УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны тогтоолоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Ж.Батжаргалаар гишүүнээр ахлуулж, Т.Аубакир, Б.Бейсен, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан. Ажлын хэсгийн гишүүд Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны үйл ажиллагаатай танилцах, шинээр улсын тусгай хамгаалалтад авах газар нутагтай танилцах, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаж байна. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг говийн бүсэд ажиллаж, Чойрын Богд уулын хамгаалалтын захиргаатай танилцжээ.
Чойрын Богд уул нь засаг захиргааны нэгжийн хувьд Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Дорноговь аймгийн Даланжаргалан сумдын нутгийн дамнан оршдог, олон зуун жилийн түүхийг хадгалсан байгалийн цогцолбор газар юм. Тус уулыг 1997 онд орон нутгийн тусгай хамгаалалтад, УИХ-ын 2011 оны 04 дүгээр тогтоолоор байгаль орчны тэнцвэр, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “байгалийн нөөц газар”-ын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авчээ. Одоогоор Чойрын Богд ууланд 200 гаруй аргаль хонь нутагшиж байна. Мөн ховор ургамал, аргаль, янгир, цагаан зээр, буга, чоно, үнэг, туулай, цармын бүргэд, идлэг шонхор, тас зэрэг ан амьтан элбэгтэй ажээ.
Мөн Чойрын Богд уулнаа түүх соёлын дурсгалт газрууд, зураг дүрслэлийн өв, шашны соёлыг хадгалсан дурсгалуудтай аж. Тухайлбал, Дагвасүндэл бурхан, Зүүн Жанжин Чойрын хийдийн туурь, түүний дэргэд Цагаан дарь эх бурхан, Хүслийн хад, Хүүхдийн овоо, Илдний зурагтай хад, эртний хятадын төмөр утасны хорооны туурь, Дугар Мээрэнгийн хөшөө гэх мэт газруудыг дурдаж болох юм байна. Түүнчлэн Хустай байгалийн цогцолбор газар болон Хэнтий аймгаас 50 толгой Монгол тарвагыг зөөвөрлөн нутагшуулсан байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2022 онд нийт 14 газрын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөсний нэг нь Чойрын Богд уул юм. Нутгийн иргэдийн хүсэлтийн дагуу аймгийн ИТХ-ын шийдвэр гарч, 2020 онд улсын тусгай хамгаалалтад авах хүсэлтийг салбарын яаманд хүргүүлжээ. “Байгалийн нөөц газар”-ын ангилалд байгаа газар нутгийн хэмжээг 9.8 дахин томсгож, 60750 га болгохоор тогтоолын төсөлд тусгаад байгааг БОАЖ-ын яамны мэргэжилтэн Т.Болдбаатар хэлжээ.