Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед борлуулалт нь огцом нэмэгдэж, хамгийн хурдан зах зээл дэх байр сууриа олсон бараа бүтээгдэхүүн бол электрон тамхи. Өнгөрсөн хоёрдугаар сард Засгийн газраас электрон тамхины импорт 68 хувиар өссөн талаар мэдээлж байлаа.
Иргэдийн хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлагад нийцсэн бараа бүтээгдэхүүн л ийм өсөлт авч ирнэ. Үүнээс үзвэл электрон тамхи монголчуудын чухал хэрэгцээ болжээ. Учир нь, электрон тамхи нь тамхинаас гарах хүсэлтэй хүмүүсийн сонголт болж байгаагаас гадна эдийн засгийн хувьд хэмнэлт болж байна. Монгол Улсад 15-аас дээш насны иргэдийн 27.6 хувь нь тамхи татдаг гэсэн судалгааны дүн гарчээ. Тодруулбал, өдөр бүр 3000 гаруй хүүхэд, 750000 насанд хүрэгчид тамхи хэрэглэж байна. Мөн монголчууд тамхинд жилд 625 тэрбумыг зарцуулдаг ажээ. Эдийн засгийн хувьд ийм хохиролтойгоос гадна хамгийн харамсалтай нь тамхинаас үүдэлтэй өвчлөлийн улмаас жил бүр 4300 гаруй хүн нас барж байна. Энэ нь дэлхий улс орнуудтай харьцуулахад өндөр үзүүлэлт аж. Тамхи татдаг бүх хүмүүсийн хувьд хамгийн сайн сонголт бол тамхинаас бүрмөсөн гарах явдал. Тамхинаас гарч чадахгүй байгаа хүмүүс хорт хавдар, зүрх судасны өвчин зэрэг тамхинаас үүдэлтэй хүнд өвчин тусах эрсдэлтэй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэргэдэх Хавдар судлалын олон улсын агентлаг тамхины тухай тайландаа тамхинаас үүдэлтэй өвчний гол шалтгаан нь никотин биш шаталт гэдгийг онцолжээ. Тамхины утаанд 7000 гаруй химийн бодис агуулагддаг бөгөөд цианид устөрөгч, нүүрстөрөгчийн дутуу исэл, аммиак зэрэг 250-иас доошгүй хортой бодис байдаг аж. Тамхи татаж утаагаар нь амьсгалснаар эдгээр хорт бодис уушгинд шингэж, бие махбодод хурдан тархдаг гэнэ. Дээрх хорт бодисоор дахин дахин амьсгалахад хорт хавдар, зүрхний өвчин, эмфизем болон бусад ноцтой, ихэвчлэн үхэлд хүргэдэг өвчин үүсгэдэг байна. Тийм ч учраас тамхи татдаг хүмүүс янжуурнаас татгалзаж электрон тамхийг сонгож эхэлжээ. Олон тооны судалгаанаас үзэхэд цахилгаан тамхи нь тамхинаас гарах илүү үр дүнтэй хэрэгсэл болохыг харуулж байна. Мөн электрон тамхи нь тамхинаас гаргах бохь, наалт гэх мэт никотин орлуулах эмчилгээний бүтээгдэхүүнтэй харьцуулахад үр дүнтэй хэрэгсэл болох нь нотлогджээ. Их Британид жил бүр 50000 гаруй хүн цахим тамхины тусламжтайгаар тамхинаас татгалздаг байна. Мөн тус улсын эмнэлгүүдэд цахилгаан тамхи худалдаалахыг зөвшөөрдөг бөгөөд тамхи татах цэгт очих боломжгүй өвчтөнүүдэд электрон тамхи үнэ төлбөргүй олгодог ажээ. Электрон тамхины хэрэглээг төрийн бодлогодоо тусган хэрэгжүүлж буй бас нэг улс нь Шинэ Зеланд юм. Тус улс 2025 он гэхэд тамхигүй улс болох үндэсний зорилт дэвшүүлсэн бөгөөд энэхүү зорилтоо хэрэгжүүлэхийн тулд тамхи татдаг иргэддээ электрон тамхийг санал болгожээ. Электрон тамхи хэрэглэх үед гарын барилт болон сорох үйл явц нь янжуур тамхи хэрэглэх биеийн хэлэмжтэй төстэй байдаг нь электрон тамхи хэрэглэж янжуур тамхинаас гарахад нөлөөлдөг байна. Мөн өмнө нь олон төрлийн арга хэрэглэж үзсэн ч бүтэлгүйтэж байсан тамхичдын хувьд эерэг нөлөөтэй сонголт болжээ. Дэлхий даяар жилд долоо сая гаруй хүн тамхинаас үүдэлтэй өвчлөлийн улмаас нас барж байна. Үүнээс 1.1 сая гаруй хүн дам тамхидалтын золиос болдог аж. Тийм ч учраас дэлхийн улс орнууд электрон тамхийг янжуур тамхинаас үүдэлтэй өвчлөлийг бууруулах үндэсний стратегийн нэг хэсэг болгон тусгайлан хууль баталж эхэлжээ. Манай улс ч мөн ялгаагүй электрон тамхины хэрэглээг хүлээн зөвшөөрч хуульчлахаар төлөвлөөд байгаа юм.


Электрон тамхины хэрэглээг хуульчлахдаа хамгийн түрүүнд анхаарах асуудал нь насанд хүрээгүй хүнд худалдахыг хориглох явдал юм. Хуулийн зохицуулалт байхгүйгээс электрон тамхийг сурагчид хэрэглэх болсон нь нийгэмд шүүмжлэл дагуулаад байна. Электрон тамхи хэрэглэгчдийн холбооноос өнгөрсөн долоо хоногт үүнтэй холбогдуулан мэдээлэл хийсэн юм. Тус холбооны Олон нийттэй харилцах албаны ахлах менежер Б.Цогт-Очир дараах байр суурийг илэрхийлсэн юм.

Манай улс ч удахгүй хууль батлахаар төлөвлөж байна. Харамсалтай нь УИХ-ын гишүүд электрон тамхины талаар мэдээлэл муутай байгаа нь ярьж байгаа зүйлээс нь харагдаж байна лээ. Тэд “Электрон тамхи импортлогч компаниудыг татвар төлдөггүй, хил гаалиар нэвтрүүлэхдээ цахилгаан барааны нэр төрлөөр нэвтрүүлж ирдэг” гэж ярьсан. Монгол Улсад электрон тамхийг оруулж ирдэг таван компани бий. 2021 он хүртэл хувь хүмүүс хил гаалиар татваргүй оруулж ирдэг байсан. 2021 оноос эхлэн албан ёсоор цахилгаан тамхи нэршлийн дор гаалийн тав, НӨАТ-ын 10 хувийн татварыг хууль ёсны дагуу төлж эхэлсэн. Электрон тамхийг албан ёсоор оруулж ирэхдээ олон улсын чанарын сертификатууд, шингэнд агуулагдах тестүүд, холбогдох бичиг баримтуудыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт танилцуулж зөвшөөрөл авдаг. Хүнсний аюулгүй байдлын төв лабораторид никотин, бохь, хүнд металийн агууламж тодорхойлуулах шинжилгээнд хүртэл оруулдаг. Никотины агууламж зохих журмын дагуу байсан. Харин бохь байгаагүй. Хүнд металийн агууламжийн тестийг хийх боломжгүй гэсэн хариу ирсэн учраас бидний зүгээс гадаад руу олон улсын стандартын дагуу шинжилгээ хийдэг итгэмжлэгдсэн лабораторид илгээж хүнд металийн агууламжийг тодруулсан. Ингэхэд янжуур тамхинд агуулагддаг ихэнх хүнд металлууд цахилгаан тамхинд байгаагүй. Байгаа хүнд металл нь янжуур тамхинд байдгаас 10-20 дахин бага байсан.
Манай улс электрон тамхины хэрэглээг хуульчлахаас гадна онцгой албан татвар ногдуулдаг болохоор төлөвлөөд байгаа юм. Электрон тамхийг онцгой албан татвартай болгохоор янжуур тамхи үйлдвэрлэгчид болон импортлогчид лобби хийж байгаа нь нууц биш юм. Учир нь, электрон тамхи нь тэдний зах зээлийг маш хурдтайгаар эзэлж байна.