“Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл”-ийг УИХ-д өргөн барьсан. Уг хуулийн төслийг баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ. Хуулийн төслийн талаар Сангийн яамны төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга асан, БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндоржтой ярилцлаа.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийг улс орон бүр дэд бүтэц, төрийн үйлчилгээг хөгжүүлэх бодлогын арга хэрэгсэл болгон ашигладаг. Олон нийтийн ашиг сонирхлыг хангасан, ил тод нээлттэй байдлыг хэрэгжүүлсэн, хувийн хэвшлийн оролцоог хангасан, тогтвортой, тэгш хүртээмжтэй хөгжил, эдийн засгийн өсөлтийг бий болгоход шударга, тогтвортой, нээлттэй эрх зүйн орчин маш чухал байдаг. Энэ зорилт, зарчмыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл чухал үүрэгтэй. Ерөнхий сайдын захирамжаар 2021 онд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг Сангийн сайдаар ахлуулан байгуулж, Сангийн яамнаас энэ хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барьсан. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл бол төрийн санхүүжилт, төсвийг зарцуулахтай холбоотой хуулийн төсөл биш харин сайн төслүүдийг бэлтгэж, хувийн хэвшилд санал болгох, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, хувийн хэвшлийн оролцоог салбаруудад нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн чадавх, нөөц бололцоонд тулгуурлан төслүүдийг урт хугацаанд үр ашигтай, тогтвортой, эрсдэл багатай хэрэгжүүлэхийг зорьж байгаа хуулийн төсөл юм. Бусад улс оронд эрчим хүч, зам тээвэр, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд, хог хаягдал, хотын тээвэр, усан хангамж, тохижилт, гэрэлтүүлэг гээд олон чиглэлд төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж байгаа туршлагууд маш их байна. Манай улсын хувьд ч тэр өсөн нэмэгдэж буй нийгмийн хэрэгцээ, шаардлага болон хөгжлийн томоохон зорилтуудыг дан ганц төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл тусламжийн эх үүсвэрээр хэрэгжүүлээд бүрэн хангах боломжгүй. Тиймээс бид хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, оролцоонд тулгуурлан нийтийн зориулалттай дэд бүтэц болон төрийн үйлчилгээний төслүүдийг урт хугацаанд түншилж хэрэгжүүлэх зайлшгүй хэрэгцээ, шаардлага үүссэн, энэ зорилтыг хэрэгжүүлэхэд хуулийн төсөл бүхэлдээ чиглэж байгаа юм. Бид олон жишээг харьцуулж хэлж болох юм, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн сургууль, цэцэрлэг, театр, спорт цогцолбор, авто зам гэх мэт төслүүд олон жил хэрэгждэг, ашиглалтад орсныхоо дараа чанарын асуудал хангалтгүй байдаг, төсөвт өртөг нэмэгддэг гэх мэт асуудлуудыг байнга дагуулдаг төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой эрсдэлийг дандаа төр хариуцдаг. Хувийн хэвшлийн гүйцэтгэсэн олон төслийг бид мэднэ, чанартай, зардал багатай, богино хугацаанд хэрэгжүүлсэн байдаг. Төсвөөр хэрэгжүүлсэн төслүүдтэй харьцуулахад олон ялгаа харагдана. Тэгэхээр энэ хуулийн төслийн хэрэгцээ их байна.

Хуулийн төслийг боловсруулах ажлын хүрээнд судалгааны ажлууд хэр хийгдсэн бэ? Олон улсын байгууллагуудтай хэрхэн хамтарч ажилласан бэ?

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл бол анхдагч хуулийн төсөл, тиймээс Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагуудад нийцүүлсэн, хуулийн үзэл баримтлалыг батлуулах, хуулийн төслийг Засгийн газар, УИХ-д өргөн барихад шаардлагатай зөвшөөрлүүдийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас авсан. Хуулийн төслийг боловсруулах ажлын хүрээнд Монгол Улсад төр, хувийн түншлэлийн хэрэгцээ шаардлага үүссэн эсэх асуудлыг тодорхойлох тандан судалгаа, нөгөө талдаа Концессын тухай хууль, түүний хэрэгжилтийн үр дагаврын судалгаа, бусад улсад хэрхэн хэрэгждэг талаарх олон улсын харьцуулсан судалгааг тус бүр Хууль тогтоомжийн хуульд заасны дагуу боловсруулсан. Судалгааны тайлангуудаас манай улсад төр, хувийн хэвшлийн түншлэлийн эрх зүйн тогтвортой, олон улсын жишигт нийцсэн орчин бүрдүүлэх нэн шаардлагатай гэж үзсэн. Нөгөө талдаа НҮБ-ийн Олон улсын эрх зүйн худалдааны комиссоос 2019 онд батлан гаргасан “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай жишиг хууль”, түүний гарын авлагыг судалж, баримтлан ажилласан. НҮБ-аас энэхүү жишиг хуулийг боловсруулан гаргахдаа гишүүн орнууддаа энэ хуулийг ашиглахыг уриалсан байдаг. Түүнчлэн, Дэлхийн банкны дэмжлэгээр олон улсын зөвлөх хуулийн төсөлд зөвлөгөө өгч ажилласан, мөн ОУВС-ын техник туслалцааны баг хуулийн төсөл дээр хамтран ажилласан нь бидэнд маш их дэмжлэг боллоо.

Энэ хуулийн батлагдсанаар Концессын тухай хууль хүчин төгөлдөр байх уу?

Энэ хууль батлагдсанаар Концессын тухай хууль хүчингүй болно. Учир нь концесс нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн нэг хэлбэр буюу энэ дотроо агуулагддаг ойлголт юм. Нөгөө талдаа Концессын тухай хууль 2010 онд батлагдаж, түүнээс хойш 14 удаагийн нэмэлт өөрчлөлтөөр хуульд 90 гаруй нэмэлт, өөрчлөлтийн зохицуулалтууд орсон байна. Түүнчлэн нийтдээ 60 гэрээ байгуулсан, үүний 20 нь Барих-Ашиглах-Шилжүүлэх /BOT/ гэрээ, 40 нь Барих-Шилжүүлэх /BT/ гэрээ байна. Барих-Ашиглах-Шилжүүлэх төрлийн 20 төслөөс 17 төсөл нь хүчин төгөлдөр гэрээтэй, үүнээс 2011 онд гэрээ байгуулсан нэг л төсөл хэрэгжсэн. Энэ нь Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 50 км нүүрсний авто зам. Анх 17 жилийн хугацаатай гэрээ байсан боловч гэрээг 2015 онд 13 жилээр сунгаж, 30 жил болгосон.

Барих-Шилжүүлэх 40 төслийн 37 төсөл нь хэрэгжиж, 2016 оноос эхлэн эргэн төлөлтийг төсвөөс төлж эхэлсэн, 25 төслийн эргэн төлөлтийг төлж дууссан, 2022 онд долоон төслийн 303.6 т.б төгрөгийн эргэн төлөлт тусгагдсан, 2025 онд эргэн төлөлтийг хийж дуусах ёстой буюу нийтдээ 660 тэрбум төгрөгийн эргэн төлөлт үлдээд байна. УИХ-ын 2017 оны 29 дугаар тогтоол гарснаар концессын “Барих-Шилжүүлэх” төрлийн гэрээ байгуулахыг бол хориглосон. Түүнчлэн Дэлхийн банк, ОУВС-тай хамтран Сангийн яам 2019, 2020 онд концессын өнөөгийн байдал, байгуулагдсан гэрээнүүд, хуулийн хэрэгжилтэд анализ хийж, дүгнэлт гаргасан, дүгнэлт зөвлөмжөөр олон асуудлыг хөндсөн, үүний нэг нь Төр, хувийн хэвшлийн түншлэлийн эрх зүйн тогтвортой орчин бүрдүүлэх талаар байгаа.

Энэ хуулийн төсөл Концессын тухай хуулиас ямар ялгаатай вэ?

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл Концессын тухай хуулиас ялгагдах хэд хэдэн гол асуудлууд байгаа. Тухайлбал, төр, хувийн хэвшлийн тухай үндсэн ойлголт, зарчим, нэр томьёо, төр, хувийн хэвшлийн түншлэлд оролцох төрийн байгууллагуудын бүрэн эрх, чиг үүргийн зааг ялгаа, харилцан хамтран ажиллах нөхцөл, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдэд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлт, судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр хэрэгжүүлэх эсэх шийдвэр гаргах нөхцөлүүд, ТХХТ-ийн төрөл, гэрээний хэлбэр, эрсдэлийн удирдлага, санхүүжилтийн схем, төрөөс үзүүлэх дэмжлэг, Засгийн газрын баталгаа, ил тод, нээлттэй байдал, маргааны шийдвэрлэх зохицуулалт гээд маш олон асуудлаар ялгаатай, мөн эдгээрийг хуулийн төсөлд ойлгомжтой тодорхой тусгаж өгсөн. Түүнээс гадна төр, хувийн түншлэлийг хөгжүүлэх төв байгуулахаар хуулийн төсөлд оруулж ирсэн нь энэ хуулийн төслийн бас нэг онцлог гэж хэлж байна. Төслүүд ямар тохиолдолд амжилттай хэрэгждэг бэ гэхээр тооцоо, судалгаа сайн хийгдсэн, эрсдэлийг зөв тодорхойлсон, оролцогч талуудын хүлээх үүрэг хариуцлагыг зөв хуваарилсан байдал зэргээс хамаардаг. Тэгэхээр төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүд нь урт хугацаанд хэрэгжих төслүүд учраас төслүүдийн бэлтгэл, ажил судалгаа шинжилгээ маш чухал. Тиймээс төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх төв нь эдгээр чиг үүргийг хэрэгжүүлэх, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, сургалт, сурталчилгааг хариуцах байгууллага байх юм.

Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль батлагдвал дагаад хэдэн хуульд өөрчлөлт орох вэ?

Хуулийн төслийг дагалдан нэмэлт, өөрчлөлт оруулах нийт 31 хуулийн төсөл байгаа.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудлыг ямар байгууллага хариуцаж ажиллах вэ?

Хуулийн төсөлд тусгаснаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, төлөвлөлт, судалгаа шинжилгээг хянах, сонгон шалгаруулалтыг салбар яамдуудтай хамтран зохион байгуулах чиг үүргийг Эдийн засгийн хөгжлийн яам хариуцна, хуулийн төслийг дагалдаж гарах нэлээд олон журам, аргачлалыг Эдийн засгийн хөгжлийн яам боловсруулж Засгийн газраар батлуулахаар зааж өгсөн. Харин төслийн санал гаргах, төслүүдийн судалгаа шинжилгээ хийх, сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, түншлэлийн гэрээг байгуулах, төслүүдийн хэрэгжилтийг бүрэн хариуцах, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг тухайн асуудал хариуцсан салбар яамдуудад байна. Сангийн яамны хувьд зөвхөн төслүүдийн бэлтгэл ажилд төсвийн эрсдэл талаас, төрөөс үзүүлэх дэмжлэг, Засгийн газрын баталгааны асуудлаар санал дүгнэлт өгөх үүрэгтэй оролцохоор тусгаж өгсөн.

Энэ асуудалд орон нутаг, аймаг, нийслэлийн оролцоо чухал. Яг ямар байдлаар оролцох юм бэ?

Тэгэхээр орон нутаг төр, хувийн хэвшлийн түншлэлийн бүх үйл ажиллагаанд нээлттэй оролцоно, өөрөөр хэлбэл түншлэлээр хэрэгжүүлэх төслийн санал гаргах, судалгаа шинжилгээг хамтран хийх, сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллах, гэрээ хамтран байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих зэрэг оролцож ажиллахаар хуулийн төсөлд тусгаж өгсөн.