Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар мэдээлэл өглөө.
"Монгол Улсын Засгийн газраас Хөшгийн хөндий дэх шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг өнөөдрийн хуралдаанаар баталлаа. Хөшгийн хөндийд баригдах хот байгулалтуудыг үе үеийн Засгийн газар судалж, баталж ирсэн. Тухайлбал, 2019 оны нэгдүгээр сарын 19-нд Монгол Улсын Засгийн газраас шинэ онгоцны буудлыг дагаж аэросити байна гэж төлөвлөж, тухайн үеийн шинэ аэроситигийн төлөвлөлтийг баталж байсан. Түүнээс хойш 2020 оны дөрөвдүгээр сард УИХ-аар шинэ Зуунмод-Майдар гэсэн орон нутгийн зэрэглэлтэй хотууд байна гэж шийдвэр гарсан. Үүний дагуу энэ Засгийн газрын үед Хөшигийн хөндийд Богдхан төмөр зам зэрэг бусад төлөвлөлтүүдийг авч үзэж шинэ Зуунмод хотын ерөнхий төлөвлөлтийг өнөөдөр баталлаа. Бид дараа нь хэсэгчилсэн төлөвлөлтүүдийг хийнэ. Хэсэгчилсэн төлөвлөлтүүдтэй холбоотой эхний үед барилгажих газрын инженерийн дэд бүтцийн ажлын зургийг үндсэндээ хийгээд дууссан. Дөрөвдүгээр сард цахилгаан, дулаан хангамж, цэвэрлэх байгууламж, усан сан, холбоо мэдээлэл, инженэрийн бэлтгэл ажил зэргийн ажлын зургийг давхар хийгээд эхэлсэн. Ажлын зургуудыг бэлэн болгоход 500 орчим тэрбум төгрөг. Энэ жил Засгийн газраас инженерийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтад 33 тэрбум төгрөгийг тавьсан. Ажлын зургууд магадлалаар орж батлагдсантай холбоотой 5 сард багтаж инженерийн дэд бүтэц хийх эхний ажлууд эхлүүлнэ. Үүнтэй холбоотойгоор автозамын болон тээврийн сүлжээний хэсэгчилсэн төлөвлөлтүүдийг хийнэ. Цаашдаа дараагийн шатны ажлуудаа хийнэ" гэв.