Жил бүрийн дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл хачгийн идэвхжил өндөр байдаг. Хачигт хазуулаад удвал үхэлд хүрэх ч аюултай бөгөөд олон төрлийн хүндрэл үүсгэх эрсдэлтэй. Тиймээс хачигт халдварын идэвхжлийн үе эхэлсэнтэй холбоотойгоор Зооноз өвчин судлалын үндэсний төвийн Тархвар судлагч эмч Л.Роломжавтай ярилцлаа.

Хачигт халдварын талаар яриагаа эхэлье. Монгол Улсад хэчнээн төрлийн хачигт халдвар албан ёсоор бүртгэгдээд байдаг вэ?

-Хачигт халдвар улирлын чанартай байдаг. Урин дулаан цагт түлхүү идэвхжидэг. Уг халдвар нь төв болон захын мэдрэлийн системийг сонгомлоор гэмтээдэг. Эмнэл зүйн олон хэлбэр, явцаар илэрдэг, байгалийн голомтот халдварт өвчин. Монгол Улсад 2005 оноос хойш энцефалит, хачигт боррелиоз, хачигт риккетсиоз гэх гурван төрлийн хачигт халдвар бүртгэгдсэн байдаг. Эдгээрээс хачигт энцефалит өвчин нь халуурах, хордлого өгөх, төв мэдрэлийн тогтолцооны гэмтлээр илэрдэг. Эмнэлзүйн хувьд хүнд хэлбэрээр илэрдэг, үлдэц ихтэй өвчин юм.

Хачиганд хазуулснаар ямар шинж тэмдэг илрэх вэ. Хазуулснаа мэдэхгүй удаан явбал хүний биед ямар эрсдэл үүсэх вэ?

-Хачигт хазуулсны дараа ихэвчлэн 3-21 хоног нууц үе байдаг. Энэ үед бие суларч, толгой хүчтэй өвдөх, хэл цайвар өнгөртэй болох, хүзүү хөших, нүүр, гар, хөл зэрэг эрхтэн мэдээгүй болж саажих зэрэг шинж тэмдэг илэрдэг. Хачигт хазуулсан бол шууд эмнэлэгт хандах хэрэгтэй. Хачиг нь шумуул шиг хатгаж, хүний цусыг хошуугаараа сордоггүй. Дөрвөн хөлөөрөө арьсны хананд бэхлэгдээд амнаасаа нян (энзим) ялгаруулдаг. Хачигт хазуулсан тохиолдолд хачигаа болгоомжтой авах хэрэгтэй. Гараар авахаас аль болох татгалзах нь зүй. Харин иштэй хөвөнгөөр зөөлөн авах нь тохиромжтой. Хазуулсан хэсгийг спиртээр ариутгах шаардлагатай.

Хачиг ихэвчлэн хаагуур их байдаг вэ. Хачигт халдвараас хэрхэн сэргийлэх вэ?

-Бэлчээрийн хачиг жил бүрийн гуравдугаар сарын сүүлчээс идэвхжиж, салхиар хаа сайгүй тархдаг. Хачигт халдвар Сэлэнгэ, Булган аймгаас ихэвчлэн бүртгэгддэг. Харин бэлчээрийн бор хачигт халдвар Говь-Алтай, Архангай аймагт цөөнгүй бүртгэгддэг. Хачигт халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд гурван тун вакцин хийлгэж болдог. Эхний тунг хачгийн идэвхжлийн үед хийлгэнэ. Зургаан сарын дараа хоёр дахь, жилийн дараа гурав дахь тунг хийлгэснээр хачигт халдвараас бүрэн хамгаалагдана. Давтан вакцинжуулалтыг гурван жилийн дараа хийлгэж болно. Мөн иргэдийн дунд хачиг тэнгэрээс унаж ирдэг гэсэн ойлголт бий. Энэ нь өрөөсгөл. Хачиг салхиар дамжин амьтан, хувцас дээр наалдаж, биеийн хамгийн зөөлөн арьсан дээр тогтдог. Иймд хоёр цаг тутамд хувцсаа шалгаж бие дээр хачиг наалдсан эсэхийг ажиглах нь зүйтэй.

Манайд хачигт халдварын тохиолдол хэр их нэмэгдэж байна?

-Идэвхжилтийн үед хийсэн тандалт илрүүлгийн шинжилгээгээр сүүлийн жилүүдэд халдвартай хачиг нэмэгдэх хандлагатай байна. Өвчтэй нэг хачигнаас 30 ширхэг өндөг гардаг. Өндөг бүр нь халдвартай төдийгүй үржилд ороод дахин 30 ширхэг өндөг гаргана гэж үзэхээр хачигны тоог  хязгаарлах, нарийн тогтоох боломжгүй. Манай төвөөс тандалтын баг орон нутагт очиж ажиллаж байгаа. Хэрэв хачигт хазуулсан бол хачигаа хаяж болохгүй. ЗӨСҮТ-ийн салбаруудад өгч лабораторийн шинжилгээ хийлгүүлэх хэрэгтэй. Ингэснээр халдвар хүндрэхээс өмнө урьдчилан сэргийлэх зөвлөгөө, арга хэмжээ авах боломжтой.