Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хоёр сарын өмнө өөрийн фэйсбүүк хуудаснаа “Хичээлийн хоцрогдол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрээд байна...” хэмээх гарчигтай, ардаа гурван цэгтэй мэдээлэл оруулж билээ. Түүндээ цахим хичээл үр дүн муутай байсныг хүлээн зөвшөөрөөд, бурууг цар тахал руу “чихсэн” байв. Гэтэл хоёр жил үргэлжилсэн цар тахлаас илүү боловсролын салбарын бодлогод нүүрлэсэн “цар тахал”-ын гайг монголчууд олон жил улсаараа үүрч, зүдэрч явааг эрхэм сайд төсөөлдөг болов уу. Үнэндээ өвчин биш, удирддаг яамных нь буруу бодлогоос болж боловсролын салбар, боловсролын чанар төдийгүй монголчуудын амьдралын чанар өөрийнх нь хэлсэн шиг “үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрсэн” гэж тодотгомоор байна.

Монгол Улс, монголчуудын хамгийн тулгамдсан асуудал болох Улаанбаатарын түгжрэл, эрүүл мэндийн байгууллагын ачаалал, цоожтой хаалганы цаадах багачуудын эндэгдэл, ажилгүйдэл, гавьяандаа гарч чаддаггүй ахмад настан, харийг зорих залуусын цаад шалтгаан нь боловсрол хариуцсан яамны урагшгүй, унхиагүйтэй тодорхой хэмжээгээр холбоотой болохоор ингэж бичлээ. Боловсролоос үүдсэн хүнд ачааг өдөр бүрийн амьдралдаа дааж ядан үүрч явахад “дэлхий” бидний зовлонг хэдийнэ олоод харчихжээ.

Өрсөлдөх чадварын үзүүлэлтээр 64 улсаас 60 дугаарт

Тасралтгүй 33 дахь жилдээ гарч буй “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2021”-д дэлхийн 64 улс орны өрсөлдөх чадварыг нийт 334 шалгуур үзүүлэлтийн дагуу хэмждэг тул хамгийн өргөн хүрээтэй, нарийн судалгаа гардгаараа онцлогтой. Энэ дундаа эрүүл мэнд болон боловсролын салбарын тогтолцоо нь өрсөлдөх чадварын гол хүчин зүйлүүд болдог. Энэ үзүүлэлтээр Швейцарь улс дэлхийд тэргүүлж, харин манай улс 60 дугаарт оржээ. 64 улсаас 60-д. Гашуун байгаа биз. Судалгаанд орж, эрэмбээ мэдэж авсан нь яамай л гэхээр байна, одоогоор. Монгол Улсын боловсролын салбарын үнэнийг тэд илчлээд өглөө.

Боловсролын чанарын зөрүүний “шагнал” - Түгжрэл

Улаанбаатарчуудын хувьд хамгийн “том” асуудал нь замын түгжрэл. Гэтэл замын түгжрэлийг бий болгож буй хамгийн гол хүчин зүйл нь хүүхдээ зөөж буй эцэг, эхчүүд. Энэ дундаа чанартай боловсрол, сайн орчны төлөөх дүүрэг, дүүрэг алгасан хүүхдээ зөөх аав, ээжүүд. Нийслэлийн эцэг, эхчүүдийн хэд нь хүүхдээ хамран сургах тойрогтоо сургаж, хэд нь сургахгүй байгаа талаар тодорхой тоо баримт одоогоор алга. Гэхдээ маш их тоо гарах нь тодорхой. Гурван ээлжээр хичээллэдэгийг болиулна гээд болиулсан ч нэг ангид 50-60 хүүхэд чихэж орхиж. Энэ дунд чанартай боловсрол хайж захын дүүргээс ирсэн хүүхдүүд бий. Хамран сургах тойрог биш ч “яаж ийгээд” оруулдаг. Тухайн сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтан элсэлтийг зохион байгуулдаг учир Нийслэлийн боловсролын газраас шалгалт хийх, тоо баримт гаргахад төвөгтэй байдаг гэнэ. Хичээлийн жилийн эхэнд Авлигатай тэмцэх газар болон Мэргэжлийн хяналтын газартай хамтран ажиллаж, элсэлт дээр хяналт тавьдаг ч хэдэн хүүхэд нь хамран сургах тойргоосоо өөр газар суралцаж байгааг тогтоох боломж бага байдаг аж. Сургуулийн багш, ажилчид хүүхдээ ажиллаж буй сургуульдаа сургах эрхтэй байдаг нь ч үүн дээр хүч нэмнэ.

Хамран сургах тойргоос нь өөр сургуульд оруулах гээд УИХ-ын гишүүд, дарга нараас албан бичиг хүртэл ирж байсан тохиолдол бий. Манай байгууллагаас “Хамран сургах тойргийг оновчтой тодорхойлж, өөрийн харьяа сургуульдаа сурахад ямар нэгэн шаардлага тавилгүй элсүүл” гэсэн шаардлагыг л сургуулиудад тавьдаг.

УИХ-ын гишүүдээс эхлээд дарга сэтэртэй бүхэн албан бичиг “чулуудаж”, хүүхдийн сургууль шилжилтэд оролцдог гэхээр хамран сургах тойргийн асуудал ямар хэмжээнд байгаа нь ойлгомжтой. Дүүргээс дүүрэг шилжин суралцдаг хүүхдүүд хэр түвшинд байгааг угаас сургууль амарсан үеийн Улаанбаатар хотын түгжрэл “илчлээд” өгдөг. 2021-2022 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 281 сургуульд 340069 хүүхэд суралцаж байгаа. Нийт сурагчдын 30 хувийг гэр бүлийнхэн нь машинаараа зөөвөрлөдөг гэж үзвэл нийслэлийн зам дээр 102 мянган автомашин нэмэгдэж, өглөө хүргэж өгч, орой нь буцаан авч өдөрт дөрвөн удаа замын хөдөлгөөнд оролцдог. Ингэхээр хотын замын түгжрэл хэрхэн нэмэгдэх нь ойлгомжтой. Тэднийг ч буруутгахын аргагүй. Хүн бүхэн, Та, би ер нь хэн ч боломжтой л бол хүүхдэдээ сайн боловсрол олгохын төлөө бүхнийг хийнэ. Хотын төвийн сургууль болоод захын хорооллын сургуулийн сургалтын зөрүү болоод сурах орчин адил тэнцүү байхад анхаарлаа хандуулсан бол сайн боловсролын төлөө тэд хүүхдийнхээ нойр, амьдралын алтан цаг, шатахууны илүү зардал юунд гаргах вэ. Сайн боловсролын төлөөх эцэг, эхчүүдийн энэ “нүүдлийн” төлөөсийг Монгол Улсын тал иргэд бид хоногийн 24 цагийн 2-5-ыг нь үнэгүйдүүлж төлж байна. Түгжрэл дан ганц бидний цагийг л хумсалдаггүй. Бонусандаа агаар орчны бохирдол, эрүүл мэнд болон эдийн засгийн хохирлыг бидэнд бэлэглэдэг билээ.

Өнгөрсөн 2021 онд судалгаа хийж нийслэлд танилцуулахад түгжрэлийн гол шалтгааны 25-28 хувь нь хүүхэд сургууль, цэцэрлэгт хүргэж өгөхөөс шалтгаалж байна гэсэн дүгнэлт гарсан.

Хүүхдээ зөөхийн тулд хэн нь ажилгүй сууж байна вэ

Монгол Улс хэзээ хүүхдийн автобустай болох вэ. Бид энэ асуултдаа хариулт авахын тулд хэд наслах ёстой вэ. Улаанбаатарын түгжрэл “мэндэлсэн” цагаас эхлэн энэ асуулт хариултаа эрсэн. Шийдэл одоо ч алга. 2021-2022 оны хичээлийн жилд нийслэлийн 281 сургуулиас нийт 68 сургууль нь л автобустай. Төрийн өмчийн 35 сургууль 46 автобустай бол төрийн бус өмчийн 33 сургууль 133 автобустай. Өрөвдмөөр тоо байгаа биз. Сургуулийн автобус шийдлээ олчихсон бол хүүхдээ зөөхийн тулд нэг нь ажил хийхгүй байх бичигдээгүй “хууль” Монголд үйлчлэхгүй байлаа. Үүний золиосыг хамгийн их амсаж буй нь эмэгтэйчүүд. Хүүхэд, өндөр настан, өвчтөн асардаг шалтгаанаар эдийн засгийн идэвхгүй болсон эмэгтэйчүүдийн тоо өссөөр байгааг  “Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын 10 дахь илтгэл”-д дурдсан. Эдийн засгийн идэвхгүй болсон эмэгтэйчүүд 2015 онд 94 мянга (эрэгтэйчүүд 7000) гаруй байсан бол 2018 онд 118 мянга (эрэгтэйчүүд 11 мянга) гаруй болж өсчээ. 118 мянган бүсгүйгээс хоёрхон бүсгүйн түүхийг энд өгүүлье.

Түүх нэг

Би хоёр хүүхдээ харахад найман жил зарцуулсан. Цэцэрлэг, сургуульд хүүхдээ зөөхөд залуу насныхаа хэсэг хугацааг зарцуулсан. Үүнд харамсаж, бусдыг буруутгадаггүй ч үүнээс өөр байж болох байсныг бодох, бас энэ нь зөвхөн надад биш олон эмэгтэйд ижил байгаад гунигтай байдаг. Ажилд орсон эхний өдрөө компьютер асаахаас цаашхыг мартсанаа анзаарсан.

Түүх хоёр

Хоёр хүүхдээ сургуульд нь зөөж, авдаг. Хүлээх хоорондоо таксинд явдаг. Уг нь би япон хэлтэй, магистрын зэрэгтэй. Нөхөр ажилтай болохоор хүүхдүүдээ харан, зөөдөг. Хүүхдээ зөөх хоорондоо таксинд явдаг. Өнгөрсөн сард 170 мянган төгрөг олсон. Энэ мөнгөөрөө өөртөө хэрэгтэй юмаа авчихсан.

“Сургуулийн автобус” төслөөр гараа угааж, гэдсээ түнтийлгэсэн эрхмүүдээс асууя. Энэ хоёр бүсгүйтэй адил зовлонт Монголын мянга, мянган ээжүүдэд та нар юу гэж хариулах вэ. Залуу нас, эзэмшсэн чадвар, боловсролын төлөө зарцуулсан хичээл зүтгэл, хамт олны нэгээхэн хэсэг болох мөрөөдлийг нь үгүй хийсэндээ та нар тэдэнд юу гэж хариулмаар байна вэ. Та нараас асуух өөр асуулт байна. Сургууль бүр дэргэдээ автобустай болж сурагчаа зөөдөг болох нь гэр бүлийн мөнгө санхүү, цаг хугацааг хэмнэхгүй юм уу, түгжрэлийн нэг шийдэл биш юм уу, өвөө, эмээ нар хүүхэд зөөлгүй амар амгалан тэтгэвэртээ гарч болохгүй юм уу.

Эмэгтэйчүүдийн ажиллах хүчин дэх оролцооны түвшинг нэмэгдүүлснээр тухайн улсын эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлдэг. Өрх гэр болон ажлын байран дахь жендэрийн тэгш бус байдлыг арилгаснаар Монгол Улс эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоог 63.2 хувь хүртэл өсгөх боломжтой. Ингэснээр нэг хүнд ногдох жилийн өсөлтийн түвшинг 0.5 хувиар нэмэгдүүлж, 30 жилийн дотор дотоодын нийт бүтээгдэхүүнийг 16.1 хувиар өсгөх боломжтой.

Азийн хөгжлийн банк

Хэтийдсэн анги дүүргэлтээс болж эрүүл мэндийн салбар сөхөрч дууслаа

2021-2022 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 152, төрийн бус өмчийн 129, нийт 281 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байна. Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 8012 бүлэгт 294634 хүүхэд суралцаж, 12049 багш ажиллаж буй бол, төрийн бус өмчийн сургуулийн 2244 бүлэгт 45345 хүүхэд суралцаж, 3341 багш ажиллаж, Улаанбаатар хотын хэмжээнд нийт 10256 бүлэгт 340069 сурагч суралцаж байна. Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн нэг бүлэгт 33.2, төрийн өмчийн сургуулийн нэг бүлэгт 36.8, төрийн бус өмчийн сургуулийн нэг бүлэгт 20.2 сурагч байна гэсэн албан мэдээлэл бий. Гэвч нийслэлийн зарим сургуулийн анги дүүргэлт 60-70 хүүхэд хүрсэн нь нууц биш. Гэхдээ дунджаар нь тооцож, дэлхийтэй өөрсдийгөө жишье. Нийслэлийн төрийн өмчийн сургуулийн нэг багшид 36.8 сурагч ногдож байхад олон улсад бага ангийн багшид ногдох сурагчийн тоо 18, харин дунд сургуулийнх 14 байдаг аж. Жишээлбэл, хоёр хөрш болох БНХАУ-д 18.8,  ОХУ-д 17 байна. Эндээс Монголд бага болон дунд сургуулийн багшийн ачаалал олон улсын дунджаас хэд дахин их байгаа нь харагдаж байна. Зөвхөн хотын төвд ч гэлтгүй нийслэлийн захын хороололд аль аль нь анги дүүргэлт хэтэрсэн. Анги дүүргэлтийг дагаж гарч буй олон сөрөг дагавар үүсдэг. Дурдахад, багш хүүхдүүдэд нэг бүрчлэн анхаарал тавих, суралцах үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх боломжгүй байдлыг үүсгэж байгаагаас гадна халдварт өвчний голомт болж эрүүл мэндийн салбарыг туйлдуулж байна. Жишээлбэл, хоёрдугаар сарын 14-нд бүх шатны боловсролын байгууллага 100 хувь танхимаар хичээллэснээс үүдэн томуу, томуу төст өвчний халдвар дээд цэгтээ хүрч, эмнэлгийн шалаар дүүрэн хүүхэд, ээжүүд. Сүүлдээ коридор нь ч олдохгүй болж, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд ч шантарч ажлаа хаяхад ойрхон байна. Томуугийн дэгдэлт өндөр, бага насны хүүхдийн өвчлөл их байгаа тул энэ сарын 11-нээс ирэх сарын 1-нийг хүртэл өрх, тосгоны Эрүүл мэндийн төв бямба гарагт 10.00-17.00 цагт, дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинет ажлын өдрүүдэд 08.30-22.00, ням гарагт 10.00-17.00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байна. Энэ зохицуулалтын цаана хэдэн эмч сувилагч шантарч байгаа бол. Тэд ч гэсэн гэр бүлтэй, үр хүүхэдтэй. Төгсөлт, элсэлтийн зөрүүн дээрээ үндэслэж урьдаас тооцож төлөвлөж, цэцэрлэг сургууль барих асуудлыг  шийдэх эрх та нараас өөр хэнд байдаг юм бэ, сайд, нийслэлийн удирдлагууд аа. Хэтийдсэн анги дүүргэлтээс үүдсэн сурагчдын хоцролтыг хэн хэзээ нь нөхөх вэ. Амьдралаа л үүрч яваа эцэг, эхчүүд яагаад ингэж эрүүл мэндийн “илүү” зардал гаргах ёстой вэ. Эрх мэдэлтэн та нарын гай яасан дуусдаггүй их юм бэ.

Багш нарын хувьд хэт ачаалалтай болж, сурагч бүртэй тулж ажиллах боломжгүй, сурагчдын хувьд хэт их ачаалалтай хичээллэж, эрүүл ахуйн хэм хэмжээ алдагдаж, ширээ сандал, ном сурах бичгийн хангамж муудах, хэт их шуугиантай нөхцөлд хичээллэх, эрүүл мэнд нь муудах зэрэг сөрөг үр дагавар гарч, анги дүүргэлт ихтэй байгаа нь сургалтад муу нөлөө үзүүлж, багш нарын ачаалал их, хүүхэд бүртэй тулж ажиллах, тэдний сурлагын хоцрогдлыг арилгах боломжгүй байгаа нь чанартай боловсрол эзэмшүүлэх зорилгыг хэрэгжүүлэхэд зарим талаар бэрхшээл учруулсаар байна.

ЕБС-ийн анги дүүргэлтэд нөлөөлдөг хүчин зүйлийн судалгаа

“Азгүй” хүүхдийн үнэгүйдсэн амь

Манай улсаас өөр ямар улс цэцэрлэгт хамруулах багачуудаа азтай, азгүйгээр нь төрсөн цагаас нь ялгаварладаг бол. Багачууд минь сугалаа горьдож биш хүссэн цэцэрлэгтээ явж, сурч боловсрох эрх Монгол Улсын Үндсэн хуульд байдаг. Гэтэл 2021-2022 оны хичээлийн жилд нийт 674 цэцэрлэгт 108415 хүүхэд хамрагдаж, 2-5 настай цэцэрлэгийн насны хүүхдийн 22 хувь хаалганы цаана үлдэж байна. Эцэг, эх нь хоногийн хоолоо залгуулахын тулд аргагүйн эрхэнд “азгүй” хүүхдээ ах эгчид нь найдаж, гэртээ цоожилж хүүхдийн амь нас эндсээр. Жишээ дурдахад, 2020 онд Дархан-Уул аймагт гэртээ цоожлуулсан 1-5 насны 3 хүүхэд халуун усанд түлэгдэж амиа алдсан. Мөн оны аравдугаар сард Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт таван ханатай гэр шатаж, гал түймэрт 7, 5 болон 2 настай гурван эрэгтэй, 6 настай нэг охин өртөж нас барсан хэрэг гарав. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг шийдэж өгдөггүй улс орон, Боловрол, шинжлэх ухааны яаманд ахиад хэдэн хүүхдийн амь “хэрэгтэй” вэ. Хувийн компаниудын барилга орон сууцын ажил хавартаа эхлээд намартаа дуусах юм. Та нар яг ямар материалаар байшин барьдаг болоод хэдэн арван жил энэ асуудал шийдэгддэггүй юм бэ.

Би үнэхээр гомдолтой байна. Гэмгүй цагаахан үрийг минь азтай, азгүйгээр нь ялгаж суудаг төр засгаа жигшиж байна.

Үнэлэгдэхгүй дээд боловсрол

2021-2022 оны хичээлийн жилд Монгол Улсын дээд боловролын сургалтын байгууллагад 148954 оюутан суралцаж байна. Нийт 88 их, дээд сургууль байгаа, үүний 20 нь төрийн өмчийнх, 60 нь хувийн өмчийнх, 3 нь гадаадтай хамтарсан сургууль, 2 нь гадаад улсын, олон нийтийн шашны 3, олон нийтийн гурван сургууль байна. Нэг хүнд оногдох дээд боловсролын сургалтын байгууллагын тоогоороо бид дэлхийд тэргүүлдэг. Гэвч сургалтын чанараараа хойноос нь тэргүүлнэ. 2021-2022 оны хичээлийн жилийн нээлтийн өмнө буюу 2021 оны наймдугаар сарын 26-нд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Монгол Улсад хөдөлмөрийн хомсдол үүсээд байна, ажилгүй 100 мянган хүний 30-40 хувь нь дээд боловсролтой гэсэн сэтгэл эмзэглүүлэм тоон мэдээлэл байна. Нөгөө талдаа 22 мянган хүний ажлын байрны эрэлт хэрэгцээ байна. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт алдагдсан дүр зурагтай байна. Нэг үгээр их, дээд сургууль төгссөн гурван хүний нэг нь ажлын байртай болж, үлдсэн нь ажилгүй үлдэж байна гэсэн үг. Үүний шалтгаан нь их, дээд сургууль төгссөн хүмүүс ажлын байрны ур чадварыг хангаж чадахгүй, эзэмшиж чадахгүй байна. Тиймээс ажил олгогчдын тавьж байгаа шаардлагыг хангахуйц ур чадварыг оюутанд дөрвөн жилийн хугацаанд  эзэмшүүлэх нь чухал юм” хэмээв.

Гэтэл Монгол Улсын боловсролын систем, дэлхийд өрсөлдөх чадварыг харуулсан 2011 оны судалгаанд “Монгол Улсын 200 гаруй бизнес эрхлэгчид, удирдах албан тушаалтнуудын дунд 2010 оны сүүлээр явуулсан санал асуулгын дүнгээс тэдний манай улсын боловсролын систем өнөөдрийн өрсөлдөөнт эдийн засгийн эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байгаад сэтгэл дундуур явдаг болохыг харууллаа. Бид энэ үзүүлэлтээр нийт 10 онооноос 2.5 оноо өгч, өөрөө өөрсдийгөө үнэлсэн бөгөөд жагсаалтад 12 дугаар байр эзэлсэн байна. Боловсролын системдээ бизнес эрхлэгчид нь сэтгэл хангалуун байдаг, эдийн засгийн эрэлт хэрэгцээг хангадаг гэж үзсэн орноор Сингапур (8.08), Малайз (7.05) улсууд тодорчээ.

Монгол Улсад эрэлт хэрэгцээтэй, дутмаг байгаа мэргэжлийн талаар мэдээлэл өгч чадахуйц хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хийж, 3-5 жилийн байдлаар хөдөлмөрийн зах зээл, ажлын байрны урьдчилсан таамаглал боловсруулах хэрэгцээ, шаардлага байгаа нь компаниуд, их дээд сургуулийн хамтын ажиллагаа, мэдээллийн солилцоо туйлын хангалтгүй буюу Монгол Улс энэ үзүүлэлтээр хамгийн сүүлийн байр эзэлснээс харагдаж байна. Ер нь өрсөлдөх чадвар сайтай орнууд өөрийн орны боловсролын системд анхаарсан бодлого хэрэгжүүлж, өөрийн орны аж ахуйн нэгжүүд чадварлаг, мэргэжлийн боловсон хүчнээр хангагдаж байх орчин нөхцөлийг бүрдүүлж чаддаг байна” хэмээн зөвлөмж хүргүүлжээ. 2011 онд ингэж үнэлэгдчихээд, ийм зөвлөмж сонсчихоод 10 жилийн дараа ийм л хэвээрээ. Уг нь бусад улс оронд аль сургуулийн диплом өвөртөлснөөсөө шалтгаалаад энэ хэрээрээ ажлын байранд үнэлэгддэг. Гэтэл Монголд эсрэгээрээ ямар ч шилдэг их, дээд сургуулийг төгссөн ч хэрэг алга. Дөрвөн жил хичээсэн хөдөлмөрийг нь хэн ч үнэлэхгүй болохоор, ямар ч ажил олгогч шагайхгүй, төгссөн сургуулийг нь асуухгүй ажилд аваад байхаар боловсролын төлөө хичээх сэтгэл ямар байх юм бэ. Монголынх үнэлэгдэхгүй, гадных үнэлэгдэж сайхан боломжууд нээгдээд байхад залуус мянга мянгаараа гадагшаа “урсахгүй” гээд яах юм бэ. Уг нь тэд анх боловсролоо сайжруулахаар явдаг ч даанч эргэж ирдэггүй. Монголоосоо явах залуусыг та нар ингээд бэлдчихлээ. Дахиад л асууя. Их, дээд сургуулиудын хөтөлбөр хэзээ сайжрах вэ, хэзээ ажил олгогч нарт үнэлэгдэх вэ, багш нарын ур чадвар нь хэзээ цаг үетэйгээ нийлэх вэ, төгсөгч оюутнууд тухайн эзэмшсэн мэргэжлээр хэр хурдан ажлын байртай болох вэ.

Би Монголын томоохон групп компанид 10 гаруй жил ажиллаж, ажлын туршлага хуримтлуулсан. Монголдоо боловсрол эзэмшсэн, ур чадвартай, ажлын туршлагатай залуусыг гадаадад сургууль төгсөөд ирсэн, ажлын туршлагагүй хүмүүсээр сольдог. Огт ажлын туршлагагүй хүмүүсийг гэнэт тушаал дэвшүүлж, Монголдоо бэлтгэгдсэн хүмүүсээ доогуур үнэлнэ гэдэг утгагүй асуудал. Ийм олон тохиолдлыг би мэднэ. Монголдоо боловсрол эзэмшсэн хүмүүсийн хөдөлмөрийг үнэлж сурах хэрэгтэй гэж боддог. Дипломоор нь гадаад, дотоод гэж ялгаад цалин урамшуулал, албан тушаал, зэрэг дэв дээр нь ялгаатай байдал бий болгодог муухай хандлага хувийн компани гэлтгүй төрийн албанд байдаг.

Монголын боловсролын хөгжил цаг үеийнхээ шаардлагад нийцэхгүй, нийгмийн эрэлтэд хариу өгч чадахгүй түвшинд хүрчээ.

Улс орны амин чухал салбар болох боловсролоор бөхийн бөх зүрхээр наадаж, наргиж ирсэн хүмүүс та нар юу бодож байна вэ. Монгол Улсын иргэд боловсролын салбарын гайг нийтээрээ эдлэх ямар ял үйлдсэн юм бэ. 100 жилийн ойгоо сүртэй, хүчтэй тэмдэглэсэн та нарт одоо юу бодогдож байна вэ.