“Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн гурав дахь дугаар үзэгчдэд хүрлээ. Хоёр уран бүтээлчийг дуурайх онцгой энэ дугаарын ялагчаар комедиан, дуучин С.Зоригт тодорсон юм. Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Т.Ариунаа нарыг тайзнаа тун өвөрмөцөөр авч ирсэн нь танд ч гэсэн таалагдсан гэж найдаж байна.
“Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн гурав дахь дугаарын ялагч боллоо. Энэ дугаарт түрүүлнэ гэсэн бодол ер нь байсан уу?
Гайгүй номер болсон байх л гэж бодсон. Түүнээс түрүүлнэ гэж бодоогүй. Сонирхолтой хувилбараар амилуулсан учраас амжилттай оролцсон гэж бодсон.
Д.Жаргалсайхан болон Т.Ариунаа гавьяатыг тун өвөрмөцөөр тайзнаа авчирлаа. Д.Жаргалсайхан гавьяатын хоолойтой маш адилхан байсныг шүүгчдийн зүгээс онцолсон?
Энэ хоёр дуучин маань хоолойны хувьд контрасс ихтэй дуучид. Т.Жаргалсайхан гавьяат маш доогуур дуулдаг бол Т.Ариунаа гавьяат маш дээгүүр дуулдаг онцлогтой. Д.Жаргалсайхан гавьяатыг гаргах нь илүү хэцүү байлаа. Хоолой нь их өвөрмөц тембртэй шүү дээ. Олон удаа бэлтгэж байж гаргасан. Харин Т.Ариунаа эгчийн хувьд гэвэл түүний хоолойг эрэгтэй хүн гаргана гэдэг маш хэцүү. Миний хувьд Т.Ариунаа эгчийг өөрөөс гарч болох бүхнээ дайчилж, хамгийн боломжит хэмжээгээр ойртуулсан. Гэхдээ түүний гол онцлогуудыг нь гаргасан л гэж бодож байгаа.

“Яг түүн шиг” шоу оролцогчдыг их олон зүйлд сорьж, шинээр нээж байна. Дуулалт, жүжиглэлт, бүжиг, гадаад үгийн дуудлага, хувцаслалт гэх мэт. Таны хувьд хамгийн хүнд нь аль даалгавар вэ?
Нүүрний хувиргалт л хэцүү байна. Бусад нь бол гайгүй дээ. Баззераар дуучнаа сонгож байгаа ч дуунуудаас нь оновчтойг нь сонгож дуулна гэдэг бас их толгой гашилгаж байна.
“Яг түүн шиг” шоу Монголын хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлэг. Найман настай балчраас 80 настай буурал хүртэл үздэг. Тиймээс хариуцлагатай байх үүрэг та нарт зүй ёсоор тавигдаж байх шиг?
Бүх насны хүмүүс үзэж буй учир үзэгчдээ хүндэлж, эерэг энерги бэлэглэхийн төлөө бүх оролцогч хичээж байна. Энэ шоу хэдийгээр үзэгчдийг хөгжөөх зорилготой ч хэт их маазраад байж болохгүй. Дуурайж буй уран бүтээлчээ муухай харагдуулахгүйн тулд их л хичээж байна.
“Яг түүн шиг” шоуны гурван дугаар үзэгчдэд хүрлээ. Аль дугаар танд хамгийн хэцүү нь байв?
Бритниг дуурайх эхний дугаар байлаа. Дуу хоолой, хөгжим бүжиг гээд бусад зүйл дээр тийм ч муугүй байсан ч нүүр хувиргалт дээр хэтрүүлэгтэй ч юм шиг болсон. Энэ бол гэхдээ надаас шалтгаалсан зүйл биш шүү дээ. Миний нүүр дугуй учраас маск тогтоход жаахан хэцүү байдаг гэж байсан. Гэхдээ хүмүүст хөгжилтэй байсан учраас өгөх зүйлээ өгсөн л гэж бодож байгаа.
Эхний дугаарын дараа элэглэсэн зургууд яваад байсан. Та үүнд эмзэглэсэн үү?
Намайг меншндож, тагласан зураг бичлэгүүдийн ихэнх инээсэн лайктай байсан. Энэ нь нэг их таатай зүйл биш л дээ. Гэхдээ миний хувьд аливаа зүйлийг эерэгээр хардаг. Надад дургүй хүмүүст энэ элэглэсэн зургууд таатай байсан байх. Гэхдээ тэр хүмүүст хэлэхэд “Надад бүр илүү гоё байсан шүү” л гэж хэлье.
Хоёр дахь дугаарт Звериг дуурайсан. Та ч муугүй байсан. Гэхдээ клип нь маш гоё байсан гэдгийг хэлмээр байна?
Клипний зураг авалтыг үүрийн 05.00 цаг хүртэл хийсэн. Клипийг нь хүртэл яг түүн шиг хийхийг зорьсон. Тайзан дээр авчирсан хөгжимчдөө ч мөн орос хөгжимчдөөр бүрдүүлж, бүтээлч хандсан. Ер нь л бүх дугаартаа ингэж бүтээлч хандана гэж бодож байгаа.
“Яг түүн шиг” шоуны урилгыг их л тээнэгэлзсэн байдалтай хүлээж авсан. Яагаад вэ?
“Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн хоёр гурван дугаарыг үзэж байсан. Оролцоод үзвэл гоё байх даа гэж боддог байсан болохоос биш оролцоно гэж төсөөлж байгаагүй. Гэхдээ оролцоод ирсэн чинь залуу уран бүтээлч бидний хувьд маш гоё шоу юм байна. Их зүйлд суралцаж байна. СУИС төгсөөд түүнээс хойш сураагүй. Гэтэл шоунд ороод магистрт сурч байгаа юм шиг л санагдаж байна.
“Залуу уран бүтээлч бидний хувьд маш гоё шоу юм байна” гэлээ. Таны хувьд хамт оролцож буй, ажиллаж буй залуучуудаасаа юуг олж харж байна вэ?
Хамт оролцож буй оролцогчдоосоо бүгдээс нь л суралцаж байна. Бүгд өөр, өөрийн гэсэн онцлогтой. Гэхдээ би тэднээс маш их хөдөлмөр, зүтгэлийг олж харж байна. Сурах зүйл асар их байна.“Боловсрол” телевизийн хувьд энэ шоуг хийгээд сурчихсан юм байна. Үнэхээр чадварлаг, тасархай баг хамт олон энд ажилладаг юм байна. 230 гаруй ажилтан бид наймын ард ажиллаж байна. “Боловсрол” телевиз бол ням гарагийн үдэш ард түмнийг үнэхээр үзэх юмтай байлгаж чадаж байна. Хэрвээ энэ нэвтрүүлэг хийгдээгүй бол бид хэзээ ч энэ олон дүрүүдээр үзэгчидтэй уулзаж чадахгүй шүү дээ.
Танд таарчихаасай гэсэн баззер байна уу?
Байхгүй ээ. Битгий таараасай гэсэн ч байхгүй. Таарсныг нь болгоод л явна.
Ярилцсанд баярлалаа.