
Энэ жилийн ХОМ-ийн жагсаалтыг УИХ-ын 76 гишүүнээс зургаан гишүүн тэрбум, тэрбумаар өнгөлөөд буй. Тэд 1-5 тэрбумын жилийн орлоготой гэж мэдүүлсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Батхүү 5.7 тэрбум, Ж.Энхбаяр 4.2 тэрбум С.Бямбацогт 4.1 тэрбум, Сү.Батболд 2.9 тэрбум, М.Зоригт 1.5 тэрбум, Б.Чойжилсүрэн 1.3 тэрбум, Д.Зоригт 1.3 тэрбум төгрөгийн орлоготой аж.
Тэгвэл тэдний жилийн орлогоос илүүтэй хадгаламждаа хэдэн төгрөг байршуулдаг олны анхаарал татдаг. УИХ-ын гишүүдийг Б.Наранхүү гишүүн 21 тэрбумын хадгаламжтайгаар тэргүүлжээ. Харин тэрээр жилийн орлогоо 27 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.
Б.Наранхүү гишүүн 21 тэрбумын хадгаламжтайгаар тэргүүлжээ. Харин тэрээр жилийн орлогоо 27 сая төгрөг гэж мэдүүлсэн
Хамгийн бага хадгаламжтай буюу хачирхалтай тоог УИХ-ын гишүүн Х.Баттулга мэдүүлжээ. Тэрээр хадгаламжиндаа 10 мянган төгрөгтэй хэмээн бөглөсөн байгааг ХОМ-ээс харж болно. Түүнээс гадна УИХ-ын гишүүн Л.Цог, С.Дэмбэрэл огт хадгаламж эзэмшдэггүй аж. Мөн Шадар сайд Ц.Оюунбаатар 424 сая, Ё.Отгонбаяр 523 сая төгрөгийн хадгаламж эзэмшдэг нь бусад гишүүдтэй харьцуулахад харьцангүй бага үзүүлэлт юм. Учир нь гишүүдийн ихэнх нь 10 саяас нэг тэрбум хүртэлх төгрөгийн хадгаламжтай байв.
Гишүүдийн ихэнх нь 10 саяас нэг тэрбум хүртэлх төгрөгийн хадгаламжтай байв.
Харин төрийн гурван өндөрлөгийн хувьд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хадгаламж өмнөх жилийнхээс хоёр дахин өссөн дүнтэй гарчээ. Тэрээр 2014 онд 25 сая 395 мянган төгрөгийн хадгаламжтай байсан бол 2015 онд 57 сая 454 мянган төгрөг болж өссөн байгаа юм.
Мөн УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарын хадгаламж нэлээд өсчээ. Тодруулбал, УИХ-ын даргын банкин дахь хадгаламжийн хэмжээ 22 сая 852 мянган төгрөг байснаа 34 сая 498 мянга болж нэмэгдсэн байна. Харин Ерөнхий сайдынх 2015 онд 166 сая төгрөг болж, 45 саяар өсчээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 2014 онд Ч.Сайханбилэг 121 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлсэн байдаг.
Түүнчлэн хадгаламжаас гадна тэдний жилийн орлого ч дагаж нэмэгдсэн нь ХОМ-ээс харагдаж байна. Тухайлбал, Ч.Сайхабилэг 2014 онд гишүүн байхдаа 21 сая 641 мянган төгрөгийн орлоготой гэж мэдүүлж байсан бол 2015 онд Ерөнхий сайд болсноосоо хойших орлого нь 33 сая 401 мянган төгрөг болж, 12 саяар өсчээ.
Р.Гончигдорж гишүүний хадгаламж нь 70 сая төгрөгөөр багассан байна.
Энэ жил гишүүдээс хамгийн их алдагдалтай ажилласан нь УИХ-ын гишүүн Р.Гончигдорж бололтой. 2015 оны ХОМ-ээс харахад түүний жилийн орлого болон хадгаламж нь огцом буурчээ. Өөрийнх нь орлого жилийн хугацаанд дөнгөж хоёр сая төгрөгөөр нэмэгдэж, 35 сая 151 мянган төгрөг болсон бол хадгаламж нь 70 сая төгрөгөөр багассан байна. Өнгөрсөн 2014 онд 235 сая төгрөгийг банкинд хадгалуулсан гэж мэдүүлсэн тэрээр 2015 онд 166 орчим сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ.