Монгол Улсад үндэсний их найрал хөгжим байгуулагдсаны 60 жилийн ой энэ жил тохиож байна. “Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал”-ын үндэс суурь болтлоо их замыг туулж, дуунаас дуулалт жүжиг, жижиг аязаас жүжгийн бүтээлийг туурьвин өөрийн оронд төдийгүй олон улсын тайзнаа үндэсний болоод дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчдын олон арван бүтээлээр сонсогч олныхоо сонорыг мялааж байна. Үндэсний их найрал хөгжмийн байгуулагдсан түүх, туулж ирсэн замнал болоод урын сан, бусдаас ондооших онцлогийн талаар Үндэсний урлагийн их театрын ерөнхий удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Буянбаатартай ярилцлаа.
1962 оны арванхоёрдугаар сард анхны бие даасан тоглолтоо хийсэн хугацаанаас эхлэн үндэсний их найрал хөгжмийн шинэ цагийн түүхийг тоолдог. Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж гуайг байгуулсан гэдэг. Үүсэн байгуулагдсан түүхийг хуучлахгүй юу?
Үндэсний урлагийн их театр байгуулагдаад 72 жил болж байгаа. 1945 онд эстрад урлагийн товчоо хэмээн байгуулагдахдаа зургаан хөгжимчинтэй байсан. Энэ цаг үеэс хойш хөгжимчид нэмэгдэж явсаар байгаад 1950-1960-аад он гэхэд оркестрын нэлээд хэсэг бүрдсэн байсан. Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж санаачилга гаргаж их хаад, эзэнт гүрний үеийн их найрал хөгжим хорьдугаар зуунд байх ёстой хэмээн үзэж, албан ёсоор 1962 онд байгуулсан түүхтэй. 1962 оны арванхоёрдугаар сарын 1-нд анхны тоглолтоо хийсэн энэ он цагаас хойш нэгэн жарныг элээжээ. Энэ жил 60 жилийн хугацаанд үндэсний найрал хөгжим Монгол Улсын үндэстний урлагийг дэлхийн олон улс оронд өөрийн оронд болж буй бүхий л үйл ажиллагаанд тасралтгүй оролцож явж иржээ.
Найрал хөгжим байгуулж байгаа учир Сайд нарын зөвлөлийн урлагийг эрхлэх хорооны тушаалаар 1964 онд чуулгын дэргэд Үндэсний хөгжмийн бага туршилтын газар байгуулсан. Найрал хөгжим бий болж буй учир найрал хөгжимд шаардлагатай байгаа хөгжмийн зэмсгийг эндээ үйлдвэрлэх, шинэчлэх, уламжлалт хөгжмийн зэмсгийг боловсронгуй болгох асуудлыг хийж эхэлсэн. Одоо манай үндэсний найрал хөгжимд байгаа үлээвэр хөгжмийн зэмсгүүд илүү боловсронгуй болж хөгжиж ирсэн. Ялангуяа тухайн үеийн манай хөгжимчид болох Д.Индрээ нарт үүрэг даалгавар өгч эвэр бүрээ, их бүрээ, их бишгүүр зэрэг хөгжмийн зэмсгүүд үйлдвэрлэгдэж гарч ирсэн. Цордон бүрээ, ардын бишгүүр, морин хуур, хуучир, шанз, лимбэ, ёочин, ятга хөгжим дээр их хуур хөгжмийг нэмж найрал хөгжмийн бүтэц бүрэлдэхүүнийг боловсронгуй болгож ирсэн түүхтэй. Энэ үед байгуулсан бүтэц бүрэлдэхүүнээрээ одоо хүртэл явж байна. Үндэсний хөгжим, хөгжмийн зэмсгээ бэлдэхийн зэрэгцээ тухайн үеийн Хөгжим бүжгийн дунд сургууль буюу одоогийн Монгол Улсын консерваторид боловсон хүчнээ системтэйгээр бодлоготойгоор дэмжиж ирсэн. 1960-аад оны дунд үеэс анхны төгсөгчид төгсөж ирсэн. Найрал хөгжмийн хөгжимчдийг мэргэжилтэй боловсон хүчнээр хангах процесс өнөөдрийг хүртэл тасралтгүй явагдаж байна.

Анхны тоглолтоороо ямар уран бүтээлүүдийг хүргэж байсан юм бол?
Анхны тоглолтод Буяа багшийн бичсэн эхлэл хөгжим, гадаадын бүтээлийг найруулж тоглож байсан. Албан ёсны тоглолт хийхээс өмнө “Кармен” дуурийн оршлыг тоглож, олон улсын фестивальд шагнал хүртэж байсан түүхтэй. Энэ цагаас л Л.Мөрдорж багш найрал хөгжимд зориулсан бүтээлээ туурвиж, энэ дотроо ажиллаж байгаа хөгжимчид мөн чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Хөгжмийн зэмсгийг хөгжүүлэхэд манай ахмад уран бүтээлчид болох Д.Индрээ, Ж.Мэнд-Амар, Ц.Идэрбат нарын нэг хэсэг нь хөгжмийн зэмсгийг үйлдвэрлэж, нэг хэсэг нь хөгжимд зориулсан уран бүтээл бичиж, урын санг баяжуулж байсан. Энэ бүхэн Л.Мөрдоржийн удирдлага дор бий болсон. Найрал хөгжмийн урын санг баяжуулах, хөгжмийн зэмсгийг боловсронгуй болгох, хөгжимчдийн ур чадварыг дээшлүүлэх гээд олон чухал ажлыг системтэйгээр хийсэн байдаг. Өнөөдрийн мэргэжлийн боловсон хүчинг шат дараатайгаар бэлтгэж, найрал хөгжмийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан. Энэ цагаас эхлэн өнөөдрийг хүртэл Монголын хөгжмийн зохиолчдын бүтээл төдийгүй дэлхийн бусад улс орны сонгодог хөгжмийн бүтээлүүдийг тоглотлоо өргөжсөн байна.
Найрал хөгжмийн урын сан дахь томоохон бүтээлүүд хэзээ мэндэлсэн бэ?
Найрал хөгжмийн түүхэнд хөгжмийн томоохон хэлбэрийн бүтээлүүдийг 1980-аад оны эхнээс мэндэлсэн. Хөдөлмөрийн баатар Д.Лувсаншаравын “Сүнжидмаа” дуулалт жүжиг, “Нарны домог” бүжгэн бүжиг мэндэлсэн. Орчин цагийн хөгжмийн зохиолчдын ноён оргилууд болсон Э.Чойдог, Л.Мөрдорж, С.Гончигсумлаа, Д.Лувсаншаравын дараагаар түүний дараагийн үе болсон З.Хангал, Н.Жанцанноров, Б.Шарав, Х.Билэгжаргал нарын мэргэжлийн дан хөгжмийн бүтээлүүд олширсон.
Хөгжимчид дотроосоо хөгжмийн бүтээл төрүүлэх, хөгжимд зориулсан гоцлол бүтээлүүд туурвих бүжгийн хөгжим бичих, концертын гоцлол бүтээлийг хөрвүүлэн найруулах зэргээр уламжлал өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Ёочинчин Ж.Мэнд-Амар, морин хуурч Ц.Идэрбат, лимбэчин М.Бадам, их хуурч Чойжилжав зэрэг хөгжимчид урын санг баяжуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Хөгжмийн зохиолч Д.Цогтсайхан морин хуурын дөрвөлийг санаачлагч морин хуурч, залуу хөгжмийн зохиолч Ч.Батсайхан, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ариунболд, хөгжмийн зохиолч М.Бирваа зэрэг дотроосоо төрөн гарсан уран бүтээлчид үндэсний найрал хөгжимд зориулсан бүтээл, гоцлол бүтээл зэргээр урын сангаа баяжуулсан. Одоо цагт Ш.Өлзийбаяр, Цэн.Эрдэнэбат, Х.Алтангэрэл, Төрийн соёрхолт Б.Мөнхболдын томоохон дан хөгжмийн бүтээл, бүжгэн жүжгийг урын сандаа нэмээд явж байна.
Манай үндэсний их найрал хөгжмийн бусад орны үндэсний найрал хөгжмөөс ялгарах онцлог нь юу вэ?
Манай найрал хөгжмийн онцлог нь бүтцийнхээ хувьд нумт хөгжим, товшуур хөгжим, үлээвэр хөгжим, цохивор хөгжим гээд дөрвөн төрөл дөрвүүлээ байдгаараа онцлогтой. Дэлхий дээр үндэсний найрал хөгжимтэй орон тийм олон байдаггүй. Харин симфони найрал гэвэл европт бол манайхаар бол аймаг сум, бригад, багт бүрт бий. Үндэсний найрал хөгжимтэй орнууд нь ихэнх хуучин социалист системийн орнууд. Болгар, Чех, ОХУ гэх мэт. Сүүлд байгуулсан Өмнөд солонгос байна. БНХАУ-д бас бий. Манай үндэсний их найрлыг ОХУ-ын үндэсний найралтай харьцуулахад жишээ нь эдний хөгжмийн найралд нумт хөгжим байдаггүй. Өмнөд Солонгосын найралд гэхэд нумт хөгжим ганцхан байдаг. 70-80 хувийг нь ятга эзэлдэг. Манай үндэсний их найрал үлээвэр хөгжмийн хувьд бусад орны үндэсний оркестроос маш их баялаг. Дээрээс нь хөгжүүлэлт сайн хийсэн. Үүгээрээ дуугаралтаараа маш гайхалтай, өвөрмөц. Уламжлалт үндэсний хөг аялгуун дээрээ европын дэлхийн хөгжмийн боловсрол олж ирсэн хөгжмийн зохиолчдын бүтээлийг тоглодог учраас гайхалтай л гэж хэлнэ.

Тантай өмнө нь уулзахад Монголын үндэсний их найрал шиг найрал хөгжим дэлхийн хаана ч байхгүй гэж хэлж байсан.
Би онгироод байгаа хэрэг биш. Гадныхан ч үүнийг хүлээн зөвшөөрдөг. Бид БНСУ-д очиж тоглолт хийхэд “Танай оркестрын дуугаралтад их өөр нэг юм байна” гээд магтаад байсан. 2013, 2014 онд шиг санаж байна. Монгол төрийн үндэсний их найрал хөгжим 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ӨМӨЗО-ы Улаан театрт очиж тоглосон. Тэгэхэд Монголын үндэсний хөгжмийн их найрлын дуугаралт, тоглолт, хөгжимчдийн ур чадвар, манай найралд байгаа урын санг үнэхээр биширсэн. Бидний очсон энэ тоглолт Бээжинд хүртлээ дуулиан болсон.
“Монголын үндэсний найрал хөгжим маш өндөр хэмжээнд хөгжсөн юм байна. Тоглож байгаа бүтээл нь мэргэжлийн хөгжмийн зохиолчийн өндөр түвшинд бичигдсэн юм байна. Тоглож байгаа хөгжимчдийн ур чадвар нь гайхалтай хөгжсөн юм байна” гэж байсан. Уран бүтээлчид нь хүртэл “Танай үндэсний их найрлын нууц нь юундаа байна вэ. Бид нар танай түвшинд хүрэхэд багадаа 20 жил хэрэгтэй юм байна” гэж хэлж байсан. БНХАУ том гүрэн. Үндэсний найрал нь муж бүхэнд бий шүү дээ. Миний бахархаад байгаа зүйл нь Монголын үндэсний их найрал цөөхөн хэдэн үндэсний хөгжимтэй байгаа боловч Монголын үндэсний их найрал аль ч талаараа өвөрмөц илүү, дэлхийн хаана ч байхгүй гэж бодож явдаг.
Манай улсад 60-аас дээш бүрэлдэхүүнтэй хэдэн найрал хөгжмийн бүрэлдэхүүн байдаг вэ?
Монголд 60-аас дээш хүнтэй дөрвөн найрал хөгжим л байна. Манай театрын найрал 65, Улсын филармонийн симфони найрал хөгжим 60 гаруй, ДБЭТ-ын симфони найрал 60 гаруй хүнтэй. Мөн Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим 60-аас дээш бүрэлдэхүүнтэй. Хоёр нь симфони найрал, нэг нь үлээвэр, нэг нь үндэсний найрал хөгжим юм.
Аливаа концертын байгууллагын гол хүч нь хөгжим дээрээ тогтож явдаг. Дуурь бүжгийн эрдмийн театр симфони оркестр нь байгаа учраас дэлхийн сонгодог “Аида” дуурь, “Жизель”, “Хунт нуур” балетыг тавиад байгаа юм. Улсын филармонид симфони найрал байгаа учраас дэлхийн сонгодог Людвиг ван Бетховены есдүгээр симфони зэрэг томоохон бүтээлийг тоглож байгаа юм. Манайх оркестртой учир “Сүнжидмаа”, “Их хатад”, “Нарны домог” зэрэг бүтээлүүдийг бүтээх боломж бий болж байгаа юм. Гэхдээ дэлхийд бидний бусдаас ялгарах өв соёл өвөрмөц бүтээгдэхүүн бол яалт ч үгүй үндэсний их найралд байна. Би үндэсний их найралтай 37 жил хамт байна. Хөгжимчнөөс эхлээд удирдаач хүртлээ ажиллаж байна. Соёлын өдөр, ардын урлагийн фестиваль, айлчлан тоглолт зэрэг олон тайзан дээр олон арга хэмжээн дээр оролцож явахад Монголын үндэсний урлаг хаа ч очсон нэг номерт үнэлэгддэг.
Урын сандаа хэд орчим бүтээлтэй болж вэ?
Урын санд буй бүтээлийн тоог хэлэх боломжгүй. Маш их бүтээл байна. Бүжгийн хөгжим гэхэд “Адуучин залуус”, “Саальчин”, “Эмнэг сургагч”, “Жалам хар” гэх мэт. Монголын 20 гаруй үндэстэн, ястнуудын дуу хуур байна. “Нарны домог”, “Мэргэнд буусан чоно”, “Алтан ураг”, “Монголын их хатад” зэрэг томоохон үндэсний бүжгэн жүжгийн аялгуунууд, мөн “Сүнжидмаа”, “Учиртай гурван толгой”, “Үлэмжийн чанар” зэрэг дуулалт жүжгийн хөгжим, сэдэвчилсэн концертуудын хөгжим, үндэсний найрал хөгжимд хөрвүүлсэн, найруулсан бүтээлүүд, гоцлол хөгжимд зориулсан концертууд, шанз, ятга, морин хуур, ёочинд зориулсан концерт зэрэг бүтээлүүд бий. Тэгэхээр урын сандаа бид ийм тооны бүтээлтэй гэж нарийн тоо гаргахад хэцүү байгаа биз.
Үндэсний урлагийн их театрын хөгжмийн их найрлаас Монголын шилдэг олон уран бүтээлчид төрөн гарсан байдаг юм билээ. Жишээлбэл, хорьдугаар зууны шилдэг хамтлаг “Соёл-Эрдэнэ” л гэхэд энэ найрлаас мэндэлсэн түүхтэй?
-Үндэсний их найрал хөгжмийн дөрвөн ятгачин алдарт “Соёл-Эрдэнэ” хамтлагийг бий болгосон. Морин хуурч, хөгжмийн зохиолч Ч.Цогтсайханы санаачилгаар Монголын анхны морин хуурын дөрвөл мөн л эндээс байгуулагдаж байлаа. Үндэсний урлагийн их театрт ажиллаж байсан хүмүүс өөр байгууллагуудад очоод дараа дараагийн хамтлаг чуулгыг байгуулж байсан. “Түмэн-Эх”-ээс эхлээд нэрлэж болно. Дэлхийд данстай болсон “Хөсөгтөн”, “Хү” хамтлагийн зарим хөгжимчид эндээс л мөн төрөн гарсан. Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагч Ц.Батчулуун багш сургуулиа төгсөж ирсэн даруйдаа манай чуулгад хуваарилагдан 1985 он хүртэл ажиллаж байсан түүхтэй. Ингэхээр Үндэсний урлагийн их театр, үндэсний их найрал хөгжмөөс төрөн гарсан уран бүтээлчдийн мэргэжлийн урлагийн байгууллагуудад оруулсан хувь нэмэр маш их байгаа биз.
60 жилийн ойдоо зориулж Үндэсний урлагийн их театрын зүгээс ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?
60 жилийн ойн хүрээнд хэд хэдэн ажлууд хийхээр төлөвлөсөн. Манай уран бүтээлчдийн 70-80 хувь нь залуу уран бүтээлчид болсон байна. Монголын хөгжмийн зохиолчдын урын сангаар бүрдсэн бүтээлээр тавдугаар сард тоглолт хийх гэж байна. Гоцлол хөгжимчин Шанхайн консерваторид магистрын зэрэг хамгаалсан хуучирч Э.Цэндсүрэнгийн гоцлол хөгжмийн тоглолт болно. Долдугаар сарын 12-нд уламжлалт “Наадмын үдэш” үндсэн тоглолтоо толилуулна. Бид нэгдсэн гала тоглолтоо их найрал байгуулагдсан арванхоёрдугаар сард хийхээр бэлтгэж байна. Мөн найрал хөгжмийн бүрэлдэхүүн маань брэнд болсон “Сэрсэн тал 38” тоглолтоо мөн толилуулна.