Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2030 он гэхэд Монгол Улс тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих ажлыг эхлүүлэх гэж байна хэмээн 2021 оны есдүгээр сарын 22-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганы үеэр мэдэгдэж байлаа. Энэ үеэс хойш Монгол Улс даяар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнөж, хүн бүр өөр өөрийн боломж бололцоогоороо хувь нэмрээ оруулж байна. Ялангуяа энэ тавдугаар сард бүр ч илүүтэй эрчимжиж байна. Тарьсан бүхэн нь ургадаг бол Монгол орны ой хэдэн саяар нэмэгдэх модод тарьж байх шиг. Гэхдээ тэрбум мод тарихаас илүү чухал нэгэн асуудлыг энд хөндөх гэсэн юм. Үүнээс урьтаж Монгол орныхоо ойтой танилцацгаая.
Ойн сан бүхий газар 14255.9 мянган га буюу нийт нутаг дэвсгэрийн 9.1 хувийг эзэлж байна
Газрын нэгдмэл сан дахь 2021 оны тавдугаар сарын 18-ны шинэчилсэн мэдээллээр Ойн сан бүхий газар 14255.9 мянган га газар байна. Үүнээс ойгоор бүрхэгдсэн газар 12109.0 мянган га буюу 84.9 хувийг, ой модыг нь огтолсон газар 133.0 мянган га буюу 0.9 хувийг, мод үржүүлгийн газар 62.3 мянган га буюу 0.5 хувийг, ой тэлэн ургах нөөц газар 719.2 мянган га буюу 5.0 хувийг, ойн сангийн бусад газар 1232.9 мянган га буюу 8.6 хувийг тус тус эзэлж байна. 2020 онд Булган, Дархан-Уул, Дундговь, Орхон, Завхан, Сэлэнгэ, Төв аймгуудад мод үржүүлгийн газрын зориулалтаар газар олгож нэмэгдсэн боловч Өмнөговь аймагт тухайн ангиллын газар 6.9 мянган га-гаар буурснаар улсын хэмжээнд буурсан дүнтэй гарсан байна. Тухайн аймгийн Хүрмэн суманд 6955.73 га, Ханхонгор суманд 40.0 га мод үржүүлгийн зориулалттай газрыг сумын Засаг даргын захирамжаар хүчингүй болгож, бэлчээрт шилжүүлсний улмаас улсын хэмжээнд 2.7 мянган га-гаар буурсан дүнтэй гарсан байна.

Ойн сан бүхий газар улсын хэмжээнд 81.1 мянган га-гаар хасагджээ
Ойн сан бүхий газар улсын хэмжээнд 81.1 мянган га-гаар хасагдсан нь тайлант онд УИХ-ын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 46 дугаар тогтоолоор
Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын А хэсгийн хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Биндэр сумын зарим хэсгийг хамруулан 27867.14 га газрыг өргөтгөлөөр,
Дэвэлийн арал байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум,
Баян-Өлгий аймгийн Ногооннуур, Алтанцөгц сумын нутагт орших Ачит нуурыг хамруулан 211552.82 га газрыг өргөтгөлөөр,
Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Хомын талын 411403.82 га газрыг байгалийн цогцолборт газрын ангиллаар,
Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваа-Хөмүүл голын эхийн 102690.69 га газрыг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Хан уул орчмын 35712.55 га газрыг Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр улсын тусгай хэрэгцээнд авсантай холбоотойгоор ойн сан бүхий газраас улсын тусгай хэрэгцээний газарт шилжсэн байна.

297 мянга га ойд шавьжны “хоол болох” эрсдэлтэй байна
Одоо хөндөх үндсэн асуудал руугаа оръё. Тэрбум мод тарих хооронд тэрбум мод устах аюулд орсныг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд уламжилъя. Учир нь, “Ойн судалгаа хөгжлийн төв”-өөс гаргасан судалгаагаар Монгол Улсын хэмжээнд 297 мянган га ой хортон шавьжны улмаас устаж үгүй болох эрсдэлтэй нүүр тулсан байна. Нэг га ойд төрлөөсөө хамаараад 2500-3500 мод байдаг гэж үзвэл хамгийн багадаа 742 сая 500 мянган мод, хамгийн ихдээ 1 тэрбум 39 сая 500 мянган мод зөвхөн ойн хөнөөлт шавьжид идүүлж устах аюултай нүүр тулжээ. Энэ жилийн ойн хортон шавьж устгал ирэх сарын 10-д гаргаад эхэлнэ. Гэтэл энэ жилийн батлагдсан төсөв нь урьд өмнөх жилүүдээс эрс багасч ердөө 38 мянган га газарт шавьж устгал хийхээр болжээ. Шавьжны аюул нүүрлэсэн ойн ердөө 13 хувь нь гэсэн үг. Онгоцоор шавьжны хор цацах нь хамгийн зөв шийдэл хэмээн үздэг ч төсвийн тодотголоор энэхүү зардал нь хасагджээ. Иймээс л тэрбум мод устах аюулд ороод байна гэж улсынхаа тэргүүнд хаягласан хэрэг. Ойн салбарын мэргэжлийн хүмүүсийн хувьд шинээр мод тарихаас илүүтэй ойн нөхөн сэргэх чадварыг дэмжих нь хугацаа хэмнэхээс гадна хүч хөрөнгийн хувьд хэмнэлттэйг хэлж байгаа.
БНСУ-д ой хамгаалах ажлыг 50 авиа компани хариуцдаг
ИНЕГ-ын Захиргаа, удирдлагын газрын дарга, инженер нисгэгч Т.Батжаргал “Одоогоор дэлхий нийт хортон шавжтай тэмцэхэд нисэх онгоцноос өөр давуу арга технологи олоогүй байна. Жишээ нь, Өмнөд Солонгосын ойн бүсийн эзлэх талбай нь манай орныхоос даруй гурав дахин бага боловч түүнийг хамгаалах ажлыг 50 авиа компани хариуцан гүйцэтгэдэг” хэмээн “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа хэлжээ. Түүний судалгаагаар өдгөө шаардлагатай талбайд шавьж устгал хийхэд 12 тонн шингэн болон хуурай хор агуулах бункер, хор шүршдэг тоноглолтой, олон зориулалтаар ашиглах боломжтой 10-15 жижиг онгоц шаардлагатай гэж үзсэн бөгөөд коронагийн улмаас гаднын нислэгүүд хумигдаж авиа компаниудын агаарын хөлгийн үнэ хямдарсан энэ цаг үеийг ашиглах боломжтой гэдэг гарцыг ч хэлжээ.
1980 онд Польшоос 22 ширхэг “АН-2” онгоцыг хор шүршдэг тоноглолын хамт худалдаж авч ашиглаж байсан бөгөөд одоо ч тэдгээрийг их засварт оруулж дахин ашиглах боломжтой юм байна. Өөрөөр хэлбэл, онгоцоор хор цацаж байсан өмнөх туршлага, техник, авиа компаниудтай хамтран ажиллах боломж нь байгаа ч бодлого зохицуулалт нь алга байна. Тиймээс бий болгосон ойгоо хадгалж үлдэх ажилд онцгой анхаарч хөрөнгө хүч хаяхгүй бол тэрбумаар тоологдох мод нэг жил үгүй болох нь гэдгийг Ерөнхийлөгч болон салбар яаманд хаяглая.