
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх наадмын нээлтэд зориулан үг хэлэхдээ Чингис хааны хөргийг залах тухай зарлиг гаргаснаа дуулгасан. Уг зарлигт “Эдүгээгээс 860 жилийн тэртээ дэлхийн түүхийн мянганы суут хүмүүн Тэмүүжин мэндэлж, төрт ёс, түүх соёл, хууль цаазын дор монгол туургатныг нэгтгэн, өнө эртнээс уламжлалтай төрт улсаа сэргээн мандуулж, Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсыг байгуулан, Монголын Эзэнт гүрний сүр хүчийг тунхаглан, монгол үндэстний суу алдрыг бадраасан Эзэн Богд Чингис хаан болон өргөмжлөгдөж, дэлхий дахинд Монголын их амар амгаланг тогтоосон билээ.
Эзэн Богд Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх, эв эеийг бататгах үүднээс Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ болгох нь:
Нэг. Эзэн Богд Чингис хааны эш хөргийг монгол төр эрхэмлэн дээдэлж, Төрийн ордонд залсугай.
Хоёр. Төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллагууд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залсугай.
Гурав. Монгол хүн, айл өрх бүр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байхыг уриалсугай.
Дөрөв. Монгол хүн бүр Их Монгол Улсын гал голомтыг сахиж буйгаа гүнээ ухамсарлан, Эзэн Богд Чингис хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эе эеэ сахин бататгаж, улс орноо мандуулахад хувь нэмрээ оруулахыг уриалсугай” гэжээ.
Ийнхүү Ерөнхийлөгч зарлиг гаргасантай холбоотойгоор төрийн байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд Чингис хааны эш хөргийг залж эхэллээ. Энэ хэрээр Чингис хааны эш хөрөг зургийн эрэлт нэмэгдэж байгаа бололтой. Чингис хааны хөргийг А3-ийн хэмжээтэй зурах ханш 500 мянга төгрөг гэдгийг нэгэн зураач хэллээ.
Эш хөрөг гэдэг нь анхны буюу үндсэн хөрөг гэсэн үг юм. Чингис хааны бодит эш хөргийн хоёр л эх хувь байдаг гэдгийг Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн Дундад зууны судалгааны хэлтсийн эрдэм шинжилгээний тэргүүлэх зэргийн ажилтан, доктор, дэд профессор А.Пунсаг хэлсэн юм.
Тэрээр "Чингис хаан баруун Тангад улсыг дайлж яваад 1227 онд таалал төгссөн. Их хааныг таалал төгссөний дараа монголчууд уламжлалт ёс заншлаараа эх нутагт нь авчирч оршуулсан тухай Судрын чуулган, Юань улсын судар, Хятадын түүхэн сурвалжуудад тэмдэглэсэн байдаг. Чингис хааныг эх нутагт нь авчирч онголохдоо алтаар хөргийг нь бүтээж, дөрвөн их ордонд залсан тухай түүхэн сурвалжуудад бий. Чингис хааны тахилгын үндэс суурь үүнээс бий болсон. Тодруулбал, Хубилай хаан 1260 онд хаан суугаад өнөөгийн Өвөрмонголын Шилийн гол аймгийн Шанду голын хөвөөнд буюу Бээжинд нийслэлээ байгуулсан. Тэнд Бумбан толгой гэх газарт дээдсийн тахилгаа хийж байсан. Юань улс бүх Хятадыг эзэлсний дараа 1276 онд улсын нэрээ Их Юань болгон өөрчилж, нийслэлдээ Есүхэй баатар болон Чингис хааны тахилга бүхий найман орд байгуулжээ. Энэ үедээ тахилгын шүтээн хөрөг бүтээсэн тухай Юань улсын сударт тэмдэглэсэн байдаг. Монголын тухайн үеийн нэртэй зураачдыг цуглуулж шалгаруулаад Хори Хасун гэх хүнийг сонгож, Чингис хааны хөргийг тусгайлан зуруулсан гэдэг. Өвөрмонголын нэрт эрдэмтэн Сайшаалын судалгаагаар 1987 онд олны хүртээл болсон “Чингис хааны товчоон” гэсэн томоохон бүтээлд Чингис хааны эш хөргийн талаар тодорхой баримттай бичсэн. Үүнд бичсэнээр өдгөө БНХАУ-ын Түүхийн музейд байгаа Чингисийн хөрөг нь XIII зууны үеэс уламжлагдан ирснийг цаас, өнгө будаг, бэх зэргээр олон талаас судалж, баталсан талаар уг бүтээлд өгүүлсан байдаг. XIX зууны эхээр их бужигнаан болж Манж Чин улсын ноёрхлыг Монгол Улс түлхэн унагасан. Гэвч дараа нь 1920 онд Хятад манайхыг хэсэгтээ дарангуйлж, Гоминданы Засгийн газар гэгчийг байгуулан хоёр жил болсон. Энэ үед Гоминданы Засгийн газарт ажиллаж байсан генерал монгол язгууртнаас Чингисийн хөрөг бэлгэнд авсан байдаг. Үүнийгээ хүүхдэдээ захиж өвлүүлсэн гэдэг юм. Генералын үр хойчис болох Хэбэй мужид амьдардаг Чинь Хуан гэдэг хүн 1953 онд уг зургийг БНХАУ-ын Түүхийн музейд өгсөн. Бээжингийн Түүхийн музейд хадгалагдаж буй язгууртны эш хөрөг бол Хори Хасуны зурсан Чингис хааны жинхэнэ хөрөг гэдгийг Да.Баяр гуай “Монголын чулуун хөрөг” номдоо тодорхой бичсэн. БНХАУ-ын түүхийн музейд хадгалагдаж буй эш зургийн дээрх хувцас загвар, үс засалт хэв маяг нь археологийн баримтаар олдоод байгаа язгууртны хүн чулуутай тохирч байна гэж үзсэн.
Эрдэмтэд Чингис хааны эш хөрөг дэлхий дахинд хоёр байгааг тогтоосон. Чин улс Мин улсыг эзлэх үед Бээжингийн эртний эдлэл хадгалдаг газраас 500 гаруй хааны хөргийг шатаалгүй авч үлдсэн байдаг. Үүний дотор Чингис хааны бас нэг хөрөг байжээ. Энэ зураг өдгөө Тайваньд хадгалагдаж буй. Тэмгэт хэмээх харчин хүн 1925 онд Тайваньд байгаа уг хөргийн зургийг нь авч олшруулсан. Мөн 1926, 1927 онд дахин олшруулж хэвлэсэн гэдэг. Олшруулсан хувилбарын нэг, нэг хувь манай Үндэсний түүхийн музей, Төв номын санд бий. Бас Төрийн ордонд байдаг. Хувь хүмүүст ч бий байх. Тайвань, Хятад хоёр өөрт байгаагаа манайх анхны гэж маргадаг. Тайвань “Манайх Чин улсын үеэс уламжлагдаж ирсэн анхны хөрөг” гэдэг бол Хятадууд “Манай хөрөг хожуу олдсон боловч Ар Монголын язгууртнаас авсан жинхэнэ нь” гэдэг юм. Хоёр хөрөг хоорондоо их төстэй. Нөгөө талаар аль аль нь жинхэнэ хөрөг байх талтай. Тахилгад зориулж нэг зураад, үр хойчид нь үлдээхээр дахин нэгийг зурсан байх. Ямартай ч аль аль нь судлагдахуунаараа XIII зууны үед хамаарах нь батлагдсан. Юань улсын үед Чингисийн хөргийг зурах зарлиг буулгасан нь түүхэн сурвалжуудад тодорхой бий" гэсэн юм.
