Сангийн яамнаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа.
Эдийн засгийг эрчимжүүлэх Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг хангах зорилгоор төрийн худалдан авах ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгжийн оролцох харилцааг хялбаршуулж зардлыг бууруулах, жижиг, дунд үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах боломжийг нэмэгдүүлэх, захиалагчийн шийдвэр гаргах, гэрээ байгуулах үе шат, хугацааг хэрэгжихэд ойлгомжтой болгох чиглэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ.
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх хөгжлийн төслийн жагсаалтад багтсан төсөл, арга хэмжээг хэлэлцээ хийж гэрээ байгуулах аргаар зохион байгуулах тухай зохицуулалтыг нэмж тусгаснаар тус жагсаалтад багтсан хөгжлийн төслийг шуурхай зохион байгуулах, худалдан авах ажиллагааны бэлтгэл шатанд тендерт оролцохыг сонирхогч аж ахуйн нэгжтэй хэлэлцээ хийж, төслийн техникийн шийдлийг хамтран хэлэлцэх боломж бүрдэнэ. Энэ нь худалдан авах ажиллагааны төлөвлөлтийн шат дахь ил тод байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ техник, технологи, инновацын ололт, шийдлийг тухайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг мэргэшсэн хуулийн этгээдүүдийн дунд хэлэлцүүлж, техникийн шийдлийг эцэслэн тодорхойлох боломж бий болно.
Түүнчлэн тендерт оролцогч иргэн, аж ахуйн нэгжид тулгарч буй санхүүгийн ачааллыг бууруулах зорилгоор тендерийн баталгаа, гүйцэтгэлийн баталгааны хэмжээг 4 дахин бууруулж төсөвт өртгийн 0.5 хувь байхаар тусгасан. Гүйцэтгэлийн баталгааны дүнг тухайн гэрээний үнийн дүнгийн 5 хувь байсныг тухайн онд санхүүжих дүнгийн 3 хувь байхаар тус тус бууруулан өөрчилсөн. Мөн гүйцэтгэлийн баталгааг тухайн онд санхүүжих дүнгээр жил бүр шинэчлэн гаргахаар хуулийн төсөлд тусгасан нь гэрээний гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн санхүүгийн ачааллыг бууруулахад онцгой ач холбогдолтой гэж үзэж байна.
Мөн хуулийн төсөлд гэрээний гүйцэтгэгч аж ахуйн нэгж гэрээний үнийн дүнгийн 5-10 хувийг барилга байгууламжийг ашиглалтад оруулж, гэрчилгээ олгосноос хойш гэрээний үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор чанарын баталгаат болон зүгшрүүлэх, тохируулах хугацаанд захиалагчид барьцаа болгон үлдээдэг. Хуулийн төсөлд уг барьцааны хувь хэмжээг 5 хувиар тогтоохоор тусгалаа.