“Тагтаа” хэвлэлийн газраас “Taгтаа” утга зохиолын шагналыг хоёр жил тутамд зохион байгуулдаг болсон нь эдүгээ утга зохиолын салбарын залуу уран бүтээлчдийн хүсэн хүлээдэг арга хэмжээ болжээ. Яруу найраг, өгүүллэг, орчуулга гэсэн төрлүүдэд шилдгүүдийг шалгаруулдаг “Тагтаа-2022” уралдааны бүртгэл тавдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ. Шинэхэн шагналтнууд тун удахгүй тодрохоос өмнөх оны шилдэг бүтээлүүдийг уншигч танд хүргэе.
Шилдэг яруу найраг: Тө.Бямбасүрэн шүлгүүд
Яруу найргийн уралдаанд 140 шүлэгч бүтээлээ ирүүлж, шилдэг 7 шүлэгчийг шигшин авч, шилдгийн шилдгээр Тө.Бямбасүрэн тодорсон юм.
Би дандаа л
дуугаа хураасан хүн шиг шүлэг
Бичье гэж боддог сон.
Дуугаа хураасан төрх дур булаам,
урууландаа зуусан тамхи хүсэм,
халаасандаа нуусан гар атгам...
Хамгийн сайхан нь үг хэлэлгүй
Хань болж болом...
Би даанч
дуугүйд нэвтэрч сураагүй л явна.
Ердөө ганц л удаа, голын эрэгт
Есдүгээр сарын
агаарт шидэгдэх навчийг харж билээ.
Олзоороо тоглох муур адил салхи
навчийг сэгсчин хийсгэж
Орчлонгоос тасарсан амиар
наадаж байх шиг харагдсан сан.
Аясхан гол өлмийд нь бидэртэхэд,
Усны гүнээс
ус өөрөө цойлон гарч ирээд
навчийг тэврэн авахыг
надаас илүү хүсэж байх шиг санагдахад
Агшин зуур сэтгэлд минь
анир чимээгүй болсон сон.
[Тө. 2020.01]
Шинэхэн цасны эрэгт өгүүлэх түүхийнхээ эхний үсэг мэт зогсном.
Эр хүн эхнэртэй болдог ч эхнэрийнх болдоггүй! гэж тэд хэлдэг
Эрүүнээс нь сахлын ёзоор хана руу шивсэн өргөс шиг харагддаг тэдний
Эвлэрэхээс аргагүй согог шигээр хэлсэн гунигт хоолойг дурснам.
Өнь Хийгён-ы "Ядуу эрийн эхнэр" өгүүллэгийг уншнам.
Яг л чи бид хоёр шиг санагдсаныг,
яагаад ч юм чамд уншуулахаас айснаа дурснам.
тэрхэн хоромд чамд хичнээн хайхрамжгүйгээ ухаарнам.
Энхтайваны хамгийн арын гудамд амьдардаг хөгшин зураачийг дурснам.
Чилж зөөлөрсөн нүднийх нь харц
Чи намайг "ах" гэж дууддаг байсан үеийг санагдуулсанд гайхнам.
Яагаад ч юм тэр эгшинд
Хуучин хайртыгаа хүний гэргий болсныг мэднэм... гэж бичтэл
Хувь заяа нэгэн ачааг минь авчих шиг уужирсныг дурснам.
Шинэхэн цасны эрэгт өгүүлэх түүхийнхээ эхний үсэг мэт зогсном.
Хөршийн хөхүүл жингэр хашаанд минь явж асан шөнийг дурснам.
Яараагүй, хоол шиншлээгүй, зүгээр л бодлогоширч явах шиг санагдсаныг,
Яруухан сар тэргэл, зүүнээс дөчөөд хэмийн налуу тусаж байсныг төсөөлнөм.
Атиралдан нойрсох чинь тэр шөнө улам энхрийхэн харагдсаныг
Ай, даарсан хөлөнд минь дулаан хөлөө нааж,
нойрон дундаа зөөлөн үнссэнийг чинь хайрланам.
[Тө.2020.02]
Эзэнгүй тахиан байр,
нуруулдсан аргал,
хужир дүүргэсэн онгоцны дэргэд
Элгээрээ унасан саалийн сандалыг босгож
салхинд сэвлэгээ хийсгэн суулаа.
Амьдрал минь
балчир насны сэтгэлийн тэнхээ,
бардам мөрөөдөл, итгэл найдварын биелэл!
Амь заяанд минь тохиосон бусад төлөвлөөгүй зүйлс ч мөн!
Ингэж бодон дэлхийнхээ эргэлттэй нийлэн
Илүү хөдөлгөөн хийлгүй нарыг даялж байна.
Би боддог юм, бичилхээн бөөмсийн адил
Бидний гараг ч огторгуйн ширхэгхэн эс байх даа гэж!
Тэгвэл бие минь, биеэрээ туулж яваа өдрүүд минь
Энгүй, тоо томшгүй эст Огторгуйн
Эрвэгнэх, гижиг хүрэх, загтнах, хорсох... гэх мэт
Энгийн, үл мэдэг зурсхийсэн мэдрэмжүүд байх даа гэж!
Ёзоороосоо ногоорч буй дөрөвдүгээр сарын өвс,
Ёроолд нь хайлсан бүтэн өвлийн цас... тэд ч бас
Бидний л ижилхэн мэдрэмж мөн гэж!
Амьдрал минь эгэл өчүүхэн, ганцаардмал хүчгүй ч
Агуу зүйлийн доторх жижигхэн хөдөлгөөн хэдий ч
Амин хэрэгцээтэй нь байж болох уу? хэмээн төсөөлж суулаа.
Шилдэг өгүүллэг: Үлдэн хоцрогсод
Өгүүллэгийн уралдаанд 106 хүн бүтээлээ ирүүлж, шилдэг долоон залуу зохиолчийг шигшин авч, Б.Байгалын “Үлдэн хоцрогсод” шилдгийн шилдэг бүтээлээр шалгарсан юм.
Үлдэн хоцрогсод
Хууль журмыг чанд сахин хорин жил явлаа ч нэг л өдөр буруудаж, бурхны номыг хорин дөрвөн цаг тасралтгүй уншлаа ч нүдээ цавчих төдийд нүгэл хураагдах энэ орчлонд хоёр удаа амьдарлаа ч чухам юуны төлөө гэдгээ хэн бөгөөс үл мэднэ. Би хуй салхинд туугдах хамхуул мэт явж хэдэн ч оныг өнгөрөөв. Нүдээ нээсэн ч нойрноос сэрсэн нь үгүй. Магад одоо ч гэсэн зүүдэлж байвал духан дээр минь үнэсээд өглөө болсныг дуулгаач! Хөшгөө нээхэд ургах наран ойн цоорхой руу зайчлан шургах хавирган сарыг хурц гэрлээрээ нэвт сүлбэх нь хоромхон ч болов үзэгдээсэй. Хүүхдүүд цонхны цаанаас нэрийг минь дуудан хашхиралдвал хөнжлөө хуу татаад л босож гараад гүйхсэн. Эмээгийнхээ хотоос авч ирсэн хавчаарыг хаана хаячихсан юм бол доо. Хэзээ ч үснээсээ салгах ёсгүй байсан юм, хэзээ ч...
Бид харуусал тээж амьдрахын тулд л алдаа гаргадаг юм шиг ээ. Хоёр дахь боломж гэж байсан ч ялгаагүй нэг довжоон дээрээ ахин дахин бүдэрнэ. Аргагүй шүү дээ, манай байшинг харалган хүн барьсан гэдэг. Хэмжээ дамжаа ч сайн авалгүй, гарын баримжаагаараа барьсан гэж эмээ хэлсэн. Тиймээс л довжоо нь ийм өндөр атал үүдний шат нь тээр доор.., хөлд ороод удаагүй бяцхан би тэрэнд нь хэчнээн ч тээглэж унав. Тэр харалган хүн чөрийсөн туранхай бие, бөгтөр нуруутай, эцгийнхээ ганц морийг зараад хот орж сургууль соёл бараадсан гэдгээс өөр сураггүй нэгэн. Тухайн үед баян ядуугийн зааг ч гэж байсангүй, сарвайж л чадвал хаана ч хүрдэг цаг. Хүн амьтан сийрэг Софиа хот ч хөгжлийн машид эгзэгтэй үе дээрээ ирчихээд байлаа. Харин мань хүн тэнд зузаан гэгчийн шилээ монхор хамар дээрээ тохчхоод сажилж явж... Софиагийн анагаах ухааны их сургуульд яг тэр жил урьд хожид хэзээ ч сонсогдож байгаагүй алс холын нэгэн орноос царай зүс муутай, час улаан хацартай охид, намхан бор хөвгүүд нийлсэн 10 хүрэхгүй оюутан ирж гэнэ. Тэр дундаас хамгийн улаан хацартай нь хамгийн аальгүй нь байж таарч, тэр мөртлөө ирсэн газартаа хамгийн түрүүнд дасан зохицож, нүхээ олжээ. Софиа арга ч үгүй сайхан хот байсан даа. Тэр хотыг би галт тэрэгний цонхоор ердөө хэдэн удаа л харсан юм. Харин төрж өссөн Долна Градешница тосгон минь тархинд өргөс мэт шигдэн, намайг амьд яваа бүхий л хугацаандаа өөр хаана ч идээшлэн дасах боломжгүй болгосон тул одоо хүртэл биенээсээ төөрсөн сүнс шиг хоосон бөгөөд тухгүй. Тэр нов ногооныг, тэр цэв цэнхрийг үнэрлэж, усных нь тунгалгийг амсаж өссөн хэн ч дорд муу хүн болж чадамгүй мэт. Тийм л ариун газар хамгийн сүүлийн амьсгаагаа авах гэж хаа холоос хүмүүс зорин зорьсоор ирдэг, тиймдээ ч залуус цөөнтэй, хөгшид ихтэй нутаг байв. Төрсөн газар ус гэсэндээ чулуу нь хүртэл зөөлөн нутаг минь хаа ч явсан гэртээ ирээч хэмээн сэвшээ салхиар намайгаа дуудах шиг. Очихгүй л бол болохгүй, очихоос нааш үхэж ч боломгүй санагдах атал эргээд харих нүүр даанч алга. Одоо намайг таних хүн ч үлдээгүй биз.
Би өглөө гараад л үдшийн бүрийгээр орж ирдэг сахилгагүй жаал байхдаа энэ нутгийн дов толгодыг гүйцээж, ойг шугуйг нь нүхэлж дуусгасан. Грек Болгарыг холбогч Струма голын сав газарт бөртийн харагдах чигчий хуруу шиг жижигхэн тэр тосгон хорвоо дээр царцаж үлдсэн цор ганц амар амгалан мэт төсөөлөгдөж, бяцхан охин миний зүрхэнд маш том орон зайг эзэлнэм. Бидний бага нас цэцэг навчин дунд яасан сайхан өнгөрөө вэ гэж заримдаа баярлах юм. Том хүн болох амaргүй. Ялангуяа ийм цаг үед. Намайг хэн нэг хүн гэхээс илүү ямар нэгэн зүйл төрүүлж өсгөсөн юм шиг санагдах үе бий. Хувцас халтар болонгуут шүлсээрээ угаачихдаг байлаа. Өлөрхвөл цох хорхой, жараахай, модны өт гээд юу ч хамаагүй идээд хорддоггүй байж. Урдах байшинд Миша гэх хүү бий. Цайвар шаргал үс нь өглөөний нарыг бүдгэрүүлэх шиг. Харин миний хамгийн сайн найз Росица таван байшингийн цаана амьдран сууна. Даахирсан буржгар шар үс нь хацрын сэвхтэй нь өнгө хоршино. Бидний тоглоом хатуу ч сэтгэл зөөлөн байлаа. Нэг удаа бүр Борислав гэгч хүүг худаг руу унагачхангуутаа аав ээжид нь загнуулахаас айгаад тэнд нь орхичхож билээ. Хар хурдаараа ойн гүн рүү инээлдэн бас уйлан зугтацгаасан нь өчигдөр гэлтэй. Орой нь тосгоныхон Борисыг худгаас олоод татаж гаргахад хөөрхий минь таван цаг гаран усанд хөвсөндөө хөл нь чичирч гар нь салганачихсан, тэгсэн мөртлөө бас шарандаа бид нар луу үсчин дайрч, “Ална даа” хэмээн бархиран, Мишатай зодолдоод газар өнхрөлдөж бөөн шороо болсон доо! Тойрч зогссон хүмүүс гэдсээ хагартал инээсэн дэг. Хамгийн уйтгартай газар яг үнэндээ хамгийн хөгжилтэй нь байдаг санж. Бид ойн цоорхойд орны бүтээлэг, модны мөчрөөр урцархуу юм барьж тэндээ айл гэр болж тоглоно, гал түлж анчны дүр эсгэн оготно шарж иднэ. Кресна нутаг ус цөөрөм ихтэй, тунгалаг рашаанаараа алдартай. Хад асгаар нь л болгоомжтой явбаас өөр аминд халтай аюул үгүй тайван сайхан газар. Хөрс нь үржил шимтэй, хүмүүс нь цөөн боловч халуун дотно. Айл бүр хашаандаа зүйл бүрийн хүнсний ногоо тарьж, гахай шувуу тэжээдэг тул өлсөж цангахын зовлон амсаагүй өсчээ. Намар нь танай манай гэлтгүй хүн бүр хамтарч ургацаа хураан, эмээ нар өдөржин ажиллаж ундаассан хөршүүдээ амттай хоолоороо дайлна. Хоол хошны үнэрээр ноход тавьтаргүйтэн гийналдахад “Бүгдэд нь хүрэлцэнэ шүү дээ” хэмээн айлын аав, ах нар шинэхэн гаргасан гахайн яс, мөгөөрс, өвдөл цөвдөл идүүрт нь дүүргэнэ. Оройн улаан наран цонх нөмрөн унахад цаана нь нэг бүдүүн муур унтаж харагдана. Тосгоноос баруун урдхан буудайн талбай, түүний захаар жирийтэл өрсөн жижиг модон байшингуудын цаана дүнсийх цасан малгайт уулс хонхор газрыг төгсгөж Славяны хамаг дээд бурхан, аянга цахилгааныг удирдагч Перунаар овоглосон Пирин уул болоод Влахина, Беласица, Рила, тэр ч байтугай Алпийн нурууг эхлүүлж буй нь үзэгдэнэ. “Бид ямар аугаа зүйлийн өчүүхэн хэсэг болж төрөө вэ?” хэмээн эмээ минь уулга алддаг сан. Надежда гэдэг нэрийг надад өгөхдөө тэрээр амьдрал үхлийн зааг дээр эргэж буцсан сул дорой нэгэн сүнсэнд итгэл найдвар хайрлаж энэ газарт авчирсан юм.
Одоогийн хүмүүс төрсөн өдөр гэхээр сүйд болж, ажлынхан, найз нөхдөөрөө цуглан ширээ дүүрэн идээ будаа өрж, өнгө алагласан дарс, гашуун ундаа сөгнөн, үйл ажиллагааны дараа бүжгийн клуб орж тасарч унаад таксигаар гэртээ хүргэгдтэлээ нижгэр тэмдэглэж харагдана. Хуучин цагт ийм юм байгаагүй юм. Миний ой санамжид нэг төрсөн өдрийн дурсамж бүдэг бадаг үлдсэн бий. Хэдэн насны минь төрсөн өдөр байсан юм бол, хааяа санах гэж хичээдэг ч их л балчир байсан бололтой, загалтсан цонхны цаадах сүүмгэр дүрс мэт бүрсийсэн зураглал төдийхөн үлджээ. Жинхэнээсээ болсон үйл явдал уу, эсвэл бодол төсөөлөл үү, бүү мэд! Ямартаа ч миний хайртай хүмүүс тэнд бүгд цуглаад байлаа. Баян хүний хуримын ширээ л ийм байдаг байх гэлтэй манай умгар байшинд багтахааргүй уртаас урт вандан дээр зүсэн зүйлийн чихэр жимс, бяслаг, гахайн утсан мах, зуухнаас уур савсан гарах алимтай пирог гээд л тоолж баршгүй олон таваг хоол унд завсар зайгүй өрж тавьжээ. Манай гурван байшингийн урдах зүлгэн дээр олон модон вандан уртааш нь залган тавьж торгомсог цагаан бүтээлгээр бүтээжээ. Ширээндээ ч хүрэхгүй бяцхан би тэр олон хүний шуугиан, хүүхдийн бужигнаанаар хаана юу байгааг ч мэдэхгүй, самуурч орхиж. Ямартаа идэх юманд хүрэх гэж нэг гараараа ширээний хөлөөс тас зуураад, нөгөө гараа тавцан өөд сэм гэтэх могой мэт явуулна. Гэвч тавганд хурууны үзүүр минь ч хүрэхээргүй аж. Өлмийгөө өргөөд ч нэмэр байсангүй. Тэгтэл ширээ тойрон сууцгаах олны нэг нь намайг анзаарсан бололтой, хоёр суганаас минь барьж дээш тэнгэр өөд өргөөд “Энийг хараач ээ, их шуналтай хүн байх нь ээ, манай хамаг юмыг идээд дуусгах вий дээ! Уучлаарай Монгол минь, таныг хооллох мах хүрэлцэхгүй нь дээ” хэмээн жуумалзахад хөгшид хүүхэдгүй инээлдэв. Би гэж юугаа ч мэдэхгүй амьтан атгасан гараа дэмий л амандаа хийгээд тэр хүний нүүрэн дээр шүлсээ гоожуулан инээж байв. Мань хүн намайг энгэртээ тэврээд, нэг гараараа нүүрээ арчсанаа ширээн дээрээс зузаан гэгч зүссэн хундан цагаан гахайн өөх авч гарт минь бариулав. Би баярласандаа гараа савчин инээсэнд хэрчим өөх гулжиган гулсаад бумбагар гараас минь алдран хөсөр уначхав аа. Гэтэл тэр хүн “Ишш яасан ч хөөрхөн амьтан юм дээ, чи минь! Санаа зоволтгүй ээ! Чамд бүгдээс нь хүссэнээр чинь өгнө. Эд бүгд чинийх! Төрсөн өдрийн мэнд бяцхан охин минь!” гээд хацар дээр минь үнэссэн. Би энэ талаар заримдаа зүүдэлдэг. Гэвч зүүдэнд минь тэр хүний царай огт харагддаггүй. Бодит ч бай, хуурмаг ч бай, энэ дурсамжийг би цаашид ч цээжний минь гүн дэх нууцын авдартаа нандигнан хадгалсаар байх болно. Учир нь төрсөн өдрөө тэмдэглэсэн анхны бөгөөд сүүлчийн тохиол тэр билээ.
Миний мэдэхийн эмээ минь үргэлж өвчтэй байдаг байв. Жаахан хүүхдийн сониуч асуултуудад хариулж чадахгүй түгдрэн, “Эмээ, эмээ!” гээд олон дуудчихвал дуугаа аядахыг сануулна. Байнга л юухан хээхэнд түүртэж ядарсан мэт харагддаг сан. Яг юу нь өвдсөнийг мэдээгүй ч ямартаа ч цоо эрүүл хүн шиг цовоо цолгиун суухыг нь би нэг боловч хараагүй. Эмээ минь их сүсэгтэй хүн байсан тул жил бүрийн төрсөн өдрөөр минь намайг гэрээс огт гаргадаггүй байлаа. Учрыг асуувал чухам төрсөн өдөр гэдэг бол тухайн хүний хамгийн сул дорой өдөр, тэр хүнийг сахин хамгаалагч сахиусан тэнгэрүүд чөлөө авчихсан юм гэж үнэнхүү итгэлтэй хэлнэ. Би ч түүнд нь дасчихсан, сүүлд эмгээсээ бүрмөсөн холдсон хойноо ч төрсөн өдрөө гэртээ бүгдэг зуршилтай болсон билээ. Ялангуяа Монголд ирсэн цагаас хаврыг үнэнхүү жигших болсон тул тавдугаар сарын тэр нэг өдөр миний хувьд ямар ч утгагүй санагдана. Салхи салхилхын төдийд арьсны нүх сүв бүр лүү шороо битүү шигдэг улирал шүү дээ. Хавар, юун хайр дурлал, юун сэтгэл гэгэлзэх, юун цэцэг навч дэлгэрэх! Улаанбаатарт бол ердөө л хайлсан цас, шороон шуурга, хуурай агаараас өөр зүйлгүй. Харин Долна Градешницад хавар өөр өнгөтэй байлаа.
Нарны туяа Мишагийн толгой дээр тусахад тэнгэр элч л тийм төрхтэй байх хэмээн бодогддог сон. Би улаан цэцэг таслаад үсэнд нь зүүж өгнө, учир нь миний бүдүүн ширхэгтэй шулуун үсэнд цэцэг тогтдоггүй байсан юм. Герман эхнэртэй тариачин өвгөний ганц хүү Миша. Герман бүсгүйчүүд царай муутай байдаг гэж хэн хэлээ вэ? Түүнээс шаргал үстэй хүн байвал тэнгэр намайг ниргэг! Өөрөөс нь бараг хорин насаар ах, хэнээс ч юугаараа ч илүү гарахааргүй эгэл жирийн нэг Болгар өвгөнийг дагаж энэ тосгонд суурьшсан түүнийг үзэж харсан байтугай сургийг нь дуулсан улс амьтан бүгд гайхдаг байлаа. Өвгөнөөсөө өндрийг ч хэлэх үү, гуалиг сайхан биетэйг ч хэлэх үү, цэлмэг тэнгэр шиг цэнхэр нүд, дөлгөөн нуур шиг харцтайг ч хэлэх үү, инээхэд нь яралзсан тэгш цагаан шүд дурайж эрс байтугай эмсийн зүрх зүсэгдэх авч нөхөр байтугай аав шиг нь харагдам ийм хүнтэй нийлснийг нь бодохоор ухаан солиотой байж болзошгүй еэ хэмээн хүн бүр дор бүрнээ ажиг сэжиг тавина.
Гэвч тэр өвгөний сайхан сэтгэл, өглөгч занг мэдэхгүй хүн энэ тосгонд байтугай ойр хавийн тосгод, суурингуудад нэгээхэн ч үгүй билээ. Өглөг нь зөвхөн эд агуурсаар хязгаарлагдахгүй. Тэрээр алхам тутамдаа л хүн инээлгэж явдаг шогч хүн байв. Хөгшчүүлийн ярианаас сонсохнээ аав нь лужир том биетэй, биенийхээ хэмжээгээр архийг ус шиг залгилж, уухаараа ухаан санаагаа алдан хавь орчмоор нэг агсамнадаг хүн байсан гэх. Хөлчүүрхэж байгаад хүүгийнхээ шилбэн дундуур ганц цохиод үүрд доголон болгожээ. Гэвч нас биед дарагдахын үест нь тэрээр аавыгаа асарч, зөнөж мэдээ томоогоо алдсан хөгшний баас шээстэй нүцгэн гараараа зууралдан, тэнгэртээ харьтал нь тэтгэсээр байсныг нүдтэй бүхэн харж чихтэй бүхэн сонсож, хүүгийн хайр хүндлэлийг биширч, сүүлдээ таньдаг мэддэг хүмүүс нь чадал чадлынхаа хэрээр түүнд тусалдаг болжээ. Тухайн үед гуч гарч явсан тэр эр эцгээсээ хойш тун удалгүй Софиа хотыг зорьж, арван жил ор сураггүй алга болсны эцэст гэнэт ирэхдээ бөөн бэлэг сэлт авчирч тосгоноор нэг найр наадам болж, ээждээ ч агь сэнгэнэсэн шинэхэн байшин барьж өгөөд хамтдаа амар жимэр амьдран суух болж гэнэ. Дахин нэг арван жил өнгөрсөн боловч хань ижилтэй болсонгүй. Гэхдээ байс байсгээд л хот руу явна, завсар чөлөөгөөр нь айл хөршийнхөө байшинг барилцана ч, нураалцана ч, бас засалцана ч. Хүн бүр л түүнээс жижиг том боловч тусламж гуйна, тусламж гуйсан хэнийг ч тэр гомдоохгүй. Ийм нандин сэтгэлтэй хүнд талтай хүүхнүүд олон биш юм аа гэхэд ганц нэг байсан л байж таараа. Яах вэ, боргоцой шиг хамар, ялимгүй доголонг нь эс тооцвол нэг их гоочилмоор хүн ч бас биш шүү дээ. Гэвч тэр нэг мэдэхнээ өмнөх шигээ тосгоноо орхиж яваад, ялгаатай нь арав биш хоёрхон жилийн дараа шинэхэн өргөст хэмх шиг нялх эхнэрээ хөтлөн ирсэн юм. Миша таван нас хүрдэг зун ээж нь тосгоны эмнэлгээс гарч, Благоевградын том эмнэлэгт сувилагчаар ажиллах болсны учир үзэсгэлэнт шувуухайгаа ганцааранг нь нисгэж зүрхлээгүй аав нь хамт явж, тэндээ амьдрах болжээ. Түүнээс хойш Миша над шиг л эмээ дээрээ үлдсэн.
Эмээ нь манай эмээгээс ч хөгшин, 90 гарсан мөртлөө яарч сандрах юмгүй үед ч алхах биш гүйж харайж явдаг, гэрт инээх нь гадаа дуулдам, гадаа инээх нь ойн гүнд ч дуулдам цовоо цолгиун хүн байлаа. Бид хоёрыг том болоод хуримаа хийнэ гэдэг сэн. Харин тосгоны ах нар арай өөр бодолтой байлаа. Хорь дөнгөж шүргэж буй, удахгүй хот явж сургууль ном хөөх, эсвэл цэрэгт явж эр хүний амьдрал үзэх багана шиг өндөр ах нар бүгд л намайг том болохоор авч сууна гэцгээн өхөөрддөг байлаа. Тэд байнга л надаар морь унуулах гэж, морь унахыг зааж өгөх гэж хичээнэ. Харин би морь биш машин унахыг хүсдэг байв. Тосгоноос явж буй хүмүүсийн машины тоосонд булагдан араас нь атаархангуй харж суухдаа нэг л өдөр эд нар шиг тоос татуулан алсыг зорьж, тэндээ үлгэрийн ордон бариад аз жаргалтай аж төрнө дөө хэмээн мөрөөднө. Явж буй хүмүүс алба юм шиг надтай заавал салах ёс гүйцэтгэнэ. Яг л би тосгоны ахлагч юм шиг, явах зөвшөөрөл надаас гуйж буй аятай алган дээр минь нэг зоос тавиад “Буцаад ирэхэд үүн шиг том нүдтэй болсон байгаарай!” хэмээн захидаг байв. Би эхэндээ хичээхгүй биш, их хичээдэг байлаа. Хамгийн анх надад тэгж захисан Инглэманыг дараа сард ирэхэд нь томоос том нүдтэй болчихсон гайхуулаад сууж байх болно доо гээд хоёр нүдээ эрхий долоовор хуруугаараа тэлж нээн, зовхио дээш доош сунган татах дасгалыг өдөр шөнөгүй идэвхийлэн хийдэг байв. Нэг удаа чүдэнзний модоор нүдээ тэвхдэх гэж байхыг эмээ хараад тас алгадаж билээ. Тэгснээ болсон явдлын талаар тэрээр тосгоны хөгшчүүлдээ бөөн инээд наргиа болгон хуучилсан болоод ч тэр үү, манай тосгоноос холыг зорих хүн бүр замд гарахынхаа өмнөхөн заншил мэт над дээр ирж зоос өгдөг болсон юм. Эргэж ирэхдээ хүртэл надтай ёс юм шиг мэндэлдэг байж билээ. Намайг гэртээ хэвтэж байхад хүртэл орж ирээд, эмээтэй мэнд мэдэлцчихээд над руу ирэн “Сайн сууж байв уу? Том болсон байна шүү! Томоос том нүдтэй болжээ” хэмээн толгойг минь илдэг сэн. Би цуглуулсан зоосоороо машин авна гэж төлөвлөж байлаа. Тосгоны эмчийг машинаа зарах уу хэмээн асуусан боловч “Жаал минь, чиний мөнгө хүрэхгүй л болов уу даа!” гээд ятгалгад минь авталгүй яваад өгсөн билээ. Хэрэв би үнэхээр тэр машиныг авахыг хүссэн бол гэртээ буцаж ороод хамаг мөнгөө авчирч түүнд харуулах л байлаа. Гэвч тэр нэгдүгээрт эмч хүн учир хол газар хүн өвдлөө гэхэд алхаж явбал амжихгүй, хоёрдугаарт эмээг минь үзэх гэж ирсэн тул би түүнд хүндэтгэлтэй хандсан нь дээр байв.
Тэр явдлаас сургамж авсан би цаашид зоосоо даавуунд боогоод байнга халаасалж явах болов. Юмыг яаж мэдэх вэ, замын хүн таараад машинаа надад зарчих ч юм билүү? Тэгвэл би Мишаг суулгаад холын хол давхин одож, тэндээ Оттоман хааны ордон шиг аварга том харш барьж амьдрах төлөвлөгөөтэй байсан юм. Дэлгүүрийн гадаа зогсож буй Ладаны жолоочоос машинаа зарах бодол байгаа юу гэхэд өтгөн буржгар хар үстэй, уул шиг монхор хамар, үүл шиг хөвсгөр сахалтай тэр нэг хөгшин, залуу нь мэдэгдэхгүй эр жигтэйхэн жуумалзаж хэдээр авах санаатайг минь асуув. Би ч халааснаасаа даавууны өөдөст боосон атга дүүрэн зоосоо гаргаж харуултал тэр айж сүрдсэн дүр үзүүлэн “Ийм их мөнгөнд зарахгүй ээ!” гээд тас тас хөхрөв. Яагаад гэж асуутал өөдөөс нүүр дүүрэн инээмсэглээд машиныхаа цонхоор гараа гарган толгойг минь илж “Би шуналгүй хүн шүү, ийм их мөнгийг үхтлээ үрж дуусахгүй биз, харин чи наад мөнгөөрөө галт тэрэг худалдаж авсан ч болно шүү дээ” гэчхээд дэлгүүрээс гарч ирэх улаан хүрэн үстэй, зэгзийсэн өндөр эмэгтэйг арын суудалдаа суулгаад хөдөлгүүрээ асаан хөдлөв. Би даанч зоосоо удаан хадгалж чадсангүй. Тэр эмэгтэйтэй зөрж ороод л зөөлхөн цагаан зефирээс байгаа бүхнээ өгсөн дөө. Татгалзаж дийлэмгүй амттай байж билээ. Дотроо өөрийгөө өмөөрч, за яах вэ хүмүүс ирж буцах бүрдээ дахиад л надад зоос өгнө, дараагийн удаа л машин авчихъя хэмээн сэдэв. Тэр үед яагаад тосгоноосоо явах дүрэлзсэн шуналд автаад байснаа одоо хүртэл ойлгодоггүй юм. Тэнд бяцхан охинд хэрэгтэй бүх зүйл байсан. Найз нөхөд, гэр бүл, гэр бүл шиг дотно хөршүүд, агаар салхи, уул ус, тунгалаг рашаан, гол горхи, амар амгалан, аюулгүй тайван орчин. Гагцхүү цусанд минь буцлах нүүдэлчин араншин намайг холын гараг, танихгүй газар, мэдэхгүй агаар луу соронзон мэт татах аж.
Зуны нэг өглөө Мишагийн дуунаар сэрээд нүүрээ ч угаалгүй гараад гүйв. Манай гэрийн гадаа ирээд тахиа шиг донгодчихдог юм. Эртлэн босож, ажил албатай юм шиг яаран гүйлдэхийн учир юу вэ гэвэл тэндээс холгүй бидний л мэдэх нууцлаг нэгэн газар бий. Манай гэрээс баруун урагш явбал шигүү ногоон ой, түүний гүнд навчсаа даахаа больсон өвгөн царс мод, тэндээс зүүн тийш яг 23 алхаад бяцхан цөөрөм бий. Ид шидийн мэт тунгалаг устай цөөрмийг тойроод агаар нь хүртэл саа цацсан мэт гялалздаг сан. Үлгэрийн хаант улсын цаг хугацааны голоос эхтэй, тэнд шивнэсэн үг бүр биелэх учиртай мэт л санагддаг байв. Гурвалжин дөрвөлжин хэлбэртэй том том бул чулуун тойрог дунд салхин шивнээгээр агаарт бүжих усан дуслууд, түүнийг бүчин хамгаалж гадаад ертөнцөөс тусгаарлан нууцлах олон зууны настай сүрлэг модод, тэдний завсар зайгаар сэмхэн шургах нарны цацрагууд энэ газрыг бурхан гэж хэрэв байдаг бол түүнтэй илүү ойртуулж байх шиг. Гагцхүү ийм л аниргүйд эмээгийн сүслэн биширдэг сахиусан тэнгэрүүд чуулдаг биз. Бид диваажингийн хаалгаар түрхэн зуур ч болов шагайж, тэнд чухам юу байдгийг мэдэх гэж л ийшээ ирдэг байлаа. Намайг толгойгоо бүхэлд нь усанд дүрэнгүүтээ том том залгилаад өндийхөд Миша гутлаа тайлж чулуун дээр тухлан суугаад хөлөө усанд дүрлээ.
- Би эндээс явах гэж байгаа.
Би мэлхий барих гээд ийш тийш үсчин сарваганаж байв.
- Хаашаа?
- Благоевград хотод аав ээж хоёр маань амьдардаг. Одоо миний сургуульд явах нас болсон гэж байна лээ.
- Чи буцаж ирэх үү?
Миша мөрөө хавчаад:
- Ирэлгүй яах вэ, хичээл амрангуут л
- Би ч бас аав ээж дээрээ очих юмсан.
Энэ үгийг сонсоод Миша их л цочирдсон харцаар над руу ширтэн:
- Аав ээж чинь байдаг юм уу? гэлээ.
- Шорооноос л төрөв гэж..
Тэрээр худлаа ярихдаа үзүүлдэг нэг тийм инээвхийлсэн мөртлөө гэмгүй царайгаа гаргаж:
- Гэхдээ үнэхээр шорооноос төрдөг юм гэнэ лээ шүү!
- Үгүй ээ! Тийм ямар юм байсан юм?
- Нээрэн! Иисус Христос хүнийг шорооноос бүтээгээд хамар луу нь үлээсэн шүү дээ.
- Аав нь тэгсэн шүү дээ!
- Чи надад итгэхгүй байгаа юм уу?
- Чамайг худал залдгийг бүгд л мэднэ.
- Хэн тэгж байна?
- Эмээ.
- Эмээ чинь өөрөө худалч, чиний ээжийг үхсэн гээ биз дээ! Гэтэл яг үнэндээ ээж чинь чамайг хаяад явчихсан. Аав чинь чамаас болоод Даниэла дээр ирдэггүй!
Тэр гутлаа ч авалгүй хөлөө дэвсэлсээр моддын дундуур сүвэгчлэн арилж өгөв. Харин би тэндээ маргаашийн үүр цайтал суусан. Тэр хооронд наран хэдэнтээ жаргаж хэдэнтээ мандах мэт ойн гүний жижигхэн тэр тасалгаанд үүл нүүхийн зоргоор харуй бүрий ээлжлэн солигдсоор байв. Бүхий л амьдралын минь турш хэн ч намайг үзэн ядаж байгаагүй боловч нөгөөтэйгүүр бас хэн ч намайг хайрлаж байгаагүй нь үнэн юм. Энэ хүмүүс бүгд надад сайн хандлаа гээд би тэдний нэг гэсэн үг биш. Гадаад төрхийг минь хараад л хэн ч хэлнэ. Намхан хамар, онигор нүдтэй бор охин энд юугаа хийж байна вэ? Сайн дурын уран сайханч гэдэг шиг л хэнээс ч гуйж, хэнээр ч гуйлгалгүй амьдарсан боловч тэр чинээгээрээ хэнд ч үгүйлэгдэхгүй, алга боллоо ч хэн ч хайхгүй.
Намайг ойгоос гарч ирмэгц эмээ нүүрэн дундуур минь тасхийтэл алгадав. Нүд харанхуйлж, тархинд цус харвачих шиг л боллоо. Нүдээ нээсэн ч бүрэлзээд юм харагдахгүй байв. Ойн зурвас эхлэх уулын бэлд намайг отоод байж байсан нь тэр ажээ. Дүлийрчхэв үү? Уг нь загнамаар л юм гэж би дотроо бодоод амжив. Гэвч шувуудын жиргээ, тэртээ хол дүнгэнэх тракторын дууг сонсоод нээрэн л эмээ яаж ч уурласан хашхирч загнадаггүй хүн гэдгийг саналаа. Тэр намайг дуу шуугүй ажиглаж зогсов. Уйлах нь уу гэж айсан шинжтэй, бас уйллаа л бол дахиад нэг алгадах янзтай ташаагаа тулан чанх урд минь хүйтэн хөшөө шиг хэчнээн удав! Зүрх минь хүчтэй цохилж, алгадсан газар нь лугшин өвдөж байлаа.
- Чи яахаараа зүрх өвтгөх гээд байж ядаад байдаг хүн бэ? Наад нүүр чинь яав?
"Ээ гэгээн эх минь, нүүрийг нь нэг харчхаач! Өршөөж хайрла, юун дээр унтсан болоод хувцас чинь шавар зуурагчийнх шиг болчхов? Өөрөө угааж үзээрэй! За яах вэ, би чамайг нэг болгоод өгнө өө! Гэвч эхлээд сууж босдог болоодохъё тэгэх үү? Тэр хүртэл минь будаа шиг бужигнахаа түр азнаад хүлээж байгаач дээ тэнгэрийг бодож!" хэмээн амандаа бувтнах эмээ минь над руу хялам хялам хийсээр уулын уруу арай ядан хөлөө зөөж тавина. Би ч чих халууцуулах тал дээр мэргэжилтэн байсан даа. Гэхдээ хамгийн сахилгагүй нь мөн үү? Би тосгондоо хамгийн даруухан нь байсан. Ээ тэр Болгар хүүхдүүдийн хэрсүү ааш, хурдан хөлийг үү? Уулын өөд уруу хэдэнтээ өгсөж уруудлаа ч нэг удаа хөл алдах нь үгүй чөтгөрийн хүүхдүүд шүү дээ! Тэр их хад асганы хаана онож гишгэхээ маш сайн мэддэг, хөлд оров уу үгүй юу тэнээд алга болдог, хүн гэхээсээ илүү ямаанууд шүү дээ! Ай тэр аагим зуны анхилгыг яалтай, мянга мянган хүнийг мянган жилийн турш эмнэж хүрэлцэхүйц эмийн ургамлууд, цэцэгсийн тоос агаарын чийгэнд дэвтэж анхилам үнэр нь нэг нэгэндээ уусан хоршоод амьсгалах бүрийд цээж дүүргэнэ. Тэр сайхныг одоо нэхэн санахнээ, бурхан сахиус минь, би эмээдээ хэчнээн их хайртай гээч! Ахиад нэг алгадуулах гэж би там диваажингийн алинаас нь ч эмээгээ дагуулж ирэхэд бэлэн байна. Гэвч тийм боломж олдвоос би түүнийг буцаагаад тавьж явуулж чадахгүй байж мэднэ. Хөлөөс нь зүүгдээд хэдэн бээр чирэгдэж явах вий! Тэгэхийг минь мэдээд эмээг миний зүүдэнд минь болохнээ үзүүлэхгүйгээ тэнгэр мэдэж байгаа биз! Заримдаа хүн зовж байна гэж бодохдоо жаргаж байдаг санж.
Миша яваад Росица бид хоёр л үлдлээ. Тосгоны хаанаас ч оломгүй амттай сайхан талхыг тэднийд л иднэ гэж мэд! Аав нь бидний үнэнч анд нөхөр байв. Нийслэл ороод ирэхээрээ аль л амттай шимтэйг нь хамж шимж авчирч өгнө. Тухайн үеийн Болгар эдийн засгийн хувьд хүнд үе дээрээ дэнжгэнэж байв. Юм юмтай гэгддэг хот руу яваад юу ч үгүй эргэн ирдэг байсан цаг. Гэсэн ч тэднийх тосгондоо л гэхэд хамгийн давгүй амьдралтай нь байлаа. 1988 оны Сөүлийн олимпыг тэдний зурагтаар үзэв. Манайхан 16 спортын 120 төрөлд өрсөлдөж 35 медаль аван дэлхийд тавд эрэмбэлэгдлээ. Тосгоныхон маань өөрсдөө сэлээд, барилдаад, буудаад, гүйгээд, боксдоод, үсрээд түрүүлээд медаль авчихсан мэт мөн ч их баярласан даа. Харин би өөр юмыг нь хачирхан харж суув. Зурагтын дотор яг л надтай адилхан хүмүүс холхиод байна аа! Солонгосчуудын тэр хамар, тэр нүд, тэр царай зүс! Бүр мөнөөсөө мөн шүү! Толинд харсан мэт л! Түүнээс хойш хэсэг хугацаанд би өөрийгөө Солонгос хүн гэж боддог боллоо. Өмнөд биш байж болох ч хамгийн боломжит хувилбар бол Хойд байв. Коммунист орнуудын хамтын ажиллагааны хүрээнд энд түр ирээд хүүхдээ мартаад буцчихсан байж болно шүү дээ. Аав ээж минь намайг санаж байгаа ч энд ирж чадахгүй байгаа байх. Ирлээ ч тосгоны мухарт хайна гэж үү? За хайлаа ч хэл мэдэхгүй шантарсан биз. Эсвэл эцэг эх маань угаасаа тагнуулууд учир намайг капиталист шааруудаас нуухын тулд энд өсгөчихөөд, том болохоор минь ирж аваад бас тагнуул болгох гэж байгаа байх! Ийм л дэмий балай бодлуудаар толгойгоо дүүргэж, төсөөлөн бодох минь өөрт ч их зугаатай санагддаг байв.
Чингэтэл 1989 оны 11 сард нийслэл Софиад ойролцоогоор 50,000 жагсагч ардчиллын төлөө жагсав. Хөдөө тосгонд өссөн надад улс төр тун чиг хол хөндий, тэр ч атугай коммунизм сайн, ардчилал муу гэж бат итгэсэн надад энэ үйл явдал бүр ч цочирдом санагдав. Хойд Солонгос хүн болох далд хүсэл минь ингэж талаар өнгөрсөн билээ. Тэр үед би байтугай томчууд ч юунд итгэхээ мэдэхгүй гайхан мэлмэрч байсан юм. Ер нь аливаа өөрчлөлт хүний сэтгэн бодох чадварыг түрхэн зуур боловч таг зогсоодог бололтой. Ялимгүй багахан өөрчлөлт ч өдөр тутмын амьдралд том тээр болох үе бий. Жишээ нь эмээ бөөрний дутагдалд орж идэх уухаа хязгаарлах болов. Өөрөө тэрийгээ мартаад аанай л шарсан хуурсан хоол хийгээд идчихнэ, тэгээд л бөөлжинө, улаан хүрэн шээнэ, тэр бүрд нь би байлцаж, эмээгээ асрах шаардлагатай болно. Урьдынх шигээ дураараа тоглож чадахаа ч байв. Сүүлдээ өвчин нь хүндэрч шөнө бүр халуурах боллоо. Нэг өглөө би хаалга нүдэх дуугаар сэрэв. Манай хаалга түгжээгүй гэдгийг хэн бүхэн мэднэ, орж ирэхээр бол шууд л орж ирэх учиртай, хэнсэн юм бол хэмээн гайхсаар хаалгаа онгойлгов. Хамар нь дааж байна уу гэлтэй зузаан нүдний шилтэй хорчийсон туранхай залуу гандаж шарласан хошуу захтай цамц, ялимгүй томдож харагдах элгэн хүрэн өмдөн дотроо хий эргэлдэн зогсоно.
- Эмээ нь байна уу?
- Та хэн бэ?
- Эмээг чинь хот авч явж эмчлүүлнэ.
- Та хэн бэ?
Тэр залуу шууд л хажуугаар минь самбаачлан орж ирээд эмээгийн орны өмнө сөхөрч суув.
- Тэр сэрэх болоогүй юм уу?
- Эмээ хүссэн цагтаа л сэрдэг. Та хэн бэ?
- Эмээгийнхээ хувцас хунар, хэрэгтэй юмсыг нь бэлд! Гадаа машин байгаа.
- Гэхдээ та хэн юм бэ? Миний аав биш биз? Энэ байшинг барьсан хүний зураг манайд бий. Та их адилхан юм. Эмээ тэр зургийг маш их нандигнаж хадгалдаг болохоор би тэр хүнийг аавыгаа байх гэж харддаг.
Тэрхэн зуур хоолой минь зангирч, нүдэнд нулимс цийлгэнээд тэр хүний царай харагдахаа байв. Гэвч тэр юу ч хэлсэнгүй. Яс арьс болсон нөхөр мөртлөө тонн гаруй жинтэй эмээг минь суга татан мөрөн дээрээ тохож, манай цэнхэр будагтай модон хаалгыг зад өшиглөн гараад, үүдэнд зогсох цагаан Ниваны арын суудал дээр хэвтүүлчих нь тэр! Би юу ч хийж чадсангүй, хормын төдийд арилж одох цагаан тоосон дунд уйлан хоцорлоо. Гурван сарын турш айл айл дамжин амьдрахдаа эмээгээ, бас тэр хүнийг зүүдлээгүй шөнө байсангүй. Манайхан бүгд л "Санаа бүү зов! Даниэлагийн хүү чинь эмч шүү дээ!" хэмээн тайтгаруулна.
Тэр өвөл цөөрмөөс харьж яваад золтой л хөлдөөд үхчихсэнгүй. Гэвч цөөрмийн ус бол өөр, огт хөлддөггүй. Цагаан цасанд хучигдсан буурал ойд халуун цогоос үсэрсэн ганц оч шиг гялалзах тэр цөөрөм намайг охин шигээ хайрлан хамгаалж өсгөсөн. Гадаад ертөнцийн бузар муу халдан нэвтэршгүй үл үзэгдэгч ханаар хүрээлэгдсэн энэ хэсэгхэн газар намайг урласан. Эмээгээс ганц л захиа ирэв. Намайг очтол аятайхан байж байгаарай!!! Ийш тийшээ тэнээд алга болчхов моньд минь гэсэн утгатай хэдхэн өгүүлбэр л байлаа. Сонин юм шүү, нэгэн дээвэр дор хамт хэчнээн жил амьдарлаа ч түүний талаар юу ч мэддэггүй байх нь! Хувцас хунар, ор дэрний даавууг нь угааж, ирэхэд нь бэлдээд хэд хонов. Өдөртөө гадуур гүйж оройхондоо айл айлын хоол хороосоор шөнийн бор хоногтоо л муу гэртээ харина. Тосгонд өөр хийх юм байхгүй. Манайх ч сүртэй тариа ногоо гэх биш, хэдэн тахианаас өөр юмгүй. Би хөл султай, байнга шахуу бүдэрч, хальтирч, унаж тусан явдаг хүүхэд байлаа. Модон дээр авирч, хашаа давж, байшингийн орой дээр сандайлж суухдаа гарамгай ч газар буухаараа л дөнгөж төрсөн унага шиг өөрөө өөрийнхөө хөлд тээглээд, өрөөлдөөд уначих тул өвдөг минь үргэлж шалбархай эсвэл хавдартай, шилбэн дээрээ баахан сорвитой, тэгсэн мөртлөө гүйж харайхын донтой, нэг газраа тогтдоггүй өрөмний өт байсансан. Хаврын бараг анхны өглөө уулын уруу гүйж байж бас л бүдэрч унаад эрчиндээ элгээ халцартал шороон дээр бээр шахуу гулсав. Босох гэтэл биеэ даасангүй. Хоёр гарын алга цус шороотой холилдон шархиран хорсож байх нь тэр.
- Чи зүгээр үү?
Aрайхийн эргэж хартал шулуун хар үсээ намируулсан урьд хожид харж байгаагүй царай, төвгөр улаан хацар, жижигхэн бүлцэн нүдтэй эмэгтэй намайг өргөлөө. Тэрээр найман хүүхэдтэй айлын хамгийн бага нь болж төрөөд сувилагч ээж, намын үүрийн дарга аавын гэрт хатуу чанга хүмүүжлээр өссөн тул хичээл номын хэнээтэй ч бас тун нь таарсан аальгүй охин байв. Арван есөн насандаа сургуулиа төгсөөд, алс холын Болгар улсыг зорьж Софиагийн анагаах ухааны их сургуульд элсэн суралцаж гэнэ. Тэндхийн агаар чийглэг, модод нь ногоон, хотынх нь олон зуун жилийн түүх соёл жил ирэх тусам зузаарч улам ч сүрлэг харагдах нь зүрх сэтгэлийг аргагүй булаам. Кино үйлдвэрийн арын гэр хороололд өсөж, намхан бор байшингууд, сул шороонд нүд нь дассан эгэл жирийн Монгол охинд хорвоо өөр нэгэн өнгөө дэлгэн харуулжээ. Би тэнэг байгаагүй ээ. Шууд л мэдсэн. Эмээ эргэж хэзээ ч ирэхгүйг, би ч бас. Энэ л бодол часхийн тархийг минь зүү шиг шивэх үед эмэгтэйн хоёр гар ч суганаас минь мултран хоёр хөл минь газар гишгэж амжив уу үгүй юу ухасхийн хурдалж буцаад л ойн гүн рүү, буцаад л хаанаас эхэлсэн тийшээгээ, буцаад л уйлж болох цор ганц чөлөө рүүгээ улаа гялалзуулан гүйв.
Шилдэг орчуулга: Заабалави
Орчуулгын уралдаанд англи, орос, хятад, солонгос, герман, түрк, япон, франц хэлээс 30 орчуулагч бүтээл ирүүлснээс орчуулагч Д.Мөнххишиг “Заабалави” өгүүллэгийн орчуулгаараа шилдгээр шалгарсан юм.
Заабалави
Нагиб Махфуз
Эцсийн бөлөгт би Шейх Заабалавиг хайж олохоор зориг шулуудав. Түүний нэрийг анх нэгэн дуунаас сонсож билээ.
Ээ халаг, энэ орчлон яаж орхио вэ, Заабалави? Эх толгойг нь алдуулж, илч гэрлийг нь бөхөөжээ тэд.
Балчир ахуйд эл дуу алдартай байсан юм. Хүүхэд л болсон хойно эцэс төгсгөлгүй асууж шалдаг зангаар ааваас би нэг удаа “Заабалави гэж хэн юм бэ?” хэмээн шалгаав.
Аав энэ ч хөөрхий юу л ойлгоо аж гэсэн янзтай эргэлзэнгүй ширтэх ч ашгүй ам нээж “Ивээлдээ чамайг багтаах болтугай. Зовлон шаналал, зовнил эмгэгийг амирлуулагч Бурханы жинхэнэ гэгээнтэн билээ тэр. Тэр хүн байгаагүй сэн бол би аль эрт мажийчихгүй юу...” гэв.
Энэ явдлаас хойш аав өнөөх гэгээнтний тухай, ид шид элдэв гайхамшиг бүтээсэн тухай нь магтан дуулахыг би олонтаа сонссон сон. Өдөр хоног элэхийн тоогоор надад өвчин зовлон үүрлэж эхлэв ээ. Эхэндээ ч яахав, чадлынхаа хэрээр төдий л түүртэж мунгинасан юмгүй эмнэж дөнгөөд байв. Гэтэл хэн хүний давж хүчирдэггүй хөнөөлт өвчинд нэрвэгдчих нь тэр. Туршиж додомдсон арга чарга болгон талаар болж, эцэстээ бууж өгдгийн даваан дээр ашгүй балчир ахуй насандаа олж сонссон мөнөөх нэрийг санав шүү. Яагаад Шейх Заабалавиг хайж болдоггүй билээ? хэмээн өөрөөсөө би асуулаа. Аав анх түүнтэй шашны шүүхэд хуульчийн алба хашдаг Шейх Камарынд танилцсан гэдгийг санаад, Хан Гаафар захын ойролцоох гэрт нь тавьж хүрэв. Байшингийн хормойд зогсоо шош худалдаалагчаас эл байрны эзэн энд суудаг хэвээр эсэхийг лавлалаа.
Тэрээр “Шейх Камар аа!” хэмээн гайхсан янзтай над руу ширтээд “Аль эрт эндээс нүүсэн шүү дээ. Одоо бол Цэцэрлэгт хотод амьдардаг, ажил нь аль-Азхарын талбайд юм гэнэ лээ” гэв.
Би ажлынх нь хаягийг утасны лавлахаас хайж олоод Худалдааны танхимын барилга руу яаран харайлгав. Шейх Камарыг сураглан, өрөөг нь заалгаад орох үед хаалгаар зөрсөн хөөрхөн хүүхний сүрчиг хамар сэтлэм сэнхийв.
Шейх Камар намайг инээмсэглэн угтаж, цэвэр арьсан бүрээстэй гоёмсог буйданд тухлахыг урилаа. Гутлын минь ул зузаан ч үнэт хивс хөл дор бамбалзах нь мэдрэгдэнэ. Албан хослолоор гангарч, навчин тамхи баагиулан хээвнэг суух түүний байр байдлыг ажих нь ээ өөртөө болоод эд хөрөнгөндөө сэтгэл өег нэгэн болох нь илт. Ийнхүү дотночлон хүлээж авсан нь намайг ээлжит нэгэн үйлчлүүлэгчээ гэж бодсоноос зайлахгүй учир үнэт цагаас нь хумсалж буйдаа аягүйрхэж байна гэж жигтэйхэн.
“Тавтай морил!” гээд намайг учир явдлаа ярихыг хүсэв.
“Би таны хуучны анд Шейх Али аль-Татавигийн хүү юм аа” хэмээн эргэлзээг нь тайлах санаатай өчив. Харцанд нь нэг тийм төвөгшөөсөн янз цухас хийсэн авч надад тавьсан горьдлого нь арай ч нэг мөр тасарчихсангүй.
“Бурхан өршөөг. Сайн хүн байсан шүү” гэлээ.
Энэхэн мөчид намайг тэнд хөтөлж аваачсан мөнөөх зовуурь л суудлаас минь босгоод явуулчхалгүй торгоож байв.
“Аав маань Заабалави гэгч чин сүжигт гэгээнтэнтэй танайд анх уулзсан юм гэнэ лээ. Эрхэм ээ, хэрэвзээ тэр хүн амьд сэрүүн яваа бол олж уулзах сан гэж явна” хэмээн учирлалаа.
Өнөөх төвөгшөөж, нозоорсон байдал харцанд нь одоо нэгэнт гүн бат суужээ. Намайг, эцгийн минь тухай дурсамж дуртгалаа ч тэр гаргаж хаяад хаалгаа тас хаачихвал ер гайхах явдалгүй санагдана.
Тэрээр яриаг эцэслэхээр зориг шулуудав бололтой “Тэр ч олон жилийн өмнөх явдал, одоо бараг санах юм алга” гэв.
Би санааг нь амрааж явахыг завдан суудлаасаа өндийх зуураа “Тэр үнэхээр гэгээнтэн байсан юм уу?” хэмээн сониучирхав.
“Бид түүнийг гайхамшгийг бүтээгч хэмээн хүндэлдэг байсан.”
Би хаалга зүглэн нэг алхаад “Одоо түүнийг хаанаас олж болох бол?” хэмээн асуув.
“Миний мэдэхээр Аль-Азхарын Биргавид л суудаг байсан” гэчхээд огцом эргэж ширээн дээр хэвтээ бичиг цаастайгаа ноцолдож эхэлсэн нь ахиад ам нээхгүй гэсний дохио аж. Би толгой дохин талархал илэрхийлж, төвөг удсандаа хэдэнтээ хүлцэл өчөөд, тэндээс гарах үед ичиж нэрэлхсэндээ толгой дүйрч, чих дүнгэнээд гаднах чимээ үл сонстоно.
Чингээд би хүн зон багшралдан суудаг хороололд байрлах Биргави эдлэнг зүглэв ээ. Харгалзах хүн баймаар боловчиг цагийн эрхэнд мөнөөх барилга юу ч үгүй өмхөрч, нүүрэн тал нь холцорч халцраад, хуучин муу хайс нь хогийн цэг болжээ. Хүний сүг гэмээр зожийсон биетэй зүдэг эр үүдний саравчинд нь шашны номлол, шид тарнийн тухай хуучин ном худалдаалах аж.
Заабалавигийн талаар асуухад тэр онигор улаан нүдээрээ алмайран ширтэж, ихэд гайхсан янзтай “Заабалави! Дээд тэнгэр минь, хэчнээн ч жил өнгөрөв дөө! Хүн хар суухуйц үед нь энэ байранд амьдарч байсан нь үнээн. Над дээр ирээд урьдын сайхан өдрүүдийг дурсан хууч хөөрч, би гэж хүн гэгээн дүрийг нь хараад суухуй баяр хөөрөөр бялхдаг сан. Гэвчиг Заабалави одоо хаа байна вэ?”
Тэрээр харуусангуй янзтай мөрөө хавчаад, айсуй үйлчлүүлэгчээ угтахаар яаран холдлоо. Би ч замаа хөөж, тэр хавийн худалдаачдаас толгой дараалан асууж сураглав. Ихэнх нь Заабалавигийн талаар ер дуулаагүй бол зарим нь хамт өнгөрүүлсэн сайхан цаг үеэ дурсан санагалзах авч одоо хаана явааг нь мэдэх нь үгүй, харин нөгөө хэсэг нь мань хүнийг зальт этгээд хэмээн ил цагаан дооглож, намайг харин эмчид очиж эмнүүл гэцгээнэ - би эмч домчоор хэсэлгүй л ингэж явав гэж дээ. Ингээд би гэж хүн толгойгоо санжуулан гэр өөдөө гэлдрэхээс өөр замгүй болов.
Өдөр хоног хумхын тоос шиг замхарч, өвчин зовуурь цаг хормоор үгдэрч, мөдхөн тэсэхүйеэ бэрх болно гэдэгт эргэлзэхээ болилоо. Ахиад л Заабалавигийн тухай бодол ээрч, энэ л эрхэм дээд нэрээс цацрах итгэл найдварын зах зухаас нь ч болтугай зуурч авмаар санагдаад болсонгүй. Тэгтэл хороо дүүргийнхээ шейхээс тусламж эрэх санаа төрөх нь тэр, эртхэн санаагүй минь үгүй мөн хачирхалтай яа.
Ширээ, суурин утсыг нь эс тооцвол ажлын өрөөгөө багашаар мухлаг адил засаж янзалсан байх агаад намайг очиход тэр судалтай галабея дээлэн дээрээ хүрэм хэдэрчихсэн, ширээнийхээ ард сууж байлаа. Хажуудаа суугаа эртэй ааг амьсгаагүй ярилцах учир өнөөх эрийг нь гаран гартал хүлээж зогсов. Шейх сая нэг толгой өндийж, над өөд тоомжир муутайхан харав. Ааш занг нь зөөллөж аргандаа оруулах хэрэгтэйг өөртөө би хэлэв, ашгүй үр дүн нь төдхөн гарч тэр намайг уриалгахан нь аргагүй суухыг урилаа.
“Би Шейх Заабалавиг хайж явна” хэмээн ирсэн хэрэг явдлаа учирлав.
Өмнө уулзсан улсын адил мань эр мөн л гайхаш тасарсан харцаар ширтэх аж.
“Юутай ч тэр амьд мэнд яваа. Даанч нэг газраа тогтож суудаггүй чөтгөр шиг нөхөр дөө. Түүнтэй чи эндээс гарч явахдаа ч мөргөлдөж мэднэ, аль эсвэл сар жилээр эрж сураглаад ч олж уулзаж чадахгүй” хэмээн инээвхийлэхэд алтан шүд нь гялалзав.
“Та хүртэл олж чадахгүй хэрэг үү!”
“Би хүртэл! Ёстой учир нь олддоггүй хүн байгаа юм, гэхдээ амьд сэрүүн яваад нь би бурхандаа талархдаг!”
Тэр намайг цоо ширтэж хэсэг ажсанаа “Хэрэг явдал чинь яггүй чухал бололтой” хэмээн амандаа бувтнав.
“Амин чухал.”
“Бурхан чамайг ивээх болтугай! Ингэхэд чи нэг цэгцтэйхэн самнаад үзвэл яасан юм?”
Чингээд ширээн дээрээ хуудас цаас дэлгэж, дүүргийнхээ булан тохой, байшин сав, зам харгуй, гудамж талбай цөмийг нь яах ийхийн зуургүй чадмаг гэгч нь таталж орхив. Өнөөх зургаа бахдан хараад “Энэ бол орон сууцнууд, энэ буланд сүрчиг найруулагчид, энд нь уран дархчуул суудаг, энэ бол Мауски хар зах, цагдаагийн хэлтэс, гал унтраах газар. Энэ зураг чамайг ядах юмгүй газарчлаад өгнө. Цайны газар, дервиш нарын ёслол үйлддэг газар, масчид сүм, мөргөлийн газрууд, Ногоон хаалга хавиар нэгд нэгэнгүй нэгж, цаадах чинь зүсээ буруулаад гуйлгачдаас ялгарахгүй амьтан явж байж ч мэднэ. Үнэндээ би өөрөө ч барааг нь харалгүй он уджээ. Энэ ертөнцийн элдэв үйлд сатаарч явсаар мартаж орхиж. Чамайг сая асуухаар л идэр насныхаа нандин мөчийг эргэн санав шүү” гэв.
Би яах учраа олж ядан өнөөх газрын зургийг дэмий л гөлөрнө. Гэтэл утас жингэнэж, мань эр харилцуурыг нь шүүрэн авлаа.
Тэгэх зуураа “Ав ав!” хэмээн ивээнгүй дохив. “За, таныг сонсож байна.”
Би газрын зургийг эвхэж аваад тэндээс гарч, булан тохой, гудамж талбай дамжин хөлхөж, өнөөх газрыг гадарлаж магад гэсэн болгоноос асууж сураглав. Явж явж хувцас индүүдлэгийн газрын эзэн “Умм аль-Гуламд суудаг уран бичээч Хасанейн дээр оч. Тэр хоёр найз нөхөд явсан юм” гэв ээ.
Би Умм аль-Гуламд хүрч очиход, нас дээр гарсан Хасанейн элдэв пайз самбар, өнгө өнгийн будагтай шил пиг дүүрсэн хавчиг нарийхан өрөөндөө ажиллаж суув. Цавуу, үнэртэй ус холилдсон содон үнэр өрөөний булан тохой бүрт нэвчжээ. Хасанейн өвгөн хана түшүүлж тавьсан самбарын өмнө дэвсээтэй нэхий олбог дээр нугдайн сууж, самбарын тэг голд “Аллах” хэмээх үгийг мөнгөн үсгээр бичнэ. Ажилдаа гүн гүнзгий автаж, үсэг бүрийг нямбайлан урлах аж. Уран чадмаг гар хурууг нь хөтлөх онгод юуг нь үргээж, төвөг удахаас зүрхшээн ард нь би амьсгал даран хүлээв. Саад болохгүйг хичээн номхон зогсож байтал гэнэт намуухан хоолойгоор “За?” гэх нь тэр.
Анзаарсныг нь мэдээд би өөрийгөө танилцууллаа. “Таныг Шейх Заабалавитай нөхөрлөдөг гэж дуулсан юм. Тэгээд л сураглаж яваа ухаантай” гэв.
Гар нь бичихээ больж зог тусав. Намайг тэр хачирхсан харцаар сонжсоноо “Заабалави! Бурхан ивээх буй заа!” хэмээн шүүрс алдав.
Би тэсгэлгүй “Найз тань мөн биз дээ?” гээд асуучихлаа.
“Хуучин тийм явсан үе бий нь ч бий. Учир битүүлэг хүн гэж ер түүнийг л хэлнэ. Намайг байнга эргэж тойрдог байсан болохоор биднийг ойр дотно гэлцдэг сэн, дараа нь харин огт байгаагүй юм шиг ор сураггүй болсон доо. Гэлээ гэхдээ гэгээнтэн хүнийг буруутгаж болдоггүй юм.”
Гэнэт тог тасарч гэрлийн чийдэн харанхуйлахтай зэрэгцэн итгэлийн оч минь ч бөхөж орхилоо.
“Тэр дэргэдээс минь ер холддоггүй байсан болохоор зурж бүтээсэн болгоны минь нэг хэсэг мэт санагддаг сан. Гэвчиг одоо тэр хаа байна вэ?”
“Одоо амьд мэнд болов уу?”
“Амьд байлгүй яахав, эргэлзээгүй… Мөн чиг өөгүй торгон мэдрэмжтэй хүн сэн, түүний ачаар л би хамгийн уран гоёмсог зургаа урласан юм шүү дээ.”
Би горьдлого тасарсандаа “Ямархан гачаалд унасныг минь Бурхан мэднэ. Ямар гээчийн зовлонд нэрвэгдэхээрээ ингэж эрэл сурал болдгийг танаас өөр хэн ойлгох билээ” хэмээн дуржигнуулав.
“Тэгэлгүй яахав. Бурхан чамайг илаарьшуулах болтугай. Хүмүүсийн хэлдгээр нээрээ ч тэр эгэл жир хүн биш ээ...” хэмээгээд өвгөн бичээч нүүр дүүрэн инээмсэглэх аж. “Ай мөн мартахын аргагүй сайхан царай зүстэй хүн шүү. Гэвчиг тэр хаа байна вэ?”
Би дурамжхан босч, гар бариад, тэндээс гарч одлоо. Ойр хавийн газраар өөдөө сөөргөө баахан холхиж, надад тус дэм болуужин гэмээр нас тогтсон аль эсвэл юмны наад цаадыг мэддэг байрын хүн болгоноос Заабалавиг сураглав. Тэгтэл ашгүй нэг шошлой худалдаалагч эр саяхан түүнтэй алдарт хөгжмийн зохиолч Шейх Гадын гэрт таарснаа дуулгав шүү. Даруй би Табакшияа дахь хөгжимчний гэрт таваргаж очтол, тэрээр хана туурга болгон үүх түүх өгүүлж таарах хуучны маягийн чамин засалтай өрөөндөө сууж байлаа. Өөрөө буйдан дээр тухалж, дэргэд нь манай цагийн хамгийн яруу тунгалаг аясыг оршоох цуут пийпаа хөгжим нь тавиатай үзэгдэв. Байшингийн хаа нэгтээгээс уур нүдүүр харшин хангинах, хүүхэд багачуулын пижигнэн гүйлдэх нь дуулдана. Би бушуухан мэнд мэдэж, нэр усаа хэлээд, элдэв маяггүй энгийн тайвуу хүлээж авсанд нь дотор баахан уужирлаа. Яагаад ирснийг минь тэр үг хэлээрээ ч, үйл хөдлөлөөрөө ч асуусангүй, ер энэ талаар сониучлахгүй байх шиг санагдав. Уужим сэтгэл, найрсаг занд нь хөөрч догдолсон маньд үйл бүтэхийн совин төрж, “Шейх Гад минь, би таныг хүндлэн биширдэг, аль эртнээс л аялгуу сайхан дуунд чинь уярч догдолж явдаг даа” гэв.
Хариуд нь тэр “Баярлалаа” гээд инээмсэглэлээ.
“Саад болсонд минь өршөөгөөрэй!” гээд би эмээнгүй сулхан дуугаар “Таныг Заабалавитай анд нөхөд гэж сонссон юм л даа, түүнийг яаралтай хайж олох чухаг хэрэг байгаа юм” хэмээн учирлав. Тэр “Заабалави!” гээд хөмсгөө зангидаж хэсэг бодлогошров. “Чамд түүнтэй уулзах хэрэг гараа юу? Бурхан чамайг ивээг, хаа явааг нь ганцхан тэр л мэднэ. Заабалави минь, чи хаа явна вэ?”
“Тэр тан дээр ирдэггүй хэрэг үү?” гэж би шамдангуй асуув.
“Хэд хоногийн өмнө ирэх нь ч ирсэн. Одоо ч ороод ирж магад, үгүй бол нүд аньтлаа ч олж үзэхгүй дэг ээ!”
Би уртаар санаа алдаад “Тэр яагаад ийм болчихсон хэрэг вэ?” гэж асуулаа.
Хөгжимчин пийпаа хөгжмөө өвөр дээрээ аваад “Гэгээнтэн юм хойно аргагүй, тийм биш сэн бол юуных нь гэгээнтэн байх вэ” гээд хүд хүд хөхрөв.
“Түүний эрэлд хатсан хүмүүс над шиг л зовж зүдэрдэг болов уу?”
“Ингэж зовж буй чинь эдгэж илаарьшихын нэг хэсэг нь юм шүү дээ.”
Тэр цохиураа авч, пийпааныхаа чавхдасыг товшин намуухан аяз тоглож эхэллээ. Бодолдоо дарагдсан би хөдөлгөөнийг нь даган найгана. “Ирсэн минь талаар болох шив дээ” хэмээн өөртөө хандан шивнэлээ. Хөгжимчин инээмсэглээд, пийпааныхаа бөөрөнд хацраа наав. “Ийм үг унагасныг чинь Бурхан өршөөх буй заа, энэ учралын ачаар чи бид хоёр биенээ таньж авлаа шүү дээ!” гэлээ. Ичсэндээ нүүр минь улайж “Намайг уучлаарай, арга мухардсандаа харуусаад ёс журмыг умартаж орхилоо” хэмээн хүлцэл өчив.
“Арга мухардсан гэж бүү бод. Эгэл биш энэ хүнийг хайсан болгон зүдэрч туйлдах жамтай. Хуучин цагт сан бол орон гэрийг нь хэн хүнгүй мэдэх болохоор олоход амар байж. Эдүгээ харин орчлон хорвоо өөрчлөгджээ. Эзэд ноёдын дайтай эрх дархтай байсан хүн одоо бол хууран мэхэлсэн хэргээр цагдаа сэргийлэхэд мөрдөгдөх болов. Ийм болохоор түүнийг олж уулзана гэдэг амаргүй даваа, гэвчиг тэвчээр зааж, учрах ерөөл буйд бүү эргэлз” гээд пийпаанд наасан тэргүүнээ өргөн, нэгэн аязын оршлыг эвлэгхэн товшиж, ийн дуулав аа:
Энхэр дотно бүхнээ улиглан магтдаг гэмээ би хүлээнэ ээ Энэ л үлгэр түүхэс дарсны охь мэт ээ.*
Би эцэж алжаасан зүрхээ сул тавиад, аялгуу дууны хөг хэмнэлд найрсан уусав.
Дуулж дуусаад тэр “Би ганц шөнийн дотор энэ шүлэгт ая зохиочихсон юм шүү дээ” гэв. “Бага Байрамын** урьд өдөр санагдана. Заабалави над дээр зочилж шөнөжин цуг өнжихдөө энэ шүлгийг сонгож өгсөн юм. Дэргэд минь хэсэг сууснаа босч очоод хүүхдүүдтэй маань яг л балчир хүүхэд аятай тоглож наадсан сан. Намайг ядарч хөших, аль эсвэл онгод орж ирэхгүй зүдрэх үед хэнхдэг цээжнээ хөнгөхөн алгадаад, тоглоом наргиа хийнэ, тэгмэгц хөгжмийн ая дотроос минь ундарч, энэ мэт суусаар хамгийн яруу сайхан бүтээлээ би туурвиж билээ.”
“Тэр хөгжмийн тухай мэддэг хэрэг үү?”
“Яруу эгшиглэнт хөгжмийн амьд биелэл чинь тэр өөрөө юм шүү дээ. Цээл сайхан хоолойг нь сонсох аваас дуу хөгжим зохиож, туурвихуйн хүслэн оргилно...”
“Хүний хүчин мөхөстдөг эмгэг зовуурийг тэр хэрхэн анагаадаг байна аа?”
“Тэр бол нууц. Уулзахаараа чамд задалж юуны магад.”
Гэвчиг уулзан золгох цаг нь хэзээ юм бол доо? Бид дуугаа хураав. Тэгтэл хүүхдүүдийн цовоо цолгин шуугиан өрөөг бүрхэн авлаа.
Шейх ахиад дуулж эхлэв. Хана хүртэл бүжих мэт төгс хувилбарыг олон олтлоо “Танхил түүнийгээ би санан санан дурсдаг аа” хэмээх мөртийг өөр өөр аяз хэмнэлээр аялгуулан давтана. Гайхаж биширснээ илэрхийлсний минь хариуд тэр талархан мишээв. Ингээд би суудлаасаа өндийж, явах зөвшөөрөл хүсэхэд, гол хаалга хүртэл үдэж өглөө. Гарыг нь дотночлон атгах зуур тэр “Ойрын үед манай хүн Хагг Ванас Аль-Даманурийн гэрээр орж гарч буй сураг дуулдана лээ. Чи таних уу?” гэв.
Толгойгоо сэгсэрсэн ч сэтгэл дотор найдварын оч хаялж эхлэв ээ.
“Газрын эзэн байгаа юм, үе үе Каирт ирэхдээ зочид буудалд буудаг. Үдэш нь харин Альфи гудамжны Негма гэж уушийн газар суудаг” гэж шейх өгүүлэв.
Би бүрий тасрахыг хүлээсний эцэст Негма уушийн газарт очлоо. Зөөгчөөс нь Хагг Ванасыг лавлавал дөрвөн талдаа тольтой лужир том баганын цаанаас цухуйх сондгой нэгэн булан руу заав. Тэнд нэг эр ганцаар суух агаад ширээн дээрх хоёр лонхны нэгийг нь хоосолж, нөгөөгийнх нь гуравны хоёрыг хүртэж орхижээ. Хоол зуушны юм үзэгдэхгүйг бодоход лүү архичин гэдэг нь илт. Хив торгоор хийсэн элбэг галабея өмсөж, толгойдоо тюрбан нямбайлан зангидсан мөнөөх эр баганын суурь луу хөлөө жийж, толинд өөрийгөө их л сэтгэл өег ширтэх агаад нас өтгөрч яваа гэхэд царай зүс толигор сайхнаараа, дарс ууснаас харин улаан зээрд болсон үзэгдэнэ. Би алгуурхан дөхөж очоод хэдэн алхмын зайтай зогсов. Над руу эргэж харсан ч үгүй, намайг ер анзаарч байгаа ч юм алга.
“Үдшийн мэнд, ноён Ванас” хэмээн би хүндэтгэлтэйгээр мэхийв.
Миний дуугаар тэр нойрноосоо сэрэх мэт агдас хийснээ толгойгоо өргөж, цаанаа л нэг ёозгүй ширтэв. Ямар хэргээр яваагаа тайлбарлах гэтэл захирангуй гэмээр атлаа элгэмсүү ч юм шиг хоолойгоор яриаг минь тасалж “Эхлээд наашаа суучих, тэгээд согт!” гэв.
Би хүлцэл өчих гэвэл хоёр чихээ хуруугаараа бөглөөд “Согтохоос чинь нааш ганц ч үг сонсохгүй” хэмээн зөрөв.
Этгээд муж архичинтай учирснаа ухаарсан би жаахан хошигноод үздэг хэрэг гэж бодов. “Ганц асуулт асуухыг минь зөвшөөрч болгоохсон болов уу?” гээд маасайтал инээмсэглэн ширээнд нь суулаа.
Харин тэр чихээ тагласан хэвээр лонхтой руу зангав. “Өөрөө би ингэтлээ уусан үедээ өрөөл хэн ч бай эн тэнцүү согтохоос нь нааш ам нээдэггүй, эс бөгөөс хоёр биенээ ойлгохоос өнгөрч, зүй зохисыг уландаа гишгэсэн явдал болно.”
Би уудаггүй гэдгээ дохиж үзүүлсэн ч “Тэр чиний мэдэх хэрэг. Миний болзол ийм л байна!” гээд ер халгаасангүй.
Ингээд би хундагалж өгсөнг нь үг дуугүй авч тогтоов. Дарс ходоодонд орсон даруй дотор халуу шатан төөнөрнө. Ааг амтанд нь дасах гэж яггүй хүчилсний эцэст би “Чанга эд байна шүү, асууя гэснээ асуух цаг ирэв бололтой...” хэмээн үгээ эвлүүлж ядан хэллээ.
Гэтэл мань эр аанай л чихээ таглаж “Согтохоос чинь нааш юу ч сонсохгүй!” гэв ээ. Хундагыг минь тэр хоёр дахиа дүүргэв. Өнөөх рүү нь би тэвдэнгүй хялам хийгээд, дүүрсэн хэрэг хэмээн биеэ зоригжуулж, нэг амьсгаагаар хөнтөрлөө. Дарс хоолойгоор давмагц хамаг бие сулбайж орхив. Гурав дахь хундаганы дараа өнгөрсөн дурсамжаа мартаж, дөрөв дэхийнх нь ард гарахад алс ирээдүй ч сарнин арилав. Газар тэнгэр дайвалзаж, яагаад тэнд очсоноо ч онхи мартлаа. Мөнөөх эр над руу сая нэг чих тавин бөхийхөд царай зүс нь, ер эргэн тойрон тэр аяараа эрээн мяраан онгоцнууд эргэлдэн сүнгэнэлдэх шиг эрээлжлэх аж. Толгой хүндэрч, сандлынхаа тохойвчийг дэрлэн унаад гүн нойронд автах хүртэл хэр удсан юм бүү мэд. Тэгээд би энэ яваа насандаа зүүдэлж үзээгүй амтат зүүдэнд умбав. Би мод бут шигүү хүрээлсэн саруул уужим цэцэрлэгт байх агаад саглагар мөчир завсраар нь тэнгэрт түгсэн түмэн одод яралзаж, нар шингэх үес эс бөгөөс бүрхэг өдөр нэгэн дор цогцолсон мэт уур амьсгал ноёлно. Мэлрэг цэцгийн дэлбээ зулсан бяцхан довцог дээр хэвтэхүй чанх дээрээс нэмээд өчнөөн дэлбээ бороо мэт асгарч, усан оргилуураас цацрах тунгалаг усан дуслууд зулай, чамархай дээр бөнжигнөн бууна. Сэтгэл минь баяр хөөрөөр гийж, амар амгаланд умбав. Чихэнд шувуудын жиргээ найрал хөгжим мэт эгшиглэнэ. Өөрөө өөртэйгөө, дотор хүнтэйгээ, дээр нь дэлхий ертөнцтэй эесэн нэгдэж, харь харш юмс сарнин одоод, хамаг бүхэн байх ёстой байраа олжээ. Хорвоо ертөнц ийн төгс зохирохын учир ярих, хөдлөх ч утгаа алдаж, сансар огторгуй баяр жаргалаар бялхах аж. Амтат энэ мөч тийм ч удаан үргэлжилсэнгүй. Нүдээ нээмэгц ухаан санаа гэдэг цагдаагийн нударга мэт дэлсэж, Ванас аль-Даманурийн ажсан харцтай тулгарав. Уушийн газар цөөн хэдэн нойрмог үйлчлүүлэгч тунаж үлджээ.
“Та ч гүн нойрслоо шүү. Нойроор ангаж явснаас зайлахгүй” хэмээн нөхөр минь хэлэв.
Дүйрч хүндэрсэн толгойгоо гарынхаа алганд наав. Нойт оргиход нь цочин харваас алган дээр минь усан дуслууд гялалзах аж.
“Нүүр минь норчхож” хэмээн намайг унтууцахад,
“Тийм ээ, найз маань чамайг сэрээх гэж үзсэн юм” хэмээн сулхан хариулав.
“Ийм янзтай байгааг минь харсан хэрэг үү?”
“Санаагаа бүү чилээ, тэр сайн хүн. Шейх Заабалави гэж дуулсан уу?”
“Заабалави гэнэ ээ!” хэмээн би уулга алдаж, год хийн босов.
“Тийм ээ. Яасан бэ?” хэмээн тэр гайхан асуулаа.
“Тэр хаа байна?”
“Одоо хаачсаныг нь мэдэхгүй. Энд сууж байгаад л гараад явсан шүү дээ.”
Араас нь гүйе гэхнээ бие минь тэгтлээ тамирдсан гэж яаж мэдэх билээ. Дэмий л ширээ тэгнэн унаад, цөхөрсөн дуугаар “Түүнийг олж уулзах гэж л тань дээр ирсэн юм шүү дээ! Гүйцэж очиход минь туслаач, үгүй ядаж араас нь хүн явуулж өгөөч” хэмээн орь дуу тавив.
Тэр сам хорхойн худалдаачныг дуудан шейхийн араас явууллаа. Тэгээд надад хандаж “Чамайг ийм зовлонд унасныг даанч мэдсэнгүй. Намайг уучилж өршөө...” гэв.
“Та яриулахгүй байсан биз дээ” хэмээн би уурслаа.
“Харамсалтай яа! Дэргэдэх сандал дээр чинь тэр удтал суусан. Шүтэн бишрэгчдийнх нь нэг бэлэглэсэн гэх, хүзүүндээ зүүлттэй мэлрэг цэцгийн хэлхээгээр оролдож сууснаа өөрийг чинь хараад өрөвдөж, сэрээх санаатай дух руу чинь ус цацсан юм л даа.”
Би “Тэр тантай үдэш болгон энд уулздаг уу?” хэмээн асуухдаа сам хорхойн худалдаачны гарч явсан хаалгаас харцаа салгаж чадсангүй.
“Энэ үдэш, өчигдөр орой, уржигдар орой ч гэсэн надтай уулзсан, гэхдээ тэрнээс өмнө бүтэн сар барааг нь хараагүй.”
Би “Маргааш ирж магадгүй” хэмээн санаа алдав.
“Магадгүй.”
“Би түүнд хүссэн мөнгийг нь өгөхөд бэлэн” гэхэд Ванас “Тийм юмыг хүлээж авдаггүй сонин хүн дээ, гэхдээ уулзсан байхад чамайг эмчлээд л өгнө вий” хэмээн аргадангуй хариулав.
“Үнэ хөлсгүй юү?”
“Тэр өөрийг нь хайрлаж хүндэлдгийг мэдэрсэн бол тэгээд л болоо.”
Сам хорхойн худалдаачин явсан хэргээ бүтээж чадалгүй эргэж ирэв. Энэ зуур бие арай дээрдсэн ч, гуйвж туйвсан амьтан уушийн газраас гарлаа. Гудамжны булан тойрох бүртээ хий дэмий л хариу горьдон “Заабалави!” хэмээн хашхирч явав. Тэгтэл хэдэн тэнүүлч жаал зэвүүрхсэн янзтай хялалзаад байхаар нь хамгийн түрүүн зогссон хөлсний тэрэгт үсрэн суулаа.
Маргааш орой нь Ванас аль-Дамануритай үүр цайтал суусан авч шейхийн бараа үзэгдсэнгүй. Ванас хөдөө буцах болсноо, хөвөнгийн ургацаа зартлаа Каирт ирэхгүй гэдгээ дуулгав.
Хүлээх хэрэгтэй, тэвчээр суух хэрэгтэй гэж өөртөө би тушаана. Заабалави оршин байдагт, тэр ч бүү хэл намайг чин сэтгэлээсээ энэрч явдагт өөрөө би үнэмшиж чадваас, айсуй учрал тохиох аваас тэр намайг анагаахад бэлэн байх болно.
Хааяа би ингэтлээ удаж буйд нь шантарч тэвчээр алдарна. Ядаж цөхсөндөө түүнийг оюун бодлоосоо ор тас арчиж орхиё ч гэж бодсон удаа бий. Энэ хорвоо дээр эцэж туйлдсан атлаа түүнийг огт мэддэггүй, мэдсэн ч хоосон цуурхал гэж боддог хүн олон бий шүү дээ! Ийм байтал түүнийг бодон бодон ингэж тарчлахын хэрэг юусан билээ?
Гэвчиг өнөөх зовуурь нөмрөөд ирэх үес ахиад л түүнийг бодож эхлэх бөгөөд уулзах аз нь хэзээ тохиох бол хэмээн өөрөөсөө асууна. Ванасаас сураг чимээ алдарч, түүнийг гадаадад амьдрахаар явсан гэдгийг дуулсан хэрнээ зорилгоосоо би няцсангүй, учир юу гэвэл Заабалавиг олох ёстой гэдэгтээ би үнэн голоосоо итгэсэн юм.
Тийм ээ, Заабалавиг би заавал олно.
* Дундад зууны үеийн араб яруу найрагч Ибн аль-Фаридын шүлгийн мөрт. **Рамаданы төгсгөлд тэмдэглэдэг, мацаг тайлах Мөргөлийн баяр.