
Бамбай хоншоорт могой ихэвчлэн Улаанбаатар хотын хаагуур илүүтэй тархаж байна?
-Нийслэлийн нутаг дэвсгэрт бамбай хоншоорт болон рашааны могой гэсэн хоёр төрөл зүйлийн могой тархаад байна. Бамбай хоншоорт могой нь хад асгатай газарт илүүтэй байдаг. Нийслэлд тархаж байгаа шалтгаан нь үерийн ус болон тээврийн хэрэгслээр дамжин орж ирж байх магадлалтай.
Бамбай хоншоорт могойд хатгуулсан тохиолдолд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?
-Могойд хатгуулсан тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай. Мөн могойны зургийг дарах хэрэгтэй. Учир нь ямар төрөл зүйлийн могой вэ гэдгээс шалтгаалан эмчилгээ нь өөр, өөр байдаг. Мөн иргэд зуслан, хөдөө гадаа явахдаа могой харсан тохиолдолд нэн даруй Нийслэлийн Байгаль Орчны Газарт 323780 утсанд дуудлага мэдээлэл өгөх хэрэгтэй.
Он гарснаас хойш бамбай хоншоорт могойд хатгуулсан дөрвөн тохиолдол эмнэлгийн байгуулагд бүртгэгдсэн байна. Энэхүү могой нь хэр аюултай вэ?
-Улаанбаатар хотын суурьшлын бүсэд бамбай хоншоорт могой илүүтэй тархсан байдаг. Бамбай хоншоорт могой нь рашааны могойг бодвол хоруу чанар өндөртэй. Хад асга, өндөр өвстэй газар байдаг. Могойд хатгуулсан тохиолдол яралтай эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй. Хэрэв эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй тохиолдолд үхэлд хүргэх аюултай.
Нийслэлийн нутаг дэвсгэрийн ямар дүүрэгт могой орж ирж байгаа дуудлага мэдээлэл ирж байна вэ. Энэ төрлийн дуудлага мэдээлэл хэр их ирдэг вэ?
-Сүүлчийн жилүүдэд Улаанбаатар хотод зэрлэг амьтад орж ирэх нь нэмэгдсэн. Нийслэлийн байгаль орчны газарт өнгөрсөн онд ирсэн дуудлага мэдээллийн 50 гаруй хувийг могой орж ирсэн тухай дуудлага мэдээлэл эзэлсэн. Могой суурьшлын бүс рүү орж ирсэнтэй холбоотой дуудлага ихэвчлэн Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт бүртгэгддэг. Энэ жилийн тухайд манай албанд могой харсан гэх таван дуудлага бүртгэгдээд байна.
Хортой болон хоргүй могойг хэрхэн ялгах вэ?
-Иргэд хортой, хоргүй могой гэдгийг нь шууд ялгах боломжгүй. Мэргэжлийн хүмүүс хүүхэн харааг нь харж, хортой могой эсэхийг нь тогтоодог.
Могой харсан тохиолдолд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ. Могойд хатгуулахгүй байх зөвлөмж?
-Мэргэжлийн байгууллагуудаас гаргасан зөвлөмж бий. Тухайлбал, могойг харсан тохиолдолд хөдөлгөөнгүй зогсох, яаралтай мэргэжлийн байгууллага дуудах зэрэг зөвлөмж байдаг.