
-Сошиал ертөнцөд бусдыг харааж зүхдэг, доромжилж занадаг 6000 лаларын ажлын байр бий гэнэ-
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл олон нийтийн сүлжээн дэх нүүрээ нуусан хөлсний бичээч нарыг лаларууд гээд хэлчихжээ. Үүнээс болж улсын баатар мээрийг “байхгүй болгох” ээлжит дайралт олон нийтийн сүлжээнд нэг хэсэг эрчимтэй өрнөв. Тиймээс арга буюу Э.Бат-Үүл дарга өдөр тутмын сонинд ярилцлага өгч лалар хэмээх үгийг тайлбарласан. Тэрээр “Яг хэн болох нь мэдэгдэхгүй, нүүрээ нуусан хүмүүс өнөөдөр сошиал ертөнцөд дуртайгаа ярьж, бусдыг харааж зүхэж, хүмүүсийг хүчирхийлэлд турхирч, элдвээр аашилж байна. Тэд юуг ч харлуулан гутааж, гүтгэж, доромжилж байна. Ардчиллыг зүхэж, коммунизмыг мөрөөдөж, улс орон, ард түмнээ компьютер, гар утасны цаанаас өглөө, өдөр, үдэшгүй харааж суудаг боллоо. Тэд нүүрээ нуусан учраас яахаас ч буцахгүй зоригтойгоор бусдыг “алж” байна. Ичих, айх юм үнэхээр алга” хэмээсэн байна. Мөн тэрээр нэр нүүрээ нуусан хөлсний бичээчдийг нүүрээ алчуур, гивлүүрээр нуучихаад аллага үйлддэг террористуудтай адилтгажээ. Түүнчлэн нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Лалар толь” хэмээх фельетон бичсэн нь олны элгийг авах шахаж байна.
Тэд нүүрээ нуусан учраас яахаас ч буцахгүй зоригтойгоор бусдыг “алж” байна. Ичих, айх юм үнэхээр алга.
Нээрээ л Монголд лаларизм хүчээ авч инээдэм биш ханиадам болжээ. Тэд цахим аллага өдөр бүр үйлдэж байна. Монголчууд бид лалын ертөнцөд хүмүүс амиа золиослож, олон арван гэмгүй иргэд гэмт халдлага, аллага, хүчирхийллийн золиос болж байгаа тухай мэдээг хэнэггүйхэн уншиж, сонссоор бүр дасал болжээ. Тэрэн шигээ өөрсдөө ч гэсэн лалын ертөнцийн терророос дутахгүй хор хөнөөлтэй аллага, хүчирхийллийн золиос болж байгаагаа мэдэхгүй байна. Үүнд л Үүл баатар эмзэглэж, бухимдсан хэрэг. Нийгмийн сэтгэл зүйг хааш нь ч эргүүлж мэдэх ийм хар хүчин өнөөгийн цахим орчинд үүл мэт хуралдаж, үерийн ус шиг бохир заваан мэдээллээр олон нийтийн тархийг угаасаар байгаа нь үнэн юм. Цахим ертөнцөд бусдыг алж хядах, устгаж сөнөөхийг уриалж, үгийн муугаар харааж, үзэл бодол, итгэл үнэмшлээр нь талцуулан, хагаралдуулж, заримд нь ял цааз хүртэл оноож байна гэдэг бол маш аюултай. 2008 оны долдугаар сарын 01-нд юу боллоо. Бухимдаж, уурссан олон хүн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж жагссан. Харин тэднийг хатган турхирснаар үймээн самуун болтлоо хурцдан, эрдэнэт хүний амь нас эндсэн.
Нэр нүүрээ нуусан хөлсний бичээчдийг нүүрээ алчуур, гивлүүрээр нуучихаад аллага үйлддэг террористуудтай адилтгажээ.
Яг ийм турхиралт, өдөөн хатгалга хийгээд зандалчлал өнөөдөр цахим ертөнцөд хэвийн үзэгдэл болтлоо архагшаад байгаа нь нийгмийг эмх замбараагүй байдалд уриалан дуудах, үндэсний аюулгүй байдалд аюул учруулах хэмжээнд хүрчээ. Хамгийн ойрын жишээ нь Мүүнийг тойрсон дуулиан, шуугиан. Энэ бол цахим ертөнцөд зохион байгуулалттайгаар, зориудаар тарьсан дуулиан байжээ гэдэг нь өдөр ирэх тутам тодорхой болсоор байна. Хэсэг бүлэг хүмүүс Мүүнийнхнийг муулж, харааж, алж хядвал таарна гэж хүртэл бичиж, ярьж, цахим орчинд долдугаар сарын 01-ний үйл явдлаас дутахгүй үймээн, самуун өрнүүлсэн. Эхнээсээ зорилго, зохион байгуулалттай байсан энэ “тэмцэл” гол удирдагчаа эх орончийн дүрээр олон нийтэд таниулж, түүний эсрэг “ардын дайсныг” мөн тодруулах сценаритай байв. Ингээд тэрхүү сөрөг дүрээрээ БСШУЯ-ны газрын дарга эмэгтэйг онилсон.
Цахим ертөнцийн лаларууд мөн л адгийн шаарнууд байдаг аж.
Э.Бат-Үүл баатрын хэлснээр лалын алан хядагч лаларууд нүүрээ нууж бусармаг үйл хйихээс биш улаан нүүрээрээ тулгарах юм бол адгийн аймхай, арчаагүй амьтад байдаг гэдэг. Түүн шиг цахим ертөнцийн лаларууд мөн л адгийн шаарнууд байдаг аж. Тэд сул дорой, өөрийгөө хамгаалах чадваргүй, эмзэг зөөлөн, ёстой л номхон тэмээ ноолоход амар гэж тооцсон уу яасан нэг муу эмэгтэйг сонгож аваад тал талаас нь балбаж, муулж, харлуулах, гутаан доромжлох ажлаа сарын турш уйгагүй хийсэн. Мүүнтэй нэр холбогдсон хүн бүрийг тэгж баалах зориг, чадал лаларуудад байсангүй. Тиймээс ганц Б.Насанбаярыг л баалж, муулж гаж таашаалаа авсаар байв. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад Монгол Улсад хэнийг ч яллаж буруутгаж болохгүй. Үндсэн хуулийн энэ алтан зарчмыг цахим ертөнцийн хөлсний бичээчид аль хэдийнэ давсан. Мүүн гэдэг хий үзэгдлээр олон нийтийн сэтгэл зүйг айлган дарамталж, улмаар эгэл жирийн нэгэн эмэгтэй, эх хүний амь насанд заналхийлж, амьд явах эрхэд нь халдахыг уриалж байв.
Мүүн гэдэг хий үзэгдлээр олон нийтийн сэтгэл зүйг айлган дарамталж, улмаар эгэл жирийн нэгэн эмэгтэй, эх хүний амь насанд заналхийлж, амьд явах эрхэд нь халдахыг уриалж байв.
Улаанбурхан өвчин хяналтаас гарч, хэдэн арван нялхас амиа алдлаа гэдгийг сануулж, дорвитой арга хэмжээ авахыг шахаж шаардсан жиргээчид болон нүүр номын идэвхтэй гишүүдийг хэнээс ийм даалгавар аваад гэнэт ингэж зохион байгуулалттайгаар дайрч давшлаад байгааг нь тагнуулынхнаар шалгуулна хэмээн мэдэгдэж суусан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уг нь цахим ертөнцөд аймшигтай оюуны террор үйлдэгдсээр байгааг л хянаж, шалгахыг үүрэгдэх ёстой байгаа юм. Тэрнээс Засгийн газрынхаа тэргүүнд шаардлага тавьж, шүүмжилнэ гэдэг ардчилсан улсад байдаг л жишиг. Харин хэн нэгнийг онилж байгаад тал талаас нь нүүрээ нуусан хөлсний бичээчид цахим орон зайд яллан, цаазын тогтоол мэт хар муу үгээр булж, бусдыг өдөж турхирна гэдэг байж боломгүй үйлдэл билээ. “Орчин цагт Монгол Улсад нүүрээ нуусан лалруудад зориулсан шинэ ажлын байр сошиал сүлжээнд бий болжээ.
“Орчин цагт Монгол Улсад нүүрээ нуусан лалруудад зориулсан шинэ ажлын байр сошиал сүлжээнд бий болжээ.
Улстөрчид сонин, телевизэд биш нүүрээ нуусан лалруудад хөрөнгө оруулж байна. Лав 6000 лалар сошиал ертөнцөд бусдыг харааж зүхдэг ажлын байртай болчихсон байна. Тиймээс чөлөөт хэвлэлийн зах зээлийг булаацалдаж, чөлөөт хэвлэлийг устгах аюулд ч хүргэж болзошгүй байна. Нүүрээ нуусан лалрууд дотоодынхноос санхүүжилт аваад зогсдоггүй. Гадаад орныхон нүүрээ нуусан лаларуудад захиалга өгч, коммент бичүүлж, жиргүүлдэг юм байна. Гадныхны хүсэл зорилгоор нүүрээ нуусан лалрууд Монголын нийгмийн санаа бодлыг самууруулах үйлсэд хүчин зүтгэж байна шүү дээ” хэмээн ардчиллын алтан хараацай Э.Бат-Үүл хэлжээ. Нүүрээ нуусан лалруудад доромжлуулсан гэж үзэж байгаа хүмүүс шүүхэд хандах эрхтэй. Тэдний гайд өртөж байгаа бол эрхээ хамгаалуулах эрх нь нээлттэй гэдгийг ч тэрээр хэлсэн байна лээ. Сонгууль ойртох тусам дээр хэлсэнчлэн олон нийтийн сүлжээн дэх нүүрээ нуусан хөлсний бичээчдийн ажлын байр улам нэмэгдэнэ. Олон Насанбаярыг тэд онилно. Гутаан доромжилно. Дараа нь яллана. Олон нийтийг аллага, таллага, үймээн самуунд турхирна. Өөрийг нь шүүмжилсний төлөө өрвөсхийдөг Ерөнхий сайдтан оюуны хүчирхийллийн эсрэг дорвитой алхам хийгээсэй. Улаанбурханы талаар шаардлага тавьсан иргэдийг шалгахын оронд улсын баатрын хэлсэн хөлсний, захиалгат бичээчдийг илрүүлж, нийгмийн сэтгэлзүйг тэдний зандалчлалаас, лаларизмаас авраасай.