэв соёлд автамхай гэдгээр тодорхойлохоос илүүтэй, энэ нь бидний мөн чанарт оршин буй нүүдэлчин араншингийн илрэл гэмээр. Учир нь нүүдэлчидийн бусад улс үндэстний шинэ соргог, дэвшилтэт зүйлсийг өөрсөддөө наачихдаг.
Инновацийг хурдан хүлээж авдаг, сайжруулан хэрэгжүүлж чаддаг зан чанартай шууд холбоотой ажгуу.