
“Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэтэй ярилцлаа.
-Та “Дурлалын тэнгис” хэмээх анхны бие даасан цомгоо гаргаснаас хойш 10 гаруй жилийн дараа дахин шинэ цомгоо гаргалаа. Энэ тухай мэдээллээр ярилцлагаа эхэлье?
-Юун түрүүнд уншигч олондоо энэ өдрийн мэндийг хүргэе. 11 жилийн дараа “Зүрх сэтгэл” цомгоо гаргаж, үзэгч сонсогчдодоо өнгөрсөн сарын дундуур өргөн барьсан. Сэтгэгдэл маш өндөр байна. Саяхан манай Мээдээгийн шинэ цомог гарсан. Мөн “Камертон” хамтлагаараа шинэ уран бүтээл бичүүлээд тун удахгүй дүрсжүүлэхээр зохиол дээрээ ажиллаж байгаа. Гэх мэтчилэнгээр камертончууд уран бүтээлээ хийсээр байна. Энэ дашрамд, “Монгол газар”, “Жи мобайл”-ын хамт олондоо талархлаа илэрхийлье. Урлагийг дэмждэг эдгээр хамт олны хүчээр олон сайхан бүтээлүүд үзэгчдэд хүрдэг юм шүү дээ. -Өөрийн стильдээ нэлээд өөрчлөлт хийсэн нь ажиглагдсан?
-Дуучдын хувьд хувцаслалт, стиль, имиж маш чухал. Би бол “boyband” стилиэрээ л явж байсан хүн байхгүй юу. Одоогийн залуусын хувцаслалт, хэв маягийг тодорхой хэмжээнд мэддэг ч гэсэн урд нь алхах ёстой. Монголын дизайнерууд дотроос Ариунаа Сүри шинэ урсгал, шинэ хэв маягийг гаргаж ирснээрээ онцлог. Тиймээс стилийг маань өөрчлөөд өгөөч гэж санал тавихад уриалгахнаар хүлээж авсан. -Та бол тун менежмэнт сайтай дуучин. Өөрөө менежмэнтээ хийдэг үү, эсвэл зөвлөдөг хүн бий юү?
-Миний менежер бол миний хань. Хань маань супер. Бусад хүн “Ганаа ийм юм хийвэл яасан юм” гэж хэлдэг бол миний хань юуг, яаж хийх вэ гэдгийг бүгдийг нь хэлж өгдөг. Болохгүй байгааг тас гээд л хэлчихнэ. Болж байвал баяр хүргэнэ.

-Ханиасаа магтаал хэр сонсч байна?
-Сайн төдий юман дээр магтаал хэлэхгүй. Нэлээд засч, сайжирч төгс болсон цагт л сайн байна гэдэг. Ханиасаа магтаал сонсох дуртай.
-Цомог гаргах том ажлын ард гарлаа. Дараагийн удаад ямар зорилго, төлөвлөгөөтэй байна вэ?
-Уран бүтээлээ л хийгээд явна. Нэгд, чаддаг, хоёрт, хийх дуртай, гуравт, мөрөөдлийнхөө ажлыг хийж байгаа учраас. Тиймээс 90, 100 хүрсэн ч дуулаад л явах болно гэж боддог. Манай аав, ээж хоёр насаараа багш хийсэн. Олон багш нарын дунд сайхан хоолойтой хүн гэж яригддаг байсан. Тийм болохоор би тэднийхээ залгамж халаа болж яваа. Миний хүүхдүүд ирээдүйд юу ч хийсэн бай сайхан дуулдаг хүмүүс болох болов уу гэж бодож байгаа.
-Л.Ган-Эрдэнэ гэдэг хүн, “Камертон” хамтлаг хоёрыг салгаж ойлгох бараг боломжгүй юм шиг санагддаг. Та хамтлагаараа 20 жил овоглуулж байна. 20 жилийн өмнөх “Камертон”-ы Ганааг одоогийнхтой харьцуулбал?
-20 жилийн өмнөх Ганааг одоогийнхтой харьцуулбал мэдээж хэрэг туршлагатай болсон. Яах вэ гэдгээ сайн мэддэг боллоо. Харин 20 жилийн өмнө бол бид хүсэл мөрөөдөлдөө тэмүүлсэн залуус байлаа. Барын ам руу толгойгоо хийх үү, хөлөө хийх үү, ер нь юугаа ч хийсэн яадаг юм. Яасан ч яахав гээд л. Бүх амьдралаа урлагт зориулна гэсэн дөрвөн хүүхэд байсан. Тийм бодол, эрч хүчээрээ өнөөдрийг хүрсэн байх гэж боддог. Бид дөрвийн хамт байсан мөч бүхэн дурсамж болон үлдсэн. Цаашдаа ч хамт байх болно. Эба, Болдоо, Мээдээ гуравтаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Та гуравгүйгээр найз нь өдий зэрэгтэй явахгүй байсан, та гурав миний өмөг түшиг, асаалттай танкууд шүү гэж хэлье.
-Танай хамтлаг төрсөн өдөр бүрээрээ фэнүүддээ бэлэг барьдаг. Энэ жилийн төрсөн өдрийн бэлэг юу байх бол?
-Энэ жилдээ багтаж цомог гаргахаар ажиллаж байна. Бид 11 жилийн дараа дахин цомог гаргах гэж байгаа учраас дуун дээрээ маш их анхаарч байгаа. Ямар стильтэй дуу байх вэ, яаж хувцаслах гээд л, дууны үг бүхнийг их бодож байна. Тиймээс сайн дуу гарч магадгүй, хэрвээ та бүхний сэтгэлд нийцэхгүй бол уучлалт хүсье. Гэхдээ бид таалагдахын төлөө, шинэ юм хийхийн төлөө хичээж байна. Тэрнээс биш хуучныхаа стилийг давтсан дуу хийхгүй. Ойролцоогоор гурав магадгүй дөрвөн жилийн дараахь стилийн дуунуудыг одоо хийж байна. Өөрөөр хэлбэл, маш шинэлэг стиль хэв маягаар уран бүтээлээ хийж байгаагаа дуулгахад таатай байна. Мөн тоглолтоо хийнэ. Тэр тоглолт маань бүрэн хэмжээний супер тоглолт байх болно.
-Ойрын гурван жилийн дараахь шинэ хэв маяг гэхээр сонирхолтой санагдаж байна. Энэ тухай дэлгэрэнгүй ярьж болох уу?
-Гэнэтийн бэлгийг урьдчилаад хэлчихвэл сонирхолгүй шүү дээ.

-“Бид 4”-ийн дуучид үнэхээр чадварлаг. Дууны стиль, дуулалт ч тэр ерөнхийдөө биднээс илүү. Тэднийг сайхан ирээдүй, урлагийн их амжилт хүлээж байгаа гэж боддог.
-“Эко” телевизийг багагүй хугацаанд удирдаж ажиллаж байна. Телевизийн салбарт ажиллах ямар байна?
-“Эко” телевиз бол “Жигүүр гранд” группийн охин телевиз. Энд ажилласнаар телевизийн салбар гэж юу вэ, хүмүүстэй яаж ажиллах вэ гэх зэргээр нэлээд туршлага хуримтлуулж байна. Сур сур бас дахин сур гэдэг шиг сурсаар л явна.
-Хэдхэн сарын өмнө Д.Болд өөрийн телевизийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлсэн. Та телевизийн салбарын хүний хувьд найздаа заавар зөвлөмж их өгдөг байх?
-“Channel 11” бол энтертайнмэнт телевиз. Тиймээс Болдоод илүү амархан. Яагаад гэвэл манай хүн юу хийх, яах тухайгаа бүгдийг мэднэ. Гэхдээ санаа оноогоо ярилцдаг.
-“Ганаа мэргэжлээ сольсон нь” нэвтрүүлгээ хийхдээ олон мэргэжлээр ажиллаж үзсэн. Ямар мэргэжил өөрт тань хамгийн ойр санагдав?
-Би 300 гаруй мэргэжлээр ажилласан. Ер нь амархан ажил гэж байхгүй. Миний мөрөөдлийн ажил бол дуулах. Өөр мэргэжлээр ажиллая гээд хичээвэл хийж чадна. Гэхдээ хэцүү л дээ. Чадна гэдгийн ард хэцүү гэдэг үг байнга явна. Бүх ажилд хэцүү үе тохиодог. Гол нь тэрийгээ л давж гарах ёстой. Манайхан явж байгаад л хэцүү үедээ очихоороо өөр мэргэжил сонгоод яваад байдаг. Тэгэхээр топ болж чаддаггүй. Нэг юмныхаа араас тууштай явж чадалгүй гурван жил ажиллаад гараад дахиад өөр газар гурван жил гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар ажиллаад байна. Өөрийнхөө хэмжээнд хүрэхээрээ ханадаг ч байж магадгүй.
-Сүүлийн үед залуу хамтлагууд гарч ирээд л нэг их удалгүй алга болдог боллоо. Та үүнийг юутай холбоотой гэж боддог вэ?
-Урлаг бол мөнгө олох хэрэгсэл биш. Амьдралдаа байгаа бүхнээ урлагт өгөх ёстой. Авбал ав, үгүй бол хүндлэгдээд яв. Ерөөсөө л ийм зарчимтай. Залуус бүхнээ золиослож чадахгүй байна. Тэгэхээр цаашаа яаж явах вэ дээ.
-“Боловсрол суваг” телевиз албан ёсны эрхтэйгээр хүргэх гэж буй “Яг түүн шиг” шоуны оролцогч болсон. Яагаад энэ шоунд оролцох болсон тухайгаа ярихгүй юу?
-Манай улс энэ шоуг хийж буй 40 дэх орон. Хамтлаг маань дөрвөн гишүүнтэй, дөрвөн хоолойгоор дуулдаг гэх мэтээр дөрвийн тоо бидэнд их эерэг байдаг. Тийм учраас энэ шоу надад эерэг нөлөө үзүүлэх байх. Өмнө нь би ийм уралдаанд орж байгаагүй. Тиймээс өөрийгөө сориод үзье, би ер нь ямар төвшинд байна вэ гэдгээ мэдье гэж бодсон.

-Тэгэж бодохгүй байна.
-Яагаад. Өөртөө тийм итгэлгүй байгаа хэрэг үү?
-Шоуны найман оролцогч бүгдэд нь өөрийн гэсэн давуу чанар байгаа. Зарим нь загвар өмсөгч учраас тайзан дээр хэрхэн биеэ авч явах, хэрхэн сайхан харагдахаа мэднэ, тайзнаас үзэгчидтэйгээ харьцаад сурчихсан. Зарим нь жүжигчид. Тэгэхээр шууд жүжиглэж чадна. Уйл гэхэд л уйлчихдаг авьяастай хүмүүс шүү дээ. Бас сайхан дуулдаг дуучид ч бий. Тэгэхээр бүгдээрээ л хүч тэнцүүхэн. Тиймээс өөрийгөө дөвийлгөж бодохгүй байна.
-Нэвтрүүлгийн судалгааг хэр хийв?
-Мундаг шоу байна лээ. Тухайн хүнийхээ онцлогийг маш сайн гаргах ёстой. Тайзан дээр гараад Л.Ган-Эрдэнэ гэдэг хүнийг мартах хэрэгтэй гэж ойлгосон. Шоуны үеэр жүжиглэх, бүжиглэх гол анхаарлаа хандуулна.