Алтекс дижитал биржийн гүйцэтгэх захирал Ц.Энхжавхлантай крипто зах зээлийн цаашдын төлөв, монголчуудын энэ салбарт итгэх итгэл, хандлагын талаар ярилцлаа.
Та эхлээд өөрийгөө болон биржээ танилцуулахгүй юу?
Би Нью Иорк хотод зөвлөх үйлчилгээний “McKinsey &Company”-д таван жил ажилласан. Энэ хугацаанд санхүүгийн байгууллагуудад технологийн суурьтай стратегийн зөвлөгөө өгдөг байсан. Тухайлбал, Fortune 500 компаниудтай хамтран дижитал болон санхүүгийн шинэлэг шийдэл, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, AI болон Machine Learning-ийн төслүүдийг удирдан ажиллаж байсан. Алтекс дижитал биржийн тухайд 2022 оны нэгдүгээр сарын 24-нд нээлтээ хийсэн. Үйл ажиллагаагаа эхлүүлээд дөрвөн сар орчим болж байна.
Крипто зах зээл, койн гээд одоо ид шуурч байна. Биржүүд байгуулагдаж, олон койн шил шилээ даран гарлаа. Танайх бусад биржээс юугаараа ялгаатай вэ?
Аливаа биржид тоглогчид байх хэрэгтэй. Энэ нь зөвхөн иргэд гэхээсээ илүү санхүүгийн тоглогчид байдаг. Манай бирж олон улсын нэгдсэн хөрвөх сантай гэдгээрээ онцлог. Өнөөдөр та койн худалдаж авах эсвэл зарах ажиллагаанд оролцлоо гэхэд цаана нь таны койныг захиалга өгсөн үнээр чинь авахад бэлэн Зүүн өмнөд Азийн 300-400 санхүүгийн байгууллага байгаа. Энэ нь арилжаа идэвхтэй цааш үргэлжлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн ямар нэгэн шок эрсдэл гарахад хурдан зарах боломжийг нээж өгөх давуу талтай. Харин технологи талаасаа Сингапур, Хонгконгийн компаниудтай хамтран ажиллаж байна. Бид Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан журамд нийцүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа. Криптогийн хөгжил хувь хүмүүсээр эхэлдэг. Яваандаа том тоглогчид болох байгууллагууд орж ирдэг. Манайх хувь хүн болон байгууллагад зориулсан үйлчилгээтэй. Харилцагчийн бүртгэлээсээ авахуулаад арилжаа хийхдээ ч байгууллагуудаа дэмжиж ажиллах боломжтой. Иргэн өдөрт нэг сая төгрөгөөр арилжаа хийдэг бол байгууллагууд үүнээс 100 дахин их дүнгээр арилжаа хийдэг. Тэр болгондоо иргэнтэй адилхан өндөр шимтгэл төлөөд байх боломжгүй. Үүнд зориулсан үйлчилгээ бий. Үйл ажиллагаа хариуцсан баг маань дотооддоо, харин технологийн зөвлөхүүд маань гадных. Мөн бизнес бүтээгдэхүүн хөгжүүлэлт талдаа олон улсын тэргүүлэх компаниуд буюу Facebook, Google гэх мэт компаниудын мэргэжилтнүүд бидэнтэй хамтран ажиллаж байна.
Олон улсад болон манай улсад криптогийн хөгжил, цаашдын чиг хандлага ямар байна вэ?
Орос, Украины дайн АНУ-ын инфляцын түвшин зэргээс хамаараад эдийн засаг савлагаатай байна. Үндсэн индикаторууд бүгд уналттай байгаа. Крипто үнэ үүнтэй хамааралд байдаг учраас тодорхой савлагаанд ордог. Сая Terra Luna гээд нэлээд том блокчейнүүдийн уналт болж хүмүүс мөнгөө алдлаа. Итгэлцлийн асуудал том асуудал боллоо. Мөнгөө бид цаасаар болон банканд хадгалсан нь койноос эрсдэл багатай байна гэдгийг харууллаа. Монгол улсад өнгөрсөн жил дөрвөн бирж байсан. Харин жилийн сүүлээр тоог нь бүртгэхэд хэцүү болсон. Гарсан гараагүй маш олон бирж, койнууд болчихсон.
Танай бирж койн листлэхдээ юуг нь анхаарах юм бэ?
Манай бирж одоогийн байдлаар нэг ч монгол койн листлээгүй байгаа. Энэ нь шалтгаантай. Монголын зах зээл жижигхэн. Ард талын төсөл нь олон улсыг хамраагүй бол тодорхой ханалтын цэг байгаа. Одоо үнэ дандаа унаж байна. Ийм асуудал гараад ирэхээр сайн төслүүд л шалгарч үлддэг. Одоо 20, 30 койноос бизнесийн суурь зарчмууд нь зөв бүтэцтэй койнууд л амьд гарах боломжтой. Монголын койнуудаас яг энэ койн үлдэнэ гэхэд маш эргэлзээтэй. Бид ажиглаж л байгаа. Олон улсад яг адилхан үйл явц болж байна. Хүмүүс суурь зарчимд нь анхаарч байна. Манай дээр листлэгдсэн бол олон улсын хөрвөх сантай байх ёстой. Монгол койнуудаа өөрсдийнхөө бирж дээр листлэх боломжтой байсан. Тэгсэн бол арилжаа зогсох байсан. Бид харин олон улсад өрсөлдөхүйц койныг листлье гэж байгаа. Төсөл нь сонирхолтой, ард талын компанийх нь бүтэц удирдлага сайтай байх хэрэгтэй. Суурь судалгаанууд явагддаг. Хэсэгхэн хугацаанд гараад эргээд луйвар болоод дуусах койнууд эргээд манай нэр хүндэд сөрөг нөлөөтэй.
Хүмүүс олноороо койнд шуурч хохирох эрсдэл бий болсон учраас Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг УИХ-аас 12 дугаар сард баталсан. Энэ хуулиар биржүүдэд хэд хэдэн шалгуур тавьж байгаа шүү дээ
Харилцагчийн бүртгэл, мөнгө угаах, терроризмтай тэмцэх тал дээр маш том шалгуурууд гарч ирж байгаа. Нэг дижитал хэтэвчээс өөр нэг дижитал хэтэвч рүү шилжүүлэг хийхэд харилцагчийн нарийвчилсан мэдээллийг ФАТФ-аас шаарддаг болж байгаа. Одоогийн байдлаар Монголын ихэнх биржүүд тухайн шаардлагад нийцэхэд бэлэн биш байна. Манай бирж олон улсынх гэдэг утгаараа энэ жилийн гуравдугаар улирал гэхэд үүнд нийцчих байх. Түүнчлэн олон улсын туршлагыг баримталсан журмууд баримталж байна. Крипто буюу дижитал хөрөнгийг хөрөнгө оруулалт гэж үзэх юм уу, дижитал мөнгө гэж үзэх юм уу, эсвэл бараа гэж үзэх юм уу гэдэг асуудал эргэлзээтэй байна. Олон улсдаа ч шийдэгдээгүй асуудлууд яригдаж л байна.
Койн гээд хүн бүр шуурлаа. Маш их мөнгөө орууллаа. Тэгээд ханш унаж хүмүүсийн итгэл алдарч эхэлж байна. Энэ үед итгэлийг хэрхэн сэргээх юм бэ?
Саяны шуурганд хөрөнгө оруулалтын мэдлэгтэй, мөнгөтэй хүмүүс оролцоогүй гэж би харж байгаа. Эсрэгээрээ богино хугацаанд өндөр үр дүн хүссэн хэсэг бүлэг хүмүүс орсон. Үнэ унасан. Үүнтэй холбоотойгоор итгэлцлийн асуудал яригдаж байна. Хүмүүст хөрөнгө оруулалтын мэдээлэл маш бага байна. Энэ нь эдийн засгийн түвшин, ядуурлын түвшинтэй холбоотой. Яг үнэндээ би энд хөрөнгөө ингэж байршуулдаг юм гээд яриад байдаг гэтэл мөнгө байхгүй бол мянга яриад нэмэргүй. Тэгэхээр хуримтлал, зарцуулалт, хадгаламж гэх мэт суурь алхамуудыг мэддэг байх нь чухал. Бид бол хувьцаагаа сайн арилжиж сураагүй байж шууд койн руу үсэрчихсэн ард түмэн. Яагаад ингэж байна вэ гэхээр хувьцаа авах нь койн авахаас ажиллагаа ихтэй. Койн авахад хүссэн биржийнхээ аппликейшныг утсандаа суулгаад бүртгүүлээд л шууд авах боломжтой. Нэг талаасаа санхүүгийн боломжуудыг нээж өгч байгаа ч эрсдэлтэй. Итгэлцлийн асуудал жижиг тоглогчид болон ихэнх биржүүдийг байхгүй болгоно гэж харж байна. Манай жижиг зах зээлд 15, 20 бирж хэрэггүй. Тэгэхээр шалгарсан хэдхэн бирж үлдэнэ. Өрсөлдөөн болон гарч байгаа журмуудаас болоод койнууд ч мөн шигшигдэнэ. Түүнчлэн Монгол биржүүдийн койны нөөцийн асуудал бий. Томоохон биржүүд сүүлийн хэдэн сард олон улсаас койн худалдаж авдаг болсон. Энэ нь биржид итгэх итгэлийг унагааж байна. Уг нь бол бирж өөрийн гэсэн койны сантай, нөөцтэй байх учиртай. Зарим биржүүд зарлагад хязгаар тавьчихсан байх нь ч бий. Энэ бол хүний хөрөнгийг түгжиж байгаа явдал. Хөрвөх чадвар багасангуут итгэх итгэл буурна. Койнуудад, бүр биржүүдэд ч хөрвөх чадвар алга. Тэгэхээр хэн мөнгөө ингэж түгжихийг хүсэх юм бэ. Иргэдийн койны боловсрол гэхээсээ илүү хөрөнгө оруулалт, санхүүгийн боловсролд анхаарах хэрэгтэй. Энэ бол сахилга батын асуудал. Зээл аваад койн руу орох бол бас тэнэг асуудал байхгүй юу. Алдагдлаа хоёр үржүүлж байна.
Миний харж байгаагаар блокчейн гэдэг төвлөрсөн бус бүртгэлийн систем, технологи маань цар хүрээгээ авчихсан. Хэрэгжих нь ойлгомжтой байна. Олон улсад банкууд олон янзын байдлаар криптод орсон байна. Энэ мэтээр их хол явах байх. Манайх есдүгээр сарын 9-10-нд Монголдоо анх удаа томоохон технологийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Та энэхүү арга хэмжээнийхээ талаар дэлгэрүүлээч.
Энэ арга хэмжээнд Google, Amazon, Facebook, Apple гэх мэт Цахиурын Хөндийн технологийн компаниуд болон Зүүн өмнөд Азийн хөгжиж буй финтек компаниудын төлөөллүүдийг урьж оролцуулахаар төлөвлөж байгаа. Бид дэлхийн технологийн тэргүүлэгч компаниудыг нэгэн дор цуглуулж, эдгээр компаниуд ирээдүй хаашаа чиглэж, алсын хараагаа тодорхойлж, юуг хамгийн том саад бэрхшээлээ гэж үзэж байгаа талаар сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Мөн манай арга хэмжээнд оролцсоноор ирэх 3-5 жилийн хугацаанд дэлхийн технологийн хөгжил хаашаа чиглэж байгаа, салбарт өрсөлдөх чадвараа хадгалахын тулд компаниуд болон хувь хүмүүс юуг анхаарах хэрэгтэй талаар тодорхой ойлголттой болох юм.