Хүн бүр төгс амтыг эрэлхийлж үргэлж аялдаг гэх эртний үг бий. Энэ үгийг үнэн гэж итгэх юм бол “Дэлхийн хүн амын тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна” гэсэн энгийн, мэдээжийн санагдах мэдээ нь шинэ амт, шинэлэг мэдрэмж эрэлхийлэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа гэдэг утгыг мөн илэрхийлнэ.

Ийнхүү шинэлэг содон амтыг эрэн хайсан долоон тэрбум хүний тоо 2050 онд есөн тэрбумд хүрэх гэнэ. Харин аялал жуулчлалын салбарын хувьд зах зээлийн багтаамж жилээс жилд өсөх, манай улсын хувьд л гэхэд 2050 онд уул уурхайгаас орж ирдэг орлоготой тэнцэх төсөөлөлтэй. Тэгвэл энэ төсөөллийг бодит болгох, магад 2040, 2030 он болгож наашлуулах боломжийг нээсэн нэгэн чухал үйл явдал болсон нь Улаанбаатар хотод гудамжны хоолны соёлыг дэлгэрүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын шийдвэр байлаа.

Гудамжны хоол бол жуулчдыг татаж, аялал жуулчлалыг хөгжүүлэх нэг хөшүүрэг төдийгүй хотын өнгө төрх, уур амьсгалыг эерэг болгодог, урлагаар бол Мона Лиза, Бетховен шиг л нөлөөтэй онцгой соёл юм.

Зарим хүн гудамжны хоолыг бохир заваан гэж ойлгох нь бий. Тэгвэл энэ олголт ташаарал юм. Гудамжны хоол харин ч хамгийн цэвэр, сайн чанарын материалаар хийгддэг учир иргэд итгэлтэйгээр үйлчлүүлдэг. Энэ нь иргэд хоол ямар орчинд хэрхэн бэлтгэгдэж байгааг нь харж чадаж байгаатай холбоотой. Хоол хийх үйл явцыг харснаар химийн хорт бодисгүй, бие махбодод сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдэгт итгэж үнэмшдэг ажээ. Гудамжны хоолны соёл өндөр хөгжсөн улс оронд иргэд нь зоогийн газар, ресторанаас илүү гудамжны хоолны аюулгүй байдалд итгэж явдаг ажээ.

Гудамжны хоолны давуу тал

Гудамжны хоол нь үйлчлүүлэгчдэд ч, эрхлэн явуулж буй эздэд ч олон талын давуу талыг бий болгодог. Тухайлбал, иргэн хурдан хугацаанд бэлтгэгдэн гарах, үнэ хямд, амттай хоолыг идэж цагаа хэмнэнэ. Харин гудамжны хоолны эзэд өөрийн хийсэн амтат хоолыг үйлчлүүлэгчдэд өгөх боломжтой. Мөн ашиг орлого нь ч их байдаг байна.

Олны мэддэгээр “Хүүхдийн 100”-гийн байршилд нэг машин түрээсэлж хоол хийсэн иргэн сард зургаан сая төгрөгийн орлого олсон. Бид Монголдоо гудамжны хоолны соёлыг дэлгэрүүлэх зорилготой Монголын явуулын хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн холбоог албан ёсоор байгуулаад байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар шинэ захирамж гаргаж өглөө. Ингэснээр автомашинтай зогсож буй зам талбайгаас хөөх асуудал бүрэн шийдэгдсэн гэж хэлж болно. Одоо зөвхөн Хотын стандарт, Хяналтын газартай хамтран дагаж мөрдөх стандартаа батлуулах ажил үлдэж байна.

Манай улсын хувьд хотын соёлын салшгүй нэг хэсэг болсон гудамжны хоолны соёл ийнхүү хөгжих эхлэл нь тавигдлаа. Тиймээс энэ соёлыг өндөр хөгжүүлсэн дэлхийн улс орнууд гудамжны хоолондоо тавьдаг хязгаарлалт, зөвшөөрөл, шаардлага, нутаг, нутгийн нэрийн хуудас болсон алдартай хоолтой хамтдаа танилцья.

Өмнөд Солонгосын гудамжны хоол эрхлэгчид өдрийн 10 000 вон төлдөг

Өмнөд Солонгос улсын гудамжны хоолыг гоймон, далайн гаралтай бүтээгдэхүүн, үндэсний хоолны тавган амттан, төрөл бүрийн шөл, шарсан махгүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Хамгийн үнэтэй хоолны жагсаалтад шарсан мах байдаг бөгөөд бэлдсэн махыг өөрсдөө шарж иддэг байна. Ингэхдээ сөжү уух үедээ шарсан махыг идвэл илүү амттай болдог аж. Харин хоолондоо хачир болгож даршилсан daikon, кимчи, ундны ус өгдөг бөгөөд үүнээс үнэ төлбөр авдаггүй. Гудамжны хоолны үйл ажиллагааг эрхлэн явуулж буй иргэд өдөрт ердөө 10 мянган вон төлдөг аж. Төлбөрөө төлснөөр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг байна.

Японы гудамжны хоолыг “Сүши” төлөөлдөг

Арлын Япон орон нь дэлхийд мишлений одонгийн тоогоороо тэргүүлдэг. Тийм учраас ч гудамжны хоол нь зарим улсын зоогийн газраас ч амттай хоол хийдэг аж. Гудамжны хоолны үйлчилгээ эрхлэгчидтэй улсаас баримтлах ёстой стандартууд дагаж мөрдөнө гэх утгатай гэрээ байгуулдаг. Гэрээнд газны аюулгүй байдал, машины доторх цэвэр байдал, тосыг хоёр удаа хэрэглэсний дараа ашиглахгүй байх гэх мэт нарийн заалтууд орсон аж. Түүнчлэн авто машинууд нэг байршил дээр долоо хоног зогсох бөгөөд цагийн зүүний дагуу ээлжилж солигддог байна. Энэ нь гудамжны хоол эрхлэгчдэд ижил тэгш орлого олох, өрсөлдөх чадварыг бүрдүүлдэг гэнэ. Тус улс нь жуулчдад төрөл бүрийн далайн гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн хоолоо санал болгодог. Энэ нь тэдний үндэсний соёлыг агуулсан найрсагаар зочноо хүндэлж байгаагийн нэгэн илрэл гэнэ. Хэрэв та Япон улсад зочилбол сүши, такаки, гоймонг заавал идэж үзээрэй гэж зөвлөмөөр байна.

Италиас хамгийн амттай пиццаг идэх боломжтой

Итали улсаас бусад оронд хамгийн их түгэн дэлгэрсэн нэг амтат хоол бол пицца. Хэдэн зууны үеэс жор, орцоо өөрчилж ирсэн пиццаг тус улсаас хамгийн амттайг нь идэх боломжтой гэнэ. Тус улсын хоолны онцлог нь янз бүрийн амттай салат, бяслаг, улаан лооль гэх мэт дүүргэлтийг хоолондоо хийдэг аж. Иймээс ч хэмжээний хувьд том байдаг юм.

АНУ-д бургер, шарсан төмс, хотдог “ноёрхдог”

АНУ-ын гудамжны хоолонд бургер, шарсан төмс, наггчин, хотдог гэх мэт түргэн хоолнууд хамгийн их эрэлттэй байдаг. Ийм ч учраас шатахуун түгээх станц, хөгжмийн наадмуудыг даган гудамжны хоол нь байршдаг ажээ. Мөн Цагаан ордны урд талын гудамжинд 150 гаруй машин өдөрт гудамжны хоолоор үйлчилдэг байна. Тус улсад өөр нэгэн алдартай хоол байдаг нь “Урагдсан гахайн мах” юм. Хоолыг хийхийн тулд гахайн махыг яснаас нь салгаж бэлддэг аж. Хийхэд их цаг зарцуулдаг учир зарим хоолны газар өдөрт ганц удаа хийдэг гэх яриа байдаг аж.

Мексикт тако, тостадос нь хамгийн амттай

Мексик улсад очсон хүн бүр тако, тостадос гэх нэртэй хоолыг амталж үзэх хэрэгтэй. Учир нь тус хоёр хоол амт, чанараараа бусад хоолноос ялгарч чаддаг аж. Тако нь эрдэнэ шишийн тортилланд салса соус, сонгино, төрөл бүрийн мах болон кориандр амтлагчийг агуулсан байдгаараа төгс амтыг бүрдүүлдэг аж. Мөн цагаан хоолтнуудад зориулсан хувилбар ч байдаг аж. Харин tostados нь хавтгай эрдэнэ шишийн үрэл, төрөл бүрийн соус, кориандр амтлагчийг багтаасан байдаг ажээ. Та гудамжны хоолны газраас тус хоолыг 1-2 доллараар авах боломжтой юм.