Манай улсад нийт хэдэн ахмад байна вэ?

Монгол Улсад ахмад настан гэдэг нэр томьёо маргаантай байдаг. “Ахмад настны тухай хуулийн 3.1-д 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэйг ахмад гэж үздэг бол 2020 оны тооллогоор 328861 байгаа нь нийт хүн амын 9.8 хувийг эзэлж байна. Дэлхий дахинаа ахмад настан гэж 65 ба түүнээс дээш насыг авч үздэг бөгөөд энэ тооцооллоор бол 4.3 хувь байна.

Дэлхий даяар ахмад настнуудын тоо өсөн нэмэгдэж байна. Манай улсын хувьд ахмад настны өсөлтийг хэрхэн тооцоолсон бэ?

2020 оны байдлаар манай оронд 20 хүн тутмын 1 нь ахмад настан байна. Гэвч 50 жилийн дараа таван хүн тутмын нэг нь ахмад болох тооцоолол гарсан байна. Хүн амын дунд 65 ба түүнээс дээш насныхны эзлэх хувь долоогоос их бол тухайн хүн амыг хөгширч буй, 14-өөс их бол хөгшин улс гэж үздэг.

Насжилт нэмэгдэж буй энэ асуудал манай улсад төдийгүй дэлхий дахинаа тулгарч байгаа асуудал юм. Анагаах ухааны салбарын оношилгоо эмчилгээний хөгжил сайжирч, эмчилгээний мэдрэмтгий байдал нарийсч, эмчилгээний арга аргачлал боловсронгуй болж, хүмүүс эрүүл амьдралын хэв маягийг сахиж, өвчинг эрт илрүүлэн, урьдчилан сэргийлэх мэдлэг боловсрол сайжирч байгаатай холбоотойгоор хүний  дундаж наслалт ихэсж байна.

Иймээс өсөн нэмэгдэж буй ахмад настнуудад зориулан нийгмийг ээлтэй, таатай, тохитой байдлаар засаж, олон нийтийн ахмад настны талаарх ойлголт үзлийг засах хэрэгтэй.

Ахмад настан гэж халамж хүртсэн хэрэгцээгүй хүмүүс гэсэн нийтлэг ойлголтоос ангид ахмад настан оролцоотой, бүтээлч ажиллах хүч, нийгмийг хөдөлгөх хүч гэсэн ойлголтыг нийгэмд үүсгэж, нийгэмд тэгш оролцоотой өтлөх боломжоор хангах хэрэгцээ улс орон бүрийн өмнө урган гарч байна.

2020 оны наймдугаар сард Дэлхийн эрүүл мэндийн чуулганаас 2020-2030 оныг “Насжилтын арван жил” болгон зарласнаараа ахмад настнууд илүү идэвхтэй, эрүүл амьдруулахын тулд насжилтын талаарх хүн амын ойлголтыг өөрчилж, нийгмийн амьдралд оролцоход тулгарч буй бэрхшээл саадыг арилган, ахмад настанд ээлтэй орчинг бүрдүүлэх зэргээр нийгмийн оролцоог хөхүүлэн дэмжихийг уриалж байна.

Танай төвөөс “Ахмад настны ээлтэй орчны судалгааг хийсэн байна. Судалгааны үр дүнгээс танилцуулахгүй юу. Судалгаа хэдий хэр хугацаанд үргэлжилж, хэдэн ахмадыг хамруулсан бэ?

Геронтологийн үндэсний төвийн хувьд 2005 онд монгол хүний насжилт, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг судалж, өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ахмад настанд үзүүлэх  эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

2022 онд “Настанд ээлтэй орчин” Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас боловсруулан гаргасан  удирдамжийн дагуу нийслэлийн төвийн 6 дүүргийн ахмад настнуудын ээлтэй орчин хэрхэн бүрэлдсэн талаарх суурь судалгааг хийж үзлээ.  Ахмад настанд ээлтэй орчин гэдэгт ахмад настны амьдарч буй гэр орон, олон нийт, нийгэм зэрэг хувь хүний амьдралын нөхцөлийг тодорхойлж буй гадаад ертөнцийн бүхий л хүчин зүйлс болох гараар бүтсэн орчин, хүмүүс тэдгээрийн хоорондын харилцаа, хандлага, үнэт зүйлс, эрүүл мэнд, нийгмийн бодлого, тогтолцоо, үйлчилгээг хамруулсан өргөн ойлголт байдаг.

Ахмад настанд ээлтэй орчны үнэлгээгээр гадаад орчин, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, нийгмийн оролцоо, хүндлэл, нийгмийн үл ялгаварлал, иргэний оролцоо, ажил эрхлэлт, харилцаа холбоо, мэдээлэл, олон нийтийн дэмжлэг, эрүүл мэнд гэсэн долоон үзүүлэлтээр судалж үзсэн.

Харамсалтай нь манай судалгаагаар ахмад настанд ээлтэй орчин бүрдээгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Гадна орчны аюулгүй байдал, барилга байгууламжид 70 хувь нь сэтгэл ханамж дунд, муу, нийт настнуудын 80 гаруй хувь нь байнга ашигладаг нийтийн тээврийн үйлчилгээний ахмад настанд ээлтэй таатай байдалд тал хувь нь дунджаас доош сэтгэл ханамжтай байсан.

Ахмад  настны нийгмийн оролцоог судлаад үзэхэд хоёр настан тутмын нэг нь нийгмийн идэвхтэй оролцоо байхгүй байна. Ахмад настнуудад зориулсан, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээ цөөхөн зохион байгуулагддаг. Нийгмийн оролцоог хангахад ахмад настнуудын өөрсдийн санаачлага, гэр бүлийн гишүүдийн дэмжлэг муу байна гэж судалгааны үр дүнгээр гарсан.

Ахмад настанд үзүүлсэн нийгмийн хүндлэлд мөн ахмад настан судалгаанд хамрагдсан хүмүүсийн тал хувь нь сэтгэл ханамжгүй байна. Настнуудын ялгаварлан гадуурхалтад өртсөн байдалд үнэлгээ хийгээд үзэхэд судалгаанд оролцсон таван ахмад тутмын нэг нь өөр дээрээ насаар ялгаварлах үзлийг мэдэрсэн гэж хариулсан байна.

Ажил эрхлэх сонирхол 33 хувьд байдаг байна. Ахмад настнууд гэр бүлдээ ач зээгээ асрах, халамжлах ажлыг ихэвчлэн хийж байна. Харилцаа холбоо мэдээ мэдээллийн байдлыг судлаад үзэхэд 90 хувь нь олон нийтийн телевизээс, 33 хувь нь цахим сүлжээнээс, 25 хувь нь сонин хэвлэлээс, 20 хүрэхгүй хувь нь гэр бүлийнхнээсээ мэдээ мэдээлэл авдаг гэж үнэлсэн байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түгээмэл авдаг өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээндээ 52 хувь нь сэтгэл ханамж сайн гэж үнэлсэн байна.

Ахмадууд сэтгэл зүйн ямар эмгэгт хамгийн өртөмтгий байна вэ?

Нийгмийн идэвхтэй оролцоо багатай, тэтгэвэрт суусан ахмад настнуудын хувьд хамт олон, найз нөхдийн хүрээ хязгаарлагдаж идэвхтэй харилцдаг хүмүүсийн тоо цөөрснөөр ганцаардал, сэтгэл гутралд өртөх нь илүүтэй их тохиолдож байна. Эрүүл мэндийн байдал дорой, чадвар чадамжийн алдагдал ихтэй настнуудын хувьд сэтгэл түгшилт, стрессийн гаралтай өвчинд өртөх магадлал сэтгэлзүйн талаас их байна. Хэдийгээр судалгаа нь бүрэн гараагүй ч гэсэн настны танин мэдэхүйн сулрал, тэнэгрэл нэлээдгүй тохиолдож байна.

Ахмадууд нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоход хамгийн их тулгарч буй бэрхшээл юу байна вэ?

Настанд ээлтэй гадаад орчин бүрдээгүй байгаа байдал нь ахмад настанг ганцаараа гарч явж байгаад унаж бэртэх, осолд өртөх вий гэсэн айдас нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоход хамгийн том хүлээс болж байна. Ахмад настнуудад зориулсан ямар арга хэмжээ, хаана зохион байгуулагдаж байгаа мэдээлэл хомс, зохион байгуулагдаж буй үйл ажиллагаа тогтмолжоогүй. Ахмадуудад зориулсан өрөө, танхим байдаг боловч тогтвортой санхүүжилт байхгүйн улмаас зохион байгуулалттай нэгдмэл үйл ажиллагаа явагдаж хэвшээгүй байдал судалгааны үр дүнгээс гарч ирсэн. Нөгөө талаас ахмад настанг нийгмийн идэвхтэй оролцоог хангахад гэр бүл нь хөхүүлэн дэмждэггүй, настан өөрөө идэвх санаачлага дутагдмал байдал түгээмэл байлаа.

Ахмадуудад хандах хандлагын хувьд хамгийн сөрөг, нийтлэг хандлага юу байна вэ?

Олон нийтийн сүлжээгээр насаар ялгаварлан гадуурхах үзэл нилээн түгээмэл болсон байна. 40-өөс дээш насны хүн ажилд авахгүй, 70,80 оны ахмад настнууд гээд үе хоорондын зөрчилдөөн үүсгээд байгаа байдал нийтлэг байна. Олон нийтийн үйл ажиллагаа үзвэр, хошин урлагт хүртэл ахмад настай хүмүүсийг будлиу, дорой мэтээр үзүүлж харуулан байгаад настны эмчийн зүгээс эмзэглэдэг юм.

Хэн ч өнөөдөр дорой өтлөе гэж бодохгүй. Цоглог, дэгжин чадвартай, үүрэг оролцоотой, нэр хүндтэй өтлөхийг хүсдэг. Ийм л учраас ахмад настныг ойлгох нийгмийн ойлголтоос эхэлж насжилтанд бэлдэх хэрэгтэй байна. Өнөөдрөөс, яг одооноос л ахмад настны талаарх нийгмийн сөрөг бодлыг өөрчлөх хэрэгтэй. Ингэж байж гэмтээнэ настанд ээлтэй таатай орчин бүрдэх анхны алхам зөв тавигдах юм.

Нийгмийн болон хүрээлэн буй орчны настанд ээлгүй байгаа байдлаас хамгийн түрүүнд юуг засч сайжруулах боломжтой вэ?

Гадаад орчны ээлгүй таагүй байдлаас хамгийн түрүүнд салхилаад тухлаад суух сандал суудалтай байх, ногоон байгууламж сайн байх хэрэгцээ байна. Гадна гудамж талбай явган замын хавтан хальтрамхай гулгамхай бус, эвдэрч гэмтээгүй байх хэрэгтэй.

Авто зам дээр явган зорчигч чөлөөтэй зорчих гүүрэн болон нүхэн гарц байх, тэдгээр гарцанд тэргэнцэртэй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зорчих лифт, налуу замтай байлгахаар тооцоолон гарц гүүрний тоог нэмэгдүүлэх хэрэгтэй байна.

Гэрлэн дохиотой уулзварууд дээр хөгжлийн бэрхшээлтэй, тулгуур хөдөлгөөний эрхтэн тогтолцооны өвчтэй ахмад настнууд зам хөндлөн гараад дуусах хэмжээнд урт хугацаанд ногоон гэрэл асдаг байх зэрэг наад захын гадна орчны тохижилтууд хэрэгцээтэй байна.

Мөн нийтийн ариун цэврийн газар хүрэлцээтэй байх, ахмад настанд үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой байлгамаар байна. Өнөөдөр ахмад настан зонхилон үйлчлүүлдэг байгууллагуудаас эмнэлгээс бусдад нь нийтийн ариун цэврийн өрөө байхгүй байна. Нэг ч банк ариун цэврийн өрөөндөө ахмад настангуудыг бие засуулдаггүй. Худалдаа үйлчилгээний төвүүдэд ариун цэврийн өрөөнүүд байдаг боловч үнэ өртөгтэй байдаг зэрэг нь наад захын ээлтэй орчны үнэлгээг хангахгүй болж байгаа юм. Сүүлийн үед CU сүлжээ дэлгүүрүүд шиг банк, төрийн үйлчилгээний байгууллагууд бие засах газраа нийтэд нээлттэй болгох хэрэгтэй.

Ахмадын эрүүл мэндийг дэмжихийн тулд эрүүл мэндийн тогтолцоонд ямар өөрчлөлт шинэчлэлийг хийх ёстой гэж анзаарагдсан бэ?

ДЭМБ-аас ахмад настан амьдран байгаа орчноосоо эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг цогцоор нь авах талаар заасан байдаг. Ийм ч учраас эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг өрх, сумын эрүүл мэндийн төв дээр ахмад настны чиглэлээр тодорхой сургагдсан эмч мэргэжилтнүүд ажиллах нь зүйтэй гэж боддог.

Настны төрөлжсөн мэргэжлийн эмчийг дүүргийн эрүүл мэндийн төвд байршуулж тогтвор суурьшилтай ажиллахад нь дэмжих хэрэгтэй. Доройтол бүхий ахмад настныг авч үйл ажиллагааны чадвар чадамжийн алдагдлын түвшинг тогтоож сэргээн засдаг Геронтологийн үндэсний төвийн шинэ эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулан тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх нь амьдралын чанартай урт наслах бололцоог хангах үндэс юм.

Өнөөдөр доройтолтой, олон хавсарсан архаг хууч өвчтэй, тэнэгрэлтэй, сэтгэцийн эмгэгтэй өндөр настай хүмүүсийг авч хэвтүүлэн эмчлэх газар байхгүй. Дүүргийн болоод бусад төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг насны доройтол гээд авах тун дургүй байдаг. Ийм учраас урт хугацааны тусламж үйлчилгээ хөгжөөгүй манай орны хувьд цэвэр ар гэрийн нуруун дээр асран халамжлалын асуудал үүрэгддэг. Гэртээ эцэг эхээ асарч байгаа хүмүүс асаргааны наад захын мэдлэг дутуугаас болоод асаргааны хүндрэлүүд түгээмэл тохиолддог. 2021 оны байдлаар нийгмийн халамжийн сангаас өндөр настны доройтлын улмаас тэтгэмж авч буй ахмад настнууд 4610 хүн байдаг гэсэн тооцоолол Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын судалгаанд байдаг. Цаашид энэ тоо огцом нэмэгдэх үеэс хэн эцэг эхээ асрах вэ, хэн ажил эрхэлж баялаг бүтээж нийгмээ хөгжүүлэх вэ гэдэг асуудал тулгарна. Иймээс одооноос урт хугацааны асаргааны даатгалын тогтолцоог үе шаттай нэвтрүүлж, ахмад настанд зориулсан мэргэшсэн боловсрон хүчнээр хангагдсан урт хугацааны асаргааны төвүүдийг байгуулах нь зөв зүйтэй юм.