Бүх Японы оюутны аварга шалгаруулах сүмо бөхийн тэмцээн Ойта мужид өчигдөр боллоо. 56 дахь удаагаа болноороо онцлог тус тэмцээнд “Нихон” их сургуулийн дөрөвдүгээр дамжааны оюутан Б.Төрболд түрүүллээ. Тэрээр шигшээ барилдаанд Шираичийг ошидаши мэхээр ялж, аваргалав. Ийнхүү Б.Төрболд энэ тэмцээнд анх удаа түрүүлсэн нь энэ. Тэрээр өнгөрсөн жил сонирхогчийн сүмогийн Бүх Японы аваргад мөн түрүүлж, ёкозүна цол хүртэн, тус тэмцээнд аваргалсан анхны гадаад сүмоч болсон билээ. Сонирхуулахад Б.Төрболд 1994 оны дөрөвдүгээр сарын 25-нд Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн. Биеийн өндөр 187 см, жин 175 кг. Сонирхогчийн сүмогийн ДАШТ-ээс өсвөрийн ангилалд мөнгө (2012), насанд хүрэгчдийнхэд алт (2014), хүрэл (2015), Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнээс алт (2015), хүрэл (2013), Бүх Японы сонирхогчийн сүмогийн жингийн аваргын үнэмлэхүй жинд алтан медаль тус тус хүртсэн юм.