Ховд аймгийн Дарви суманд “Буман хонь-2022" өв соёлын эвент боллоо. Ховд аймгийн Соёл, урлагийн газраас угсаатан бүрийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих зорилтын хүрээнд сумдын соёлын төв, орон нутгийн удирдлагуудтай хамтран санаачлан зохион байгуулсан байна.
Наадмын үеэр шилдэг ѳвлѳн уламжлагч уртын дуучин Р.Бадамсүрэнгийн нэрэмжит уртын дууны наадам, "Цайны баяр" цайны соёлтой холбоотой зан үйл, бөхийн барилдаан зохион байгуулжээ.
Дарви сум 1976 болон 2011 онд "Буман хонины баяр" хийсэн түүхтэй
Дарви сум хонин сүргийн ѳлгий нутаг юм. Хоньчин, малчид, сумын үе үеийн хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаа, нѳр их хѳдѳлмѳрийн үр дүнд бий болсон Сутай үүлдрийн хонины ашиг шим, эдийн засгийн үр ѳгѳѳж асар их. Иймээс хоньчин баатруудын нэрэмжит "Мал маллах сайхан" ѳв соёлын танин мэдэхүйн уралдаан зохион байгуулжээ. Уралдаанд Булган багийн Б.Энхболд ахлагчтай "Гангар цагаан Сутай баг" тэргүүн байр эзэлсэн бол Дэлгэр багийн Г.Алтанцэцэг ахлагчтай баг, Булган багийн Б.Мѳнхбаатар ахлагчтай "Дѳрвѳн бэрх" баг удаах байрт тус тус шалгарсан байна.
Ховд аймгийн музейгээс "Нүүдлийн үзэсгэлэн" гаргаж, Тѳрийн соёрхолт хоньчин баатар С.Цогтгэрэлийн мал маллах арга ухааны талаар фото үзэсгэлэн, Дэлгэрийн хүрээнээс олдсон ховор үзмэр, Сутай хѳгжил нэгдлийн үеийн түүхэн фото зураг, арвай боловсруулах тээрэм, халх гоёл зүүсгэл гэх мэт ховор нандин үзмэрийн дээжийг дэлгэн сонирхуулсан байна. Мөн бүтээлч иргэдийн хийсэн эсгий урлал, сүү цагаан идээ, гурилан бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргахын зэрэгцээ хоггүй цэвэр аялахыг уриалж "Цэвэр буурь” байгаль хамгаалах нѳлѳѳллийн арга хэмжээг зохион байгуулжээ.

