
...Дөрвөн ханатай гэр дэх зайгүй өрсөн, эрээлгэтэй тавилга дунд хуучны, нүнжигтэй хивс дэвсчихээр гурван есийн хүйтэн жавар хаагуур ч хургах аргагүй халуун дулаан. Дээр нь эмээ гал өрдөөд шар тос самарсан цай чанахад жижигхэн бор гэр минь аз жаргалаар дүүрээд ирнэ дээ.
Манай гэрт цайны үнэртэй үргэлж сүлэлдэж үнэртдэг зүйл бол арц. Өглөө бүр өвөө хоймрын гурван авдар дамнуулж өрсөн бурхнаа нэг бүрчлэн арчсаны дараа эмээгийн өглөө бүр цайны дээжээ өргөдөг урд хайрханаас түүсэн арцаа асаана. Хөгжмийн намуун хэмнэл шиг арцны бүгээн утаа алгуурхан гулссаар гэр дүүргэх тэр мөчид дөрвөн ханатай гэрт өвөө эмээ бидэн гуравт дутуу юм өчүүхэн ч үгүй болж, хаалгаа ч нээлгүй, хамтдаа энэ мөчийг түгжмээр дүүрэнд автдагсан. Эмээгийн чанасан цайны амт, өвөөгийн нүдсэн арцны үнэрийн сайныг ярих юм биш.
...Үйл хөдлөл тэр цаг үедээ үлдэх ч үнэр амт дурсамжийг хэзээд шинэ соргогоор нь хадгалах ажээ. Саяхан санамсаргүй хэний ч юм, хэзээ ч авчирсныг бүү мэд, гарт таарсан арцыг өөрийн мэдэлгүй асаасан даруйд өнгөрсөнд үлдсэн тэр нэг дүүрэн дурсамж өндийгөөд ирсэн юм.
...Өвөө эмээ бид гурав тулгаа тойрч суугаад арцаа нар зөв тойруулан голомтоо ариулах нь зөвхөн Битүүний өдөр хийдэг, магадгүй манайхаас өөр олон айл хийдэг гэр бүлийн уламжлал. Багад өвөөгийн хийдэг “учир битүүлэг” зан үйлүүд жигтэйхэн сонирхолтой санагддаг байж. Битүүний өдөр нарыг цагаас нь өмнө жаргаах гэж их адгана. Тавгаа засч, өвөөгийн зан үйл эхлэхийг харах гэж, хамт үйлдэх гэж хорхойссондоо тэр. Тэр үйл гэрийн тотгон дээр хомоол, мөс тавихаас эхэлнэ. Авдар дахь олон боодол даавуун доторх одон тэмдэгүүд жилд нэг удаа ил гардаг нь энэ өдөр. Түүнийг “Хөдөлмөрийн хүндэт ажилтан” гэж монгол бичгээр бичсэн урт нарийн улаан туузан дээр зэрэг зиндаагаар нь эгнүүлж зүүнэ. Тэр бол маш хариуцлагатай ажил. Багахан хазайлгах, хажуудах тэмдэгтэй мөр зэрэгцүүлэхгүй байх зэрэг бол байж болшгүй асуудал. Дараа нь газар, гал, нар, тэнгэр зэргийг бэлгэдсэн таван өнгийн хадгийг дараалал ёсоор унинд өлгөнө. Энэ мэт гэр бүлийн нарийн нандин уламжлалыг нягт нямбай гүйцэтгэсний дараа тавгийн идээн дээр нэг, ууцан дээр бас нэг хүж асааж, бурхны өмнө хангайн нурууны арцаа уугиулснаар Битүүний шүншигтэй орой эхлэх нь тэр ээ.
Хөгжмийн намуун хэмнэл шиг арцны бүгээн утаа алгуурхан гулссаар гэр дүүргэх тэр мөчид дөрвөн ханатай гэрт өвөө эмээ бидэн гуравт дутуу юм өчүүхэн ч үгүй болж, хаалгаа ч нээлгүй, хамтдаа энэ мөчийг түгжмээр дүүрэнд автдагсан
...Арцны үнэр надад зүгээр ч нэг таатай дурсамж үлдээгээгүй ажээ. Арц аажим уугихдаа унтсан ухамсар ягуухан сэрэх мэт хүн болохын тухай дахь төлөвшлийн өнцөг, ирмэгийг “илж” зөөллөсөөр өнөөдрийн би бүрдэхэд алгууртаа онц их нөлөөлсөн гэмээр арц бид хоёрын амьдарсан орон зай үй зайгүй байжээ. Мэдээ орохоос эхлээд орны толгойтой тулсан бурхны ширээн дээр арц уугиж л байсан. Өвөөтэйгөө зэрэгцэн арц хүжтэй зан үйлд дурлах насанд бас арц уугисаар л байсан. Багадаа үзсэн тэр их амар амгалан цаг хугацаа хураагдаж, арцны үнэрт шингээд өнөө ч надтай хамт байна. Магадгүй ирээдүйд түүнд улам уусах биз.
Заримдаа хүн юу хүсч байгаагаа үл мэдэн, тэгсэн мөртлөө хий л нэгийг хайн тэмтэрсээр байдаг. Энэ удаагийн эрлийн маань учиг арц ч байсан байж болох. Хувь төлөвшлийн, үзэл бодлын, амьдралыг үзэх үзлийн баримжаа тогтох явцад сэтгэл хөдлөлийн олон дэнсэн дээр ойчиж босоход тулах цэг нь хүний мөн чанар байдаг гэвэл өнгөрсөн он цагтаа би баярлалаа гэж хэлнэ. Надад байсан хийгээд байгаа үнэт зүйлээ эргэн ойлгоход тусалсан арцны үнэрт баярлалаа. Үл таам мөртлөө үл холдом ариун дагшин арцан дахь оршихуй үнэт зүйлээ алдалгүй атгаж явах, ирээдүйд таарах эргэлзээнд орохгүй байх баримжаа маань байх болно гэдэгт итгэнэ.