Авлигатай тэмцэх газрын саналыг үндэслэн Улсын ерөнхий прокурор УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д хүргүүлсэн. Үүний дагуу УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж буй. Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулсан талаар тайлбар хийлээ.

Тэрээр "Дөрвөн гишүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 зүйлээр эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр прокурор хянаж, үндэслэлтэй байна гэж үзсэн. Гишүүд яллагдагчаар татсан тогтоолтой танилцаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэдэн төгрөгийн хохирол учруулсан гэдэг нь Эрүүгийн хуулиар нууцлалтай байдаг учраас эд хөрөнгийн хохирлын тоо баримтыг хэлэх боломжгүй. Одоогоор прокурорт нэмж яллагдагчаар татсан УИХ-ын гишүүн байхгүй. Хөгжлийн банктай холбоотой 29 хэрэг бүртгэлийн хэрэг нээгдсэн. Хэрэг бүртгэлтийн хэрэг гэдэг бол нотлох баримтыг цуглуулах үйл явц.

Хөгжлийн банкны асуудлыг маш олон жилийн өмнөөс шалгаж эхэлсэн. Нийт 42 хүнийг яллагдагчаар татсан. Бид тодорхой ажлуудыг хийж, эхнээс нь үр дүн гарч байна гэж харж байна. Хохирлыг тодорхой хэмжээгээр төлж эхэлсэн. Маш олон ажиллагаа хийдэг учраас цаг хугацаа их шаарддаг" гэлээ.