МУИС, МУБИС, ШУА-ийн 40 гаруй эрдэмтний хамтран зохиосон “Монгол хэл судлал” 15 боть номын нээлт өнөөдөр Монгол Улсын их сургуулийн Эрдмийн танхимд боллоо. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцож үг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа” гэж заасан байдгийг тэмдэглэв.
Өдгөө дэлхий дахинд 10 сая гаруй хүн монгол хэлээр харилцаж байгаа тухай тооцоо, судалгаа бий. Иймд монгол хүн бүр эх хэлээ эрхэмлэн дээдэлж, нандигнан бахархаж, цаг үеийнхээ мэдлэг оюуныг шингээн баяжуулж, ирээдүй хойчдоо өвлүүлэн залгамжлуулах эрхэм үүрэгтэйг Монгол Улсын Ерөнхийлөгч онцоллоо.
Монгол хэл шинжлэл, монгол хэлний түүхээс эхлээд хэлний түвшин бүрийн тогтолцоо, үсэг бичиг, нутгийн аялгууны онцлогийг тодруулж, хэл шинжлэлийн орчин үеийн чиг хандлагын үүднээс нээн тайлбарласан энэхүү 15 боть бүтээлийг бичиж туурвин, шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн, судлаачдын багт Монгол Улсын Ерөнхийлөгч талархал илэрхийлэв.

Энэхүү 15 боть нь “Монгол хэл судлалын түүх” ерөнхий агуулгад зангидcан “Монгол хэл, аялгуу, үсэг бичиг, авиа судлал”, “Монгол хэлний үг зүй, өгүүлбэр судлал”, “Монгол хэлний үгийн сан, утга судлал”; “Монгол хэл судлал” нэрийн дор багтаасан “Монгол хэлний түүх”, “Түүхэн хэл зүй”, “Нутгийн аялгуу”, “Үсэг зүй”, “Авиа зүй”, “Үг зүй”, “Үгийн сан, утга зүй”, “Өгүүлбэр зүй”, “Эх судлал”, “Бичгийн хэл”, “Танихуйн хэл шинжлэл, хэлний соёл судлал”, “Хэрэглээний хэл шинжлэл, хэл боловсруулалт, түгээмэл хэл зүй” гэсэн номоос бүрдэж байна.

“Монгол хэл судлал” 15 боть бүтээл нь хэл шинжлэлийн нийтлэг онол, орчин үеийн арга зүйн үүднээс эх хэлнийхээ бүтэц, тогтолцоог тодруулан гаргасан цогц судалгаа бөгөөд монгол хэл шинжлэлийн салбарт анх удаа гарч буй бүрэн хэл зүй юм. Түүнчлэн энэхүү цогц бүтээлийн үр дүн, үзэл баримтлал нь бүх шатны боловсролын эх хэлний сургалт, судалгааны үндэс суурь, гол чиг баримжаа болох ач холбогдолтой юм.

Номын нээлтэд хэл, соёл, шинжлэх ухааны салбарын төлөөлөл оролцлоо.