2008 онд “Big line film”, “Уран бүтээлийн нэгдүгээр нэгдэл”-тай хамтран залуусын үерхэл, нөхөрлөл,хайр дурлалын тухай өгүүлсэн “Сайн уу, Амьдрал минь” уран сайхны киног дэлгэцнээ гаргаж тухайн үедээ хит болж байсан билээ. Тэгвэл энэхүү киноны хоёрдугаар анги “Сайн уу, Амьдрал минь-2” нэртэйгээр үзэгчидтэй тун удахгүй уулзах нь ээ.
“Big line film”, “Nomads film and entertainment” хамтран хийж байгаа “Сайн уу, Амьдрал минь-2” киноны найруулагчаар өмнөх ангийн найруулга дээр ажилласан З.Батболд ажиллаж байгаа бөгөөд продюсераар “Х-Түц” хамтлагийн жүжигчин Онон, зураглаачаар Г.Гүенбаатар нар ажиллаж байгаа юм.

Энэхүү бүтээл нь өмнөх ангийнхаа адил гурван бүлэгтэй байх юм байна. “Сайн уу, Амьдрал минь-2” киноны гол дүрүүдэд залуу жүжигчин Т.Билгүүтэй, Уянга, дуучин А.Хишигдалай, “Бид-4” хамтлагийн дуучин Б.Баярмандах, жүжигчин Адъяа нар тогложээ. Мөн “Guys” хамтлагийнхан, жүжигчин Н.Ялалт, Ардын жүжигчин П.Цэрэндавга, жүжигчин Ж.Амарзаяа нар тогложээ.
-З.Батболд: Монголд анхны “Movie franchise”-ыг хөгжүүлж байна-

“Сайн уу, амьдрал минь-2” киноны ерөнхий найруулагч З.Батболдтой зураг авалттын дундуур цөөн хором ярилцлаа.
-Киноны зураг авалт хэдэн хувьтай явж байна?
-Бид өнөөдөр төгсгөлийн зураг авалтуудаа хийж байна. Бид 28 хоногийн дотор 125 сцентэй зураг авлаа. Зургийн ажил бол одоо 100 хувь дуусаж байна.
-Нэгдүгээр ангийг нь хүн бүр мэднэ. Харин шинэ ангид ямар жүжигчид тоглож байгаа вэ?
-Бид энэ ангид монголд анхны “Movie franchise”-ыг хөгжүүлээд үе үеийн трэнд болсон залуучуудыг тоглуулах сонирхолтой байгаа.
-Сая зураг авалтын явцад харлаа. Олны танил залуу дуучид байна?
-Тийм. Найман жилийн өмнө трэнд болж байсан залуусыг адилтган энэ жилийн трэнд болсон залуусыг тоглуулж байгаа.
-Н.Онон: Эргээд залуу нас дурсагдаж байна-

Мөн тус киноны продюсераар ажиллаж байгаа “Х-Түц” продакшны жүжигчин Ононтой уулзсан юм.
-“Сайн уу, амьдрал минь-2” кино руу хэн таныг татан оруулав?
-“Сайн уу, амьдрал минь” бүтээл найман жилийн өмнө трэнд болсон кино. Тийм учраас Болдоо найруулагчийг продюсераар ажиллаач ээ гэж хүсэлт тавихад би дуртайяа зөвшөөрсөн. Яагаад гэвэл энэ гайхалтай кино болох нь гарцаагүй. Өнөөдөр бид төгсөлтийн баярын зургаа авлаа. Үүний дараа ээжүүдтэй хэсгийн зургийг авна. Хүний маьдрал л хойно хүүхдүүд ээжийгээ санаатай болон санамсаргүйгээр гомдоодог шүү дээ. Ээжээсээ уучлал гуйж байгаа зураг аваад манай киноны зураг дуусч байгаа.
-Продюсер бүхий л ажлаа найруулагчийн хамт гүйцэтгэдэг. Кино баг, санхүүжилтээ хэрхэн бүрдүүлсэн бэ?
-Кино группийн багийг Болдоо найруулагчтай нийлээд бүрдүүлсэн. Дандаа шинэ залуу уран бүтээлчдийг монголын кино урлагт гаргаж ирэх шаардлагатай гэдэг үүднээс дуучин, бүжигчин, жүжигчин залуусыг сонгосон. Киноны санхүүжилтийг манай “Номадс фильм энтертайнмент” 100 хувь санхүүжүүлж байгаа.

-“Сайн уу, амьдрал минь-2” кино товоо зарласан байсан уу?
-Киноны нээлтийг 15-20-ны хооронд хийнэ. Зураг авалтын явцад монтажаа давхар хийгээд явж байгаа учраас тун удахгүй үзэгчдийн хүртээл болно.
-Танай продакшны хувьд ямар бүтээл дээр ажиллаж байгаа вэ?
-Манай продакшныхан одоогоор амралтын байдалтай байгаа. Тэгээд завтай байгаа учраас амжуулаад ажиллаж байна. Залуустай ажиллах гоё шүү дээ. Эргээд залуу нас дурсагдаж байна. Өөрөө их залуу сэтгэлгээтэй болж байна. Сэтгэлгээ хэзээ ч хөгшрөхгүй учраас байнгын залуустай цуг байх ёстой.







