Нээлтээ хийсэн даруйдаа үзэгч олны анхаарлыг ихээхэн татсан “Зангараг” уран сайхны кино нь “Detektive FEST” кино фестивальд өрсөлдөн Гранпри шагнал хүртжээ.

Найруулагч А.Батбаатар, “Sky Pyramid” студийн бүтээл “Зангараг” уран сайхны кино ОХУ-ын нийслэл Москва хотод өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-24-нд болсон Олон Улсын “Detektive FEST” кино фестивальд шилэгдэн хоёр номинацид өрсөлдсөн юм.

Тус наадам нь энэ жил 18 дахь удаагаа зохиогдож байгаа ба нийт 57 орны 442 бүтээл ирүүлснээс 37 уран сайхны кино шилэгдсэн бөгөөд “Зангараг” кино шилдэг уран сайхны киноны номинацид ийнхүү хүчээ үзжээ.

Харин шилдэг эерэг дүрд есөн хүний нэр дэвшиснээс “Зангараг” уран сайхны кинонд Цэнгэлийн дүрийг бүтээсэн жүжигчин Б.Батбаатар өрсөлдсөн.

Тус кино нь өнгөрсөн 2015 оны зургаадугаар сарын 10-нд нээлтээ хийж олны анхаарлыг ихэд татсан. Киноны зохиолыг А.Батбаатар бичиж, ерөнхий найруулагчаар ажилласан. Энэ нь түүний анхны бие даасан уран бүтээл байсан ба өмнө нь нэлээд хэдэн кинонд зураглаачаар ажиллаж байжээ.

Харин киноны гол дүрүүдэд Төрийн шагналт жүжигчин Ц.Төмөрбаатар, Соёлын тэргүүний ажилтан Ц.Төмөрхуяг, Д.Бямбацогт, Г.Золбоот, П.Баттөр, Г.Алтангэрэл, Д.Дэлгэрсайхан, жүжигчин Е.Баярмагнай, А.Батбаатар, Т.Анар, Т.Мөнх-Эрдэнэ, Н.Мөнхсоёл нар тоглосон нь үзэгчдэд ч таалагдсан.

Сонирхолтой үйл явдлаар дүүрэн өрнөх “Зангараг” кинонд эр хүний мөс чанар, аминаас уяатай нандин хэлхээс, ээдрээт зангилаанд алдуураагүй тэсвэр тэвчээр, зангараг зэргийг тун тодорхой харуулсан уран сайхны кино нь ийн Олон Улсын “Detektive FEST” кинофестивалийн мэргэжлийн кино судлаач шүүмжлэгчдийн дүгнэлтээр Гранпри шагналыг хүртлээ.