УИХ-ын хаврын чуулган өчигдөр завсарлахаасаа өмнө Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг баталлаа. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баярсайхан "Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүргийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад ажилласан. Тэнд хүүхдийн эрх зөрчигдөж байгаад сэтгэл эмзэглэж байна. Хонхорт үйл ажиллагаа явуулж буй хорих анги хэзээ мөдгүй нурж унах гэж байгаа байранд үйл ажиллагаа явуулж байна. Алдаа гаргасан ч хариуцлагаа хүлээж буй хүүхдүүд ийм газарт хоригдож давхар шийтгүүлж байна. Хүмүүжиж буй хүүхдүүдийг ийм нөхцөлд байлгаж байгааг холбогдох сайд нар, албан тушаалтнууд анхааралдаа авч, газар дээр нь танилцах хэрэгтэй" гэсэн юм.