Богд хааны ордон музейд “Ногоон дара эх тэргүүтэй Хорин нэгэн дара эхийн чуулган” үзэсгэлэн гарч байна. Өндөр гэгээн Занабазар Ногоон дара эх болон хорин нэгэн дара эхийг бүтээхдээ дүрийн дотоод ертөнцийг зохиомжоор илэрхийлэн, монгол бүсгүйн гоо сайхны сонгомол дүрийг бүтээжээ. Эдгээр бүтээл нь бурхан урлалын 32 билгүүн, 80 шинжийг хүний бие лагшны сонгодог харьцаатай чадварлаг хослуулснаараа хүн төрөлхтөний гоо сайхны жинхэнэ монгол үлгэр болсон юм.
Дара эх тайвшруулах, нэмэгдүүлэх, дарах, уурлах гэсэн 4 төрлийн үүрэгтэй. Үүрэг тус бүрийг цагаан, шар, улаан, хөх өнгөөр илэрхийлдэг байна. Ногоон дара эхийн цутгамал дүр бол ур хийцээр гайхалтайн зэрэгцээ эмэгтэй хүний уран гоолиг төрх, зөөлөн дүрийг чадамгай урласны хувьд ерийн нэг эглийн дүр, хэр хэмжээнээс адилтгашгүй үзэсгэлэнтэй болсон гэж магтдаг.