Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас энэ сард “Эм зүйн салбарын үзүүлэлт-2020” номыг гаргасан. Энд дурдсанаар 2020 оны байдлаар Монгол Улсад нийт бүртгэлтэй 4511 эмийн 27.8 хувь жоргүй олгох, 70.4 хувь нь жороор олгох, 1.8 хувь нь эмнэлгийн нөхцөлд хэрэглэх эм байна хэмээн бичжээ. Нийт эмийн 70.4 хувь нь жороор олгогдож буй нь сайн хэрэг.
Гэхдээ хэдэн сарын өмнө л гэхэд жороор олгодог эмийг өсвөр насны хүүхдүүд “өөр” зорилгоор хэрэглэсэн талаарх зураг олон нийтийн сүлжээнд нийтлэгдэж олны анхаарлыг татав. Тодруулбал, Дарь-Эхийн мухар гудамжинд тебантин эмийн хоосон капсул ойролцоогоор 20 ширхэг, цустай тариур, цустай сальфетик, 100 мл натри хлоридын хоосон уут олдсон талаарх зураг цахим орчинд нийтлэгдсэн. Мансууруулах зорилгоор тухайн эмийг ашигласан уу гэдэг талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад уг зураг нь гурван жилийн өмнө нийтлэгдэж байсан зураг гэдгийг хэллээ. Харин тебантин эмийг мансуурах зорилгоор ашигласан байж болзошгүй хоёр ч хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа юм байна. “Хэрэг шалгалтын явцад байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн бөгөөд “Манай найз мансуурсан байдалтай байна” гэх дуудлагын дагуу очиход хэргийн газраас тебантины хоосон капсул олдсон байна.
Тебантиныг жоргүй хэрэглэхийг хүсэгчид андашгүй байдаг
Зөвхөн эмчийн жороор л олгодог энэ эм залуусын гарт хэрхэн “ороод” байгааг судлахаар Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн зургаан эмийн санг зорив. Бүх эмийн сан энэхүү эмийг худалдаалж байсан бөгөөд эмчийн жорын бичиг шаардаж байна. “Ганц, хоёрхон ширхгийг өгөөч” гэж хүртэл гуйж үзлээ нэг нь ч олгосонгүй. Тиймээс сурвалжилга бэлтгэж буйгаа хэлж энэ эмийн “жорын бус” хэрэглэгчдийн талаар тодрууллаа.
Эмийн сан 1: Өсвөр насны хүүхдүүд хамгийн их сурдаг. Ихэнх нь “Өвөө, эмээ аваад ир” гэж хэлдэг. Хоёр жилийн өмнөөс эхлэн хүүхдүүд эрс их асууж эхэлсэн.
Эмийн сан 2: Тебантиныг өөр зорилгоор хэрэглээд байгааг эмийн санч нар сайн мэддэг. 3-4 жилийн өмнөөс ахлах ангийн сурагчид болон оюутнууд эрс сурж эхэлсэн. Өдөр бүр биш ч долоо хоногт 1-2 удаа сурж орж ирдэг. Жороор олгосон бол жорын бичгийг заавал хурааж авдаг.
Эмийн сан 3: Залуус л асуудаг байсан бол сүүлийн үед архины хамааралтай болсон бүсгүйчүүд их сурагладаг болоод байна. Манайхаар өдөр бүр шахуу сурж орж ирдэг.
Эмийн сан 4: Хоёр жилийн өмнөөс л гэнэт ихээр сураглах болсон. Хаврын улиралд хамгийн их сурж орж ирдэг, бас намар. Ихэнх нь ахлах ангийн сурагчид болон оюутнууд. Анх хөвгүүд сурж орж ирдэг байсан бол одоо бол эр, эмгүй асуудаг болсон. Манайх жорын дагуу олгодог. Жороор үйлчлүүлж буй хүмүүсийн ихэнх нь өндөр настай хүмүүс байдаг.
Эмийн сан 5: Тебантиныг асууж байгаа хүмүүс угаас андашгүй байдаг. Өөр зорилгоор хэрэглээд байгааг эмийн санчид гадарладаг. Хэлдэг үгийг нь ч мэддэг болсон. “Өвөө, эмээ захисан”, “Нурууны хагалгаанд орсон” гэх шалтгааныг хэлдэг. Сэтгэл санааны хувьд их тогтворгүй, анхаарал нь огт төвлөрдөггүй нэг тийм өөр байгаад байдаг. Эмийг авахын тулд юу ч хийхэд бэлэн байдаг. Хуурамч жороор авах гэж үзнэ. Өөрсдөө цаасан дээр бичээд орж ирдэг ч тохиолдол байдаг. Ганц хоёр ширхгийг хүртэл өгчих гэж гуйна. Тебантиныг судсаар тарьдаг талаар мэдээлэл сонсож байсан. Өөр зорилгоор ашиглах гэж байгааг мэддэг учир хэзээ ч жоргүй олгож байгаагүй.
Эмийн сан 6: Ахлах ангийнхан болоод оюутнууд л жоргүй авахыг хүсдэг. Тебантин нэг ширхэг нь 750 төгрөг. 10 ширхэг нь 7500. Хямд байгаа болохоор залуучууд аптекуудаас аваад байх шиг байна. Манайх бол жорын дагуу эмчийн тамга тэмдэг гарын үсэгтэй жороор олгодог. Энэ эмийг жортой авч байгаа хүмүүсийн ихэнх нь ахмадууд байгаа. Тиймээс үнийг нь нэмээд ахмадууддаа даатгалаар олгодог болчихвол замбараагүй байдал алга болох байх.
Ийм тайлбарыг эмийн санч нар хэллээ. Эмийн санчдын хэлж буйгаар тебантиныг 2-3 жилийн өмнөөс залуус эрс сураглаж эхэлсэн бөгөөд уг эмийг жорын бусаар хэрэглэх залуус андашгүй байдаг байна.

Тебантин нь уналт, таталтын эсрэг булчин сулруулах, мэдрэлийн гаралтай өвчин намдаах үйлчилгээтэй
Мэдрэлийн эмнэлгийн эмчээс тебантин эмний үйлчилгээ, ямар өвчний үед хэрэглэх талаар мэдээлэл авахад “Уналт, таталтын эсрэг булчин сулруулах үйлчилгээтэй жороор олгодог эм. Мэдрэлийн гаралтай өвдөлт намдаах үйлчилгээтэй эм. Олноор хэрэглэвэл сөрөг нөлөөг нь хэлж мэдэхгүй юм” хэмээн хэлсэн юм. Мөн эм зүйчдийн группт “Өрхийн эмч нар 16, 17-тай хөвгүүдэд мидокалм 150 гр, тебантин их бичээд байна. Зарим нь таньдаг эмчээрээ бичүүлж аваад буруу ашиглаад байх шиг байна” гэсэн мэдээлэл байсан. Энэ талаар хоёр өрхийн эмнэлгээс тодруулга авахад “Ихэвчлэн настай хүмүүс тебантиныг бичүүлье гэдэг. Залуус энэ эмийг бичээд өгөөч гэж ирсэн тохиолдол байхгүй. Тебантины жорыг хурааж авдаггүй болохоор өвөө, эмээгийнхээ жорыг ашиглаад байж магадгүй юм” гэсэн тайлбарыг өгсөн. Харин эмийн сангуудын зүгээс “Жор бичсэн цаасыг хурааж авдаг. Хурааж аваагүй тохиолдол нэг ч удаа байхгүй” гэсэн тайлбарыг өглөө.
“Буруу үйлчилгээ” нь тодорхой эмүүдийг асууж буй хүмүүсийг цагдаад мэдэгддэг болъё
Эмийн санчдын мэдээлэл солилцох группт “Мансууруулах зорилготой гадуур авч их хэрэглээд байгаа. Саяхан хүртэл таньдаг эм зүйч нар эмийн сангууд цагдаад дуудагдсан асуудлууд байсан. Тебантин жоргүй олгосноос болж асуудалд орсон” хэмээн жоргүй олгосон эмийн санч нар шалгагдсан талаар бичиж үлдээжээ. Үүрэг, хариуцлагаа ухамсарлаж буй эмийн сангууд жороор үйлчилж байна. Гэтэл хуурамч жор гэдгийг нь мэдсээр байж өсвөр үеийнхэнд олгодог эмийн сангууд энэ мэт байсаар байгаа нь харамсалтай. Өнөөдөр Монгол Улсад энэ эмийн “буруу зорилго”-ыг мэдэхгүй эм зүйч, эмийн санч алга. Гэсэн атал таван төгрөгийн ашгийн төлөө жоргүй худалдаалаад байгаа нь сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүсийг бэлдэхэд зориулсан асар том “хөрөнгө оруулалт” юм. Хэрэглээ нь тодорхой болсон энэ эмийн сэтгэцэд нөлөөлөх нөлөөлөл, хор хөнөөлийг тайлбарлаад өгөх эмч олдсонгүй. Хэрвээ энэ талаар судалж, таниулж мэдэхгүй бол юу руу явж байгаагаа ойлгохгүй Монголын нэг үе мансуурлын ангал руу унах нь. Жоргүй олгосон, хуурамч жороор олгосон эмийн сан болоод эм зүйч, найзуудын хүсэлтээр жор бичээд өгчихдөг эмч нарын эрхийг түдгэлзүүлдэг болъё. Эмийн санчдын хувьд тебантинаас гадна жортой, жоргүй олгодог өөр бусад эмийг мансууруулах зорилгоор ашигладаг гэдгийг мөн хэлж байлаа. Тиймээс “буруу үйлчилгээ” нь тодорхой болсон энэ эмүүдийг мансууруулах зорилгоор асууж буй хүмүүсийг эмийн санчид цагдаагийн байгууллагад мэдэгддэг болчихвол “өөр” зүг рүү зүглэж буй залуус бага ч болов цөөрнө гэдэгт итгэлтэй байна.