Ардчилсан Намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. АН-ын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү "ТЕГ-аас өнөөдөр хийсэн зэвсэгт этгээдүүдийг баривчилсантай холбоотой мэдээллийг АН-ынхан их эмзэг хүлээж авч байна. Яагаад гэвэл намын үе үеийн лидерүүд бусдын гарт амиа алддаг. Эргээд санавал С.Зориг, Ж.Наранцацралт, О.Энхсайхан, Г.Батхүү нарыг нэрлэж болно. Г.Батхүү агсан амьд сэрүүн байсан бол өнөөдөр АН ингэтлээ их хагарахгүй байсан. Энэ хүн хэнд гай болж байсан бэ гэдэг асуултыг бодох цаг болсон. Дараагийн нэг асуудал бол үнийн өсөлт, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад иргэд их бухимдалтай байгаа үед эрх баригчид мэдээлэлд ойр байдлаа ашигладаг байж болохгүй. Эрх баригч нам маш хариуцлагагүй байна. Өчигдөр Ерөнхий сайд, харин өнөөдөр ТЕГ "та таа тунгаа" хийлээ.
Хэн гэдэг улстөрчийг хөнөөх гэж байсан бэ гэдгийг ил гаргах хэрэгтэй. Яагаад гэвэл эрх бариагүй АН-ын хувьд энэ мэдээллийн талаар ямар ч ойлголт алга. Ард түмний эв нэгдлийг хангах үүднээс тухайн баривчлагдсан хүмүүс гэм буруутай бол захиалагчтай нь хамт шийтгэх ёстой. Харин гэм буруугүй бол нэн даруй цагаатгаж, тодорхой хүмүүсийг суллах ёстой" гэлээ.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Тагнуулын Ерөнхий газраас /ТЕГ/ өнөөдөр "Зохион байгуулалттай бүлэг хүмүүс хууль бус үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан төдийгүй АН-ын нэр бүхий улстөрчдийн биед халдахаар бэлтгэж байсан" талаар мэдээлэл хийсэн. Монгол төрийн нүд чих болсон ТЕГ хариуцлагагүй мэдэгдэл хийхгүй нь мэдээж. Тиймээс дээрх асуудал дээр АН байр сууриа илэрхийлэх ёстой. ТЕГ-т баривчилагдсан өмгөөлөгч асан Б.Баасанцогт өмнө нь Монгол Улсын үе, үеийн лидер болсон улстөрчдийг шоронд суулгах схемийг зурсан байсан. Б.Баасанцогт нь С.Баяр, С.Баярцогт, Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Да.Ганболд нарын шүүх хурал болон ялын тогтоолтой холбоотой схемийг боловсруулсан. Тэрхүү схемд Э.Бат-Үүл баатрын шүүхийн процесс ч мөн бий. Үүнээс харахад гадны гар хөл болсон хүмүүс энэ ажиллагаанд оролцсон гэж хардаж байна. Монгол төрийг хүчгүй болгож, монголчуудыг өөр хооронд нь алалцуулах гэсэн гадны бодлого явж байна" гэв.