"Хил хязгааргүй сурвалжлагчид" байгууллагаас Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг танилцууллаа. Энэ үзүүлэлтээр 180 орны хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдлыг үнэлдэг. Манай улсын тухайд хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр 22 байр ухарч, 90 дүгээрт эрэмбэлэгджээ. 2021 онд Монгол Улс 68 дугаар байрт бичигдэж, 2020 оны үзүүлэлттэй харьцуулахад таван байраар дээшилж байсан юм.
Энэ жилийн индексээр Норвеги, Дани болон Швед улсууд тэргүүлсэн бол "маш муу" гэсэн үнэлгээг 28 орон авсан байна.
Хэвлэлийн эрх чөлөө хамгийн ихээр доройтсон 10 орны тоонд 2021 оны хоёрдугаар сард болсон төрийн эргэлтийн улмаас хэвлэлийн эрх чөлөө 10 жилээр ухарсан Мьянмар 176-р байрт, Хятад, Туркменистан 177-д, Иран 178-д, Эритри 179-д, Хойд Солонгос 180-д оржээ.
RSF-ийн эрэмбэлсэн 180 улс оронд хэвлэлийн эрх чөлөөний зөрчил, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эсрэг үйлдсэн хүчирхийллийн тохиолдлуудад суурилсан тоон судалгаа, мөн RSF-ээс сонгосон хэвлэлийн эрх чөлөөний чиглэлээр ажилладаг хэдэн зуун шинжээчийг оролцуулан нийт 123 асуулт бүхий асуумжид суурилсан чанарын судалгаанд үндэслэн шалгуур үзүүлэлтүүдийг үнэлжээ. Шинэ сорилтууд, тэр дундаа хэвлэл мэдээллийг цахимжуулахтай холбоотой асуудлуудыг илүүтэйгээр авч үзэх үүднээс асуумжийг шинэчлэн боловсруулсан байна.
