Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос мэдээлэл хийлээ. Тус холбооны төлөөлөгчид “Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барьж одоо батлах гэж байна. Гэтэл тус хуулийн төсөл Үндсэн хуулийн 5.5-д заасан мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна, 7.1-д заасан Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна гэх хоёр заалтыг зөрчиж байна. Мөн Хууль зүй дотоод хэргийн яамны сайд Х.Нямбаатар наадамд уралдах морьдыг сэрвээний өндрөөр хэмжинэ гэж хэлсэн. Энэ нь өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн Үндэсний их баяр наадмын утга учир алдагдахад хүрч байна. Учир нь морьдыг сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулбал зөвхөн эрлийз морьд л уралдах эрхтэй болно. Үүнийг бид эрх мэдэл, эд хөрөнгөтэй хүмүүсийн хувийн ашиг сонирхол гэж харж байгаа. Иймд зургаадугаар сарын зургаанд Сүхбаатарын талбайд морьтой тайван жагсаал хийнэ. Уяачид, малчид та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна” гэлээ.