Монголчуудыг дэлгэцийн өмнө гэр бүлээр нь “уяж” чаддаг “Яг түүн шиг” шоу тун удахгүй “Боловсрол” телевизээр хүрч эхлэх гэж байна. Цар тахлын улмаас хоёр жил завсарласан ч “Боловсрол” телевизийн уран бүтээлчид 15 жилийн ойдоо зориулан шинэлэг дүр төрх, содон үзүүлбэрээр дүүрэн “Яг түүн шиг” шоугаа толилуулахад бэлэн болжээ. Тус шоуны талаар “Боловсрол” телевизийн ерөнхий продюсер Ж.Сувдаатай ярилцлаа.
“Яг түүн шиг” шоу хоёр жил завсарласны дараа эргэн ирэх гэж байна. Үзэгчид их хүлээсэн нь харагдлаа, тийм үү?
Цахим сүлжээнд байршуулсан промо видео, фото зургуудыг харахад үзэгчдийн хүлээлт өндөр байгаа нь мэдрэгдэж байна. Илгээсэн мессеж, санал, сэтгэгдэл бүхэн бидэнд маш их урам өгч байна. Хүлээлтэд нь хүрч, гоё уран бүтээл хийх юм сан гэж хичээж байгаа.
Шоуны шинэ улиралд ямар, ямар өөрчлөлт орсон бол?
Хоёр жил завсарлаад хийж байгаа учир нэвтрүүлгээ шинэ содон байлгахыг хичээж, урт хугацаанд судалгаа хийлээ. Манай нэвтрүүлгийн эрхийг эзэмшигч “Endemol Shine” компанийн зөвлөхүүд байнга холбоотой байж, зөвлөгөө өгсөн. Польш, Грек, Испани, ОХУ зэрэг оронд сүүлийн үед шинээр хийгдсэн дугааруудыг судаллаа. Ингээд энэ жил бид тайзаа шинэчилж, гэрэлтүүлэг, камеруудаа сайжруулаад зогсохгүй зохиол, найруулгад шинэлэг агуулга, элементүүд шингээсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дэлхийн болоод Монголын энтертайнмент зах зээлд олон уран бүтээлч шинээр мэндэлсэн. Иймээс базерын сонголт өргөн болж оролцогчдын чадварыг сорих болов уу.
“Яг түүн шиг” шоуны арын албанд хэдэн уран бүтээлч ажилладаг вэ?
Шоуны ард гар нийлсэн 200 гаруй уран бүтээлч ажилладаг. Өдий тооны хүн ажиллаж байгаа нь төдий чинээ чимхлүүр ажлууд байна гэсэн үг л дээ. 2022 он гарахтай зэрэгцэн бэлтгэл ажил эхэлсэн. Үзэгчдэд хүрэх хугацаа нь богино боловч нэвтрүүлгийн арын албаны баг хагас жилийн хугацаанд цаг наргүй ажиллаж байж ард нь гардаг. Тайз, дуу, лед, гэрэл, нүүр хувиргагч, үсчин, хувцас, зураглаач, найруулагч, сэтгүүлч зэрэг 200 гаруй хүн нэгдмэл зохион байгуулалттай, нарийн системтэй ажиллахын тулд бүгд нэг зүйлийн төлөө зорьж, алсын зорилгоо тодорхойлсон байх нь чухал. Бид багаа салбар салбартаа үнэлэгдсэн, шилдэг уран бүтээлчдээр бүрдүүлсэн. Манай телевизийн багийн хувьд дөрвөн жил энэ шоуг хийсэн учир маш сайн хөгжиж, туршлагажсан. Нэвтрүүлэг бэлтгэх үеэр өглөөний 06:00 цагаас шөнө дөл хүртэл ажиллах тохиолдол их. Гэхдээ энэ бүх ачааллыг үзэгчдийнхээ урмын үгээр шагнуулаад л мартчихдаг. Хамгийн гол нь бид шоуныхаа деталь бүрд хүрч ажиллахыг л эрмэлздэг.

Оролцогчдыг яг түүн шиг болгож хувиргахад маск чухал үүрэгтэй санагддаг. Энэ шоуны хамгийн гол хэсэг нь байх?
“Яг түүн шиг” шоу нэвтрүүлэг бол дүр хувиргалтын гайхамшиг. Ялангуяа нүүр хувиргагч, үсчид, дизайнерууд маань хувиргасан дүрээ хараад илүү их кайф мэдэрдэг болов уу. Манай багт тав дахь жилдээ ажиллахаар ОХУ-аас нүүр хувиргагч Антон Островский ирсэн. Түүний хувьд ОХУ-ын “Яг түүн шиг” буюу “Один в один” шоу, саяхан манай телевизээр үзэгчдийн хүртээл болсон “Дятловын даваа” олон ангит кино зэрэг алдартай уран бүтээлд урилгаар ажилладаг авьяаслаг артист юм.
Шинэ улирлын шоуны анхны дугаар хэзээ цацагдах вэ?
Эхний дугаар энэ ням гарагт буюу тавдугаар сарын 8-нд 21:00 цагаас “Боловсрол” телевизээр гарна. Үзэгчдэдээ 10 дугаарын турш сонирхолтой, жинхэнэ шоуг толилуулах болно.
Энэ улирлын оролцогчид үзэгчдэд маш их таалагдсан. Яаж сонгосон бэ?
Энэ жил оролцогч оролцогчоо дуудаж, сонгох байдлаар багаа бүрдүүлсэн нь тун сонирхолтой байлаа. Ширүүхэн өрсөлдөх уран бүтээлчид энэ улиралд хүрэлцэн ирсэн шүү. Тэдний дуулах ур чадвартай маргах зүйл үгүй.
Дижитал хамтлагийн дуучин Эрка, дуучин Мишээл, Чойжоо, Баянаа, Зоригт, жүжигчин Баярмаа, Монгол Улсын гавьяат жүжигчин Уянга, Наран. Гоё сонсогдож байгаа биз?
Шоуны бас нэг чухал хэсэг нь шүүгчдийн баг. Тэднийг хэзээ зарлах вэ?
Тавдугаар сарын 8-нд цацагдах анхны дугаарт л шүүгчидтэйгээ танилцах болно. Түүнээс өмнө зарлахгүй, нууц хэвээр байх юм. Тэсэлгүй бяцхан нууц дэлгэхэд дугаар бүрд нэг зочин шүүгч урих гэж байгаа.
“Яг түүн шиг” шоуг хоёр хөтлөгчгүйгээр төсөөлөхөд бэрх шүү дээ. Тэдэнтэй уулзахыг үзэгчид тэсэн ядан хүлээж байна.
Цоомоо, Бобигүйгээр “Яг түүн шиг”-ийг төсөөлшгүй. Хоёр хөтлөгч маань зөвхөн хөтлөх үүргээ биелүүлэх бус нэвтрүүлгийн жижиг хэсэг бүрд сэтгэл гарган хамтдаа бүтээлцэж байдагт нь талархдаг шүү. Цар тахлын улмаас хэсэг завсарлага авсан болоод ч тэр үү, манай хоёр үзэгчидтэйгээ уулзахыг хоног тоолон хүлээж байгаа.
“Яг түүн шиг” шоуны үзэгчдийн хандалтын судалгаа байдаг уу?
Телевиз үзэгчдийн үзэлтийг судалдаг “Максима медиа” компаниас гаргасан судалгаагаар олон жил дараалан хамгийн их үзэгчтэй нэвтрүүлгээр тодорч байсан. Ням гарагийн үдэш айл бүрийн хойморт халуун дулаан мэдрэмж, нандин дурсамж, инээд хөөр, баяр баясгалан өгөхийн төлөө л уран бүтээлч бид хичээн ажилладаг. Өмнөх жилүүдийн үзүүлбэрийн хандалт цахим сүлжээнд өнөөг хүртэл нэмэгдсээр байгаа нь урам өгдөг шүү.
“Боловсрол” телевиз цаашид ч дэлхийн томоохон контент үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах байх. Яагаад гадаадаас бүтээл худалдан авдаг вэ?
Манай телевиз гадаадын туршлагатай медиа компаниудтай тогтмол хамтын ажиллагаатай байдаг. Энэ бол зайлшгүй шаардлагатай зүйл гэж бодож байна. Гадаадаас бүтээл худалдан авч библ буюу зааврын дагуу хийх нь уран бүтээлчдээ чадавхжуулах, салбарын өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, үзэгчдэд чанартай бүтээл хүргэх зэрэг олон давуу талтай. Ингэж олон жилийн туршлагаас суралцсанаар тодорхой хугацааны дараа өөрсдөө чансаатай бүтээл хийж, дэлхийн зах зээлд борлуулах боломжтой болно шүү дээ. Сүүлийн үед манай багт нэгдэж буй залуусыг ажиглахад дэврүүн хүсэл эрмэлзэлтэй, өвөрмөц, шинэлэг санаа бодолтой байгаа нь мэдрэгдсэн. Энэ бол сайн уран бүтээл төрөхийн үндэс.
Энэ том бүтээлийг үзэгчдэд хүргэхэд санхүүгийн болоод бусад сорилтыг даван гарах шаардлага тулгардаг байх, тийм үү?
Цаг үе, нийгэм, эдийн засаг өмнөхтэй харьцуулахад тийм ч таатай биш болсныг үзэгч, уншигчид маань гадарлаж байгаа болов уу. Хэдий тийм ч бид соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх, хөгжөөн цэнгүүлэх үүргээ умартаж болохгүй уран бүтээлчид. Тиймээс сайн, чанартай нэвтрүүлэг хийх зорилгоо өвөртлөн зоригтой ажиллаж байгаа. Үүнийг бүтээхэд ивээн тэтгэгч, хамтрагч байгууллагууд чухал нөлөөтэй. Биднийг дэмжин хамтарч ажиллаж байгаа бүх байгууллагад уран бүтээлчид болон үзэгчдийнхээ өмнөөс талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.
“Яг түүн шиг” шоу уран бүтээлч хүнээс маш олон ур чадвар шаарддаг юм шиг ээ. Оролцогчдод амаргүй байдаг байх даа?
Испани улсаас гаралтай энэ шоуг дэлхийн 47 орон албан ёсны эрхтэйгээр бүтээж байгаа. Нэг, хоёр улирал хийгээд цуцалсан улс ч бий. Үүнтэй зэрэгцэн 9-10 улирал хийсэн орнууд ч байна. Манай улс амжилттай хийж буй орнуудын тоонд багтдаг. Таны хэлсэнчлэн, энэ нэвтрүүлгийн оролцогчид өөрт байгаа бүх авьяас, ур чадварыг тултал нь гаргах шаардлагатай болдог. Бүжиглэнгээ дуулж, жүжиглэж тайз, орчноо мэдрэн ажиллах амаргүй нь тодорхой. Эсрэг хүйстнийхээ дүрд хувирах бүр ч хэцүү нь. Саяхан нэг оролцогч маань “Энэ шоу бол урлагийн бидэнд докторант хамгаалж байгаа юм шиг мэдрэмжийг өгч байна” гэж хэлсэн. Энэ л үнэн болов уу. Оролцогчдоос гадна арын албанд ажиллаж буй бидэнд хүртэл докторын зэрэг хамгаалах гэж буй мэт мэдрэмж, туршлага олгодог юм шүү дээ.
Ярилцлагын төгсгөлд “Яг түүн шиг”-ийн үзэгчдэд хандаж юу хэлэх бол?
Манай нэвтрүүлэг маш гоё эерэг. Дуу хуур, бүжиг наадам, инээд наргиан дүүрэн байдаг учраас хэн бүхэн үзэхэд таатай. Мөн энэ жил техник, хийц, найруулга, өнгө төрхийн хувьд нэг шат ахисан учир илүү гоё мэдрэмж өгнө гэдэгт итгэлтэй байна. Бид “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэг айл бүрд аз жаргал бэлэглээсэй гэж хүсдэг. Та бүхэн тухлан сууж үзээрэй.