Ковидын хатуу хөл хорионы үед сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг удаан хугацаанд зогсоосныг та санаж байна уу. Тухайн үед олон ч ээж, аав “хичээлийн хоцрогдлоо дийлэхээ байлаа, ирээдүйд хүүхдийнхээ боловсролд санаа зовж байна” гэх мэтээр дургүйцлээ илэрхийлж байсан. Тэгвэл тухайн үед үүнээс ч ноцтой асуудал ядуу өрхийн хүүхдүүдэд нүүрлэж байв. Энэ бол хоол. “Хөл хорионд том өрөө, хөргөгч, том өрөө гэсэн маршрутаар явсаар таргалж байна” гэх пост цахим орчинд ярианы сэдэв болох зуурт бяцхан охин, хүү өдөрт ганц удаа хоол идэх боломжгүй, өлмөн зэлмүүн өдрүүдийг өнгөрүүлж байлаа. Үүнийг олж харсан нэр бүхий ТББ “Халуун Хоол” хөтөлбөрийг хотын захын хэд хэдэн сургуульд хэрэгжүүлжээ. Хичээл нь орохгүй ч хүүхдүүд сургуульдаа ирээд, өдөрт нэг удаа халуун хоол иднэ. Хөтөлбөр эхлэх үед хүүхдүүдийн ерөнхий биеийн жин, өндөр, эрүүл мэндийн үзүүлэлтийг тэмдэглэжээ. Зарим хүүхэд тураалтай, хоол тэжээлийн дутагдалтай, жиндээ хүрэхгүй, наснаасаа жижигхэн биетэй, том толгойтой байжээ. Ингээд өдөрт нэг л удаа зохих ёсоор хүүхдүүдийг хооллоход хэвийн жиндээ орсон эрүүл мэндийн эерэг өөрчлөлтүүд гарчээ. Төрийн сэтгээгүй, сэтгэл гаргаагүй асуудалд төрийн бус байгууллага ажилласан нь энэ байсан юм. Тэгвэл энэ мэт төрийн бус байгууллагууд цаашид төрөөс хараат болж, иргэдийн эрх ашгийн төлөө ажиллах боломж нь хумигдах эрсдэл одоо үүсээд байна. Учир УИХ-д өнгөрсөн намар өргөн барьсан Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд ТББ-уудын жамаараа хөгжих, ажиллах боломжийг "боомилсон" заалтууд багтжээ.
1992 онд байгуулагдсан иргэний нийгмийн орон зайд хууль, эрх зүйн орчны нөлөөллийн талаар судалдаг ICNL байгууллагаас /Олон улсын ашгийн төлөө бус хуулийн төв/ дээрх хоёр хуулийн төслийг судалж Монгол Улсын иргэний нийгмийн орчинд халтай 6 эрсдэл байна гэж дүгнэжээ.
Хуулийн төсөл батлагдвал 20,000 гаруй ТББ-аас 1300 гаруй нь дахин бүртгүүлэх чадамжтай байгаа нь эвлэлдэн нэгдэх эрхийн зөрчил
Хуулийн төсөлд ТББ нь зөвхөн холбоо болон сан гэсэн 2 хэлбэртэй байна. Мөн байгуулахдаа 18 ба түүнээс дээш настай байх, татварын өргүй байх гэсэн шаардлагыг тусгажээ. Энэ нь “Хүүхдийн эрхийн конвецийн 15-р зүйл, хүүхдийн эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчсөн, мөн Иргэний болон Улс төрийн эрхийн тухайн олон улсын Пактын 22-р зүйлийг зөрчсөн гэж үзжээ. Учир нь гишүүнчлэл бүхий ТББ-уудын 10.4 хувь 15 хүртэлх насны, 17.7 хувь нь 15-24 хүртэлх насны гишүүдтэй байна.
Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд сан нь хувийн болон нийтийн гэсэн хоёрхон төрөл байхаар тусгасан. Хувийн санг байгуулахдаа 10 сая төгрөгийн эхлэл хөрөнгийг байршуулсан байх ёстой. Хэрвээ боломжгүй бол олон нийтээс мөнгө босгох эрхтэй нийтийн сан байгуулж болно гэжээ. Улмаар нийтийн сан нь Удирдах Зөвлөлтэй, Хяналтын хороотой байх, жил бүр аудитын тайлан гаргах ёстой гэж заажээ. Холбоо, сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүд батлагдвал одоо үйл ажиллагаа явуулж байгаа ТББ-ууд 2 жилийн дотор шинэчлэн бүртгүүлэх ёстой юм. Гэтэл нийт бүртгэлтэй, үйл ажиллагаа идэвхтэй явуулдаг ТББ-уудыг судлаад үзвэл дахин бүртгүүлэх шалгуур нь эргээд эвлэлдэн нэгдэх эрхийг хаах эрсдэлтэй байна. Учир нь 2020 оны байдлаар 24,200 ТББ бүртгэлтэй байгаагаас идэвхтэй үйл ажиллагаагаа явуулдаг нь 10 мянга гаруй байна. Үүнээс 5600 гаруй нь гишүүнчлэлтэй. Хэрвээ хувийн сан гэсэн ангиллаар бүртгүүлэхээр бол дээрх гишүүнчлэлтэй 5600 гаруй ТББ-ын 676 буюу 12.8 хувь нь ямар нэгэн хуримтлалтай буюу 10 сая төгрөгийн эхлэл хөрөнгө байршуулах боломжтой. Харин эхлэл хөрөнгөгүй ТББ-ууд нийтийн сангаар бүртгүүлье гэвэл жилд 4-5 сая төгрөгөөр аудитын тайлан гаргуулах шаардлагатай болно. Гэтэл тэдний 12.3 хувь буюу 600 нь энэ хэмжээний зардлаар тайлан гаргах боломжтой. Жилийн орлого нь 50 сая төгрөгөөс дээш. Ингээд бодоод үзэхээр дээрх хуулийн төсөл батлагдвал 20 мянга гаруй ТББ-аас ердөө 1300 гаруй нь л дахин бүртгүүлэхдээ шалгуур хангаж, цаашид “амьд” үлдэхээр байна.
Иргэний нийгмийн байгууллагууд онцлог, ялгаатай байдлаасаа хамаарч сүлжээ, форум гэх мэт олон төрөлтэй. Гэвч дээрх хуулийн төсөлд зөвхөн холбоо гэх нэг малгайд оруулахаар заасан. Гэтэл бүтэц, эрх мэдлийн дотоод хуваарилалт, чиг үүрэг нь өөр өөр байгууллагуудыг нэг загварт цутгах гэж хүчлэх нь дотоод засаглалд нь халдсан хэрэг гэж үзжээ. Хэрвээ дотоод засаглалыг нэг загварт оруулж хуульчилбал жижиг байгууллагууд хэт нүсэр бүтэцтэй болохоос өөр гарцгүй болох юм. Мөн нийт ТББ-уудын 70 гаруй хувь нь ердөө 5 хүртэл ажилтантай байгаа юм.
Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөл байгуулах нь эвлэлдэн нэгдэх эрх чөлөөнд эрсдэл учруулна
Хуулийн төсөлд төрөөс дэмжлэг үзүүлэх хөшүүрэг ашиглаж, иргэний нийгмийн байгууллагуудын дотоод засаглалд “Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөл”-өөр дамжуулан оролцохоор хуулийн төсөлд тусгажээ. Улмаар тухайн зөвлөл нь ТББ-ын дотоод засаглал, ёс зүйн хэм хэмжээг төлөвшүүлэх, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, ТББ-ын тайланг үнэлэх, зөвлөмж өгөх, мөнгө угаах болон терроризмтой тэмцэх эрсдэлийн үнэлгээ хийх гэх мэт чиг үүрэгтэй байна. Тус зөвлөлийн эрх мэдэл хэт өргөн хүрээтэй, тодорхой бус учраас төрөөс ТББ-ын дотоод хэрэгт зүй бусаар хөндлөнгөөс оролцох, нөөцийн болон дэмжлэгийн хүртээмжийг хязгаарлах зэргээр иргэний нийгмийн салбарт хөндлөнгөөс нөлөөлөх эрсдэлтэй гэж дүгнэжээ. ТББ-уудын 67.8 хувь нь санхүүгийн асуудал хамгийн их тулгамддаг гэсэн бол 50 орчим хувь нь төрөөс дэмжлэг сул, хүнд суртал, авлига, шударга бус байдал хамгийн их бэрхшээлтэй байдаг гэжээ. Нөхцөл байдал ийм байхад төрөөс Иргэний Нийгмийн Хөгжлийг Дэмжих Зөвлөл байгуулаад, өөрсдийн үнэлэмждээ нийцсэн “халаас”-ны ТББ-д санхүүжилт өгөх нь эргээд авилга, хүнд суртал, хараат байдлыг бий болгох эрсдэлтэй байна.
ТББ ямар үйл ажиллагаа явуулж болохгүйг хуулийн төсөлд тусгажээ
Холбоо, Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд тухайн байгууллага ямар үйл ажиллагаа явуулж болохгүй талаар заасан зохицуулалтыг тусгажээ. Гэтэл зөвшөөрөгдөх үйл ажиллагааг хэт их хязгаарлах нь хууль ёсны нөлөөллийн үйл ажиллагаанд саад учруулж болзошгүй юм. ТББ-ууд бодлогын, шинэчлэлийн төлөө ухуулга сурталчилгаа хийх, асуудлыг хэлэлцэж, олон нийтийн хэлэлцүүлэгт хувь нэмэр оруулах эрхтэй. Гэвч дээрх хуулийн төсөлд тусгасан хориглосон үйл ажиллагааны зохицуулалт нь хэт өргөн хүрээтэй. Жишээлбэл улс төрийн намын үйл ажиллагааг ТББ хийхийг хориглоно гэж тусгасан. Гэтэл ямар үйл ажиллагааг улс төрийн намын үйл ажиллагаа гэж хэлэх вэ гэдэг нь тодорхойгүй байгаа юм.
Нийтэд тустай үйл ажиллагаа гэсэн заалтад нийтэд тустай байгууллагын шалгуур, журмыг тусгаагүй
Хуулийн төсөлд нийтэд тустай үйл ажиллагаа гэсэн заалтууд тусгасан. Гэвч нийтэд тустай үйл ажиллагааг явуулах байгууллагуудыг хүлээн зөвшөөрөх шалгуур, журмыг тусгаагүй. Тэгсэн ч нийтэд тустай үйл ажиллагааны дэлгэрэнгүй тайлангаа Иргэний Нийгмийн Хөгжлийг Дэмжих Зөвлөлд хүргүүлэх шаардлагыг тусгажээ. Ингэснээр тухайн байгууллага төрөөс буюу тухайн зөвлөлийн дэмжлэг хүртэх хүсэлтэй эсэхээс үл хамаарч том, жижиг гэлтгүй бүгд нийтэд тустай үйл ажиллагаагаа дэлгэрэнгүй тайлагнах шаардлагатай болохоор байна. Гэтэл төрөөс хараат бус байх ёстой байгууллагууд энэ байдлаар тайлангаа өгч үнэлүүлэх нь мөн л иргэний нийгмийн эрх чөлөөнд эрсдэлтэй гэж үзжээ.
ТББ-ыг төрийн зарим байгууллага “дураараа” татан буулгах эрх олгосон зохицуулалт тусгажээ
Улс төрийн намын үйл ажиллагааг хэрэгжүүлэх эсвэл санхүүжүүлэх, шашны байгууллагын үйл ажиллагаа явуулах, үндсэн зорилго, үйл ажиллагаагаа өөрчилсөн зэрэг хэд хэдэн үндэслэлээр ТББ-ыг татан буулгахаар хуулийн төсөлд оруулжээ. Мөн санхүүгийн тайлангийн шаардлагыг хангаагүй тохиолдолд УБЕГ-аас ТББ-ыг бүртгэлээс хасах эрх нь байна гэв. ТББ-ыг зөвхөн ОУ-ын Хүний Эрхийн Эрх Зүйн Зарчимд нийцүүлэн, хуулийг ноцтой зөрчсөн, илт аюул эрсдэл учруулах тохиолдолд албадан татан буулгах ёстой байдаг. Гэвч хуулийн төсөлд холбоо, сангуудыг хэт өргөн хүрээт үндэслэлээр албадан буулгах зохицуулалт оруулжээ. Мөн албадан татан буулгах зохицуулалт шийдвэрийг урьдчилж мэдэгдэх, зөрчлийг арилгах боломжоор хангах, сонсгол хийх буюу өмгөөлөх эрх олгох, шийдвэрийг давж заалдах эрх олгох ёстой ч эдгээр зохицуулалтыг тусгаагүй байна. Тиймээс уг зохицуулалтыг хууль ялгамжтай үйлчилдэг манай улсад буруугаар ашиглах эрсдэл өндөр байна.
Иргэдийн эрх ашгийн төлөө дуу хоолой нь болж нийгмийн төлөө ажилладаг олон мянган төрийн бус байгууллагын цаашдын хувь заяа дээрх хуулийн төслөөс ихээхэн хамаарна. Тиймээс дэмжих нэрийн дор хязгаарласан, иргэний нийгмийн жам ёсны хөгжлийг хаасан заалтуудыг салбарын төлөөллүүд эсэргүүцэж байгаа билээ.
Сэтгүүлч А.Уянга