Цас ханзарч, толгод борлоод цаг наашлан хавар иржээ. Энэ л улиралд өвлийг өнөтэй давсан малчид ямаагаа самнаж, жилийн хамгийн гол бас их орлогоо олдог. Тэд ингэж л өр ширээ төлнө, унаа уншаа сэлгэнэ, сайжруулна. Ямаа хариулж агуулахад түвэг ихтэй, ярвигтай мал хэдий ч малчид ноолуурцыг нь л бодож өсгөж, үржүүлдэг гэж хэлж болно.

Монгол Улс 67 сая малтай. Үүний 26 сая нь ямаа. Бэлчээрт тусгүй ямаа эсрэгээрээ малчдын амьжиргаанд их нэмэртэй. Энэ жилийн тухайд ноолуурын ханш харьцангуй өндөр тогтож байна. Тухайлбал, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хамгийн түрүүнд ямаагаа самнаж эхэлдэг зүүн гурван аймагт ноолуурын ханш 150 мянган төгрөгт хүрчээ.

“Цагаан алт”

Монгол Улс 3.4 сая хүн амтай, нийт хүн амынх нь 27.8 хувь нь ядуу, маш тогтворгүй эдийн засагтай, гадаад өр нэмэгдсэн, үндэсний хуримтлал хангалтгүй, эдийн засгийн өсөлт хүртээмжгүй, дэлхийд авлигын индексээр 111-т, өрсөлдөх чадварын индексээр 102-т жагсаж байна. Түүнчлэн экспортын 92 хувь нь зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүнээс хамааралтай, уул уурхайн салбараас бусад салбарын бүтээмж бага, үйлдвэржилтийн доройтолтой улс. Гэхдээ үргэлж ийм байсангүй. Манай улс өөртөө хэрэгтэйгээ үйлдвэрлэчихдэг, түүнийгээ экпортлоод орлого олчихдог байсан үе бас байсан. Улсын өмч хувьчлагдаж, үйлдвэр, хоршоо хаалгаа барихаас өмнө Монгол Улсын нийт экспортын 80 хувийг ХАА-н бүтээгдэхүүн бүрдүүлдэг байжээ. Харин одоо энэ тоо дөрвөн хувь болж буурсан байна. 67 сая малтай орны хувьд энэ даанч чамламаар үзүүлэлт. Өнгөрсөн жил л гэхэд мал аж ахуйн салбарын экспортоос 372 сая доллар олсны дийлэнхийг нь түүхий ноолуурын экспорт эзэлж байна. Зөвхөн уул уурхай л байгаа юм шиг сэтгэж явсаар ургадаг баялаг бас байдаг гэдгээ умартжээ. Угтаа эргэж нөхөгдөхгүй, дундарч дуусах байгалийн баялгийн хажууд хөгжлийн нэг гарц, орлогын өөр үүсвэр нь ноолуур байж болох юм. Ноолуур бол дээд зэргийн зөөлөн, хөнгөн, дулаан, уян хатан, бат бөх, агаар шүүдэг, амьсгалдаг, галд тэсвэртэй, байгальд ээлтэй учраас тансаг хэрэглээнд багтдаг. Тэр тусмаа өвлийн ямааны ноолуурыг онцгойд тооцно. Ийм ноолуур зөвхөн Хятад, бас Монголд бий. Тийм учраас манай улс дэлхийн түүхий ноолуурын зах зээлд том байр суурь эзэлдэг. Дэлхийн ноолуурын нөөцийн 40 хувийг Монгол, 48 хувийг БНХАУ, 12 хувийг Иран улс бэлтгэдэг. Гэхдээ бид угаасан болоод л түүхийгээр нь экспортолчихдог учраас энэ том зах зээлээс шанагаар биш дуслаар л хүртэж байна.

Энэ салбар хөгжихөд эргэлтийн хөрөнгийн, татварын, нийлүүлэлтийн сүлжээний, ээрэх, сүлжих үйлдвэрийн гээд олон асуудал чөдөр тушаа болдог. Тухайлбал, ноолуур самнаж эхлэхтэй зэрэгцээд дотоодын үйлдвэрлэгчид, ченжүүд түүхий эдээ цуглуулдаг. Энэ үед дотоодын ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд санхүүгийн хүндрэл учрах нь олонтаа. Тийм учраас аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор жил бүр Засгийн газраас арилжааны банкуудаар дамжуулан хөнгөлөлттэй зээл олгож санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Энэ жилийн тухайд ноолуурын компаниудад 150 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно. Өнгөрсөн жил 95 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг ААН-үүд авчээ. Гэвч энэ зээл цагаа ч, нүдээ ч олдоггүй сул талтай. Одоо аль хэдийнэ гуравдугаар сар гарч, ноолуурын ажил эхэлчихсэн байхад энэ зээлийн бараа сураг алга. Уг нь үйлдвэрлэгчдэд эртхэн хүрдэг бол эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, чанарт ч, улс орны эдийн засагт ч эергээр нөлөөлөх юм.

“Сор кашмир” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бархасбадь

Ноос, ноолуурын салбарт түүхий эд бэлтгэл дээр маш их мөнгө ордог. Одоо зүүн гурван аймагт нэг кг ноолуур 150 мянган төгрөгийн үнэтэй эхэлж байна. Тэгэхээр нэг тонн нь 150 сая болно. Монгол орны бүх ноолуур угааж, самнаж, боловсруулахад 50 хувийн гарцтай байдаг. Тэгэхээр 10 тонн түүхий ноолуур аваад таван тонн болгоход бусад зардал орохгүйгээр 1.5 тэрбум төгрөг хэрэгтэй болдог. Гэтэл хөнгөлөлттэй зээл хөөцөлдсөөр байгаад зургаан сард л олгогддог. Гэвч тэр үед чанартай түүхий эд аль хэдийнэ дуусчихсан, хамгийн муу ноолуур л үлддэг.

“Ариг гал” ХК-ийн тэргүүн дэд захирал А.Төмөр-Очир

Ноолуурын санхүүжилтийг гуравдугаар сард, яг ноолуур гарч эхлэх үед нь өгөөч гэж бараг сүүлийн 30 жил ярилаа...

Түүхий эд бэлтгэл тал дээр тусламж, дэмжлэг үзүүлэхдээ хэзээ олговол өгөөжтэй, бодит дэмжлэг болох вэ гэдгийг анхаарах шаардлага байгаагаас гадна нийлүүлэлтийн сүлжээг бий болгох хэрэгтэй байна. Ургадаг баялаг ноолуурын ирээдүйг ярихын тулд эхлээд малчны хотноос ноолуураа хэрхэн төвлөрүүлэх талаар ярих ёстой. Одоо бодит байдал дээр хэдхэн ченж л Монголын ноолуурын салбарыг атгасан байна. Мөн энэ салбарт татварын зөв бодлого дутагдаж буй.

Боломжоо олж харъя

Дэлхий дахинд ноолуурын эрэлт нэмэгдэж байна. Ноолуурын ханш 2020 онд дэлхий даяар уналттай байсан бол 2021 онд улс орнууд цар тахалтай хөл нийлүүлэн, дасан зохицож ажиллаж, амьдарч эхэлснээр ноолуурын эрэлт өсжээ. Үүнийгээ дагаад үнэ ханш ч мөн нэмэгдсэн дүр зурагтай байна. Түүнчлэн сайн чанарын ноолуурыг өвлийн ямаанаас бэлтгэдэг учраас бид хэзээд ноолуурын зах зээлд том нийлүүлэгч хэвээр байх болно. Гэхдээ бэлтгэн нийлүүлэгчийн тухайд биш, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн хувиар жилдээ 3.2 тэрбум ам.доллар эргэлддэг дэлхийн ноолуурын зах зээлд толгой цохидог баймаар байна. Үүний төлөө бид юу хийх вэ.

Нүүрс, зэс зэрэг газрын хэвлийн баялаг бол бидэнд өвлөгдсөн зүйл. Түүнийг ухаж, олборлоод ашиглаж байна. Харин бид өөрөө бүтээж, “ургуулаад” экспортлох боломжтой баялаг бол малын гаралтай түүхий эд. Монгол Улс жил бүр 10 мянган тонн ноолуур авдаг. Үүнээс есөн мянган тонныг нь дөнгөж угаасан болгоод гаргаж байна. Тэгэхээр ердөө мянган тонныг нь л утас болгож ээрээд цамц, пальто зэрэг эцсийн бүтээгдэхүүн болгоод гаргадаг гэсэн үг. Ердөө мянгахан тонн. Яаж 10 мянган тонн ноолуураа бүгдийг нь боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд гаргах вэ гэдэг нь бидний зорилго, бодох асуудал болоод байгаа юм. Энэ үүднээс Монголбанк өнгөрсөн оны намар 2022 оны Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг УИХ-аар хэлэлцүүлэх явцдаа Монгол Улсад нийлүүлэлтийн сүлжээний схемийг бий болгоё гэсэн юм. Өөрөөр хэлбэл, ноолуур ямаандаа байхаас авахуулаад пальто болтлоо ямар үе шат дамжлагаар явдаг вэ, тэр үе шат дамжлага болгонд нь ямар санхүүжилтийн шаардлага байдаг вэ гэж зураглал хийж байгаа юм. Тэгээд нэг компанийг сонгоод ямар хэмжээний түүхий эдийг боловсруулах хүчин чадалтай юм гээд бүгдийг тооцоолоод, шаардлагатай түүхий эдээ авах хөрөнгийг нь гаргавал яах нь вэ гэж туршаад явж байна.

Ноолуурын үйлдвэрлэлийг сэргээхийн тулд хамгийн түрүүнд импортын татвараас хөнгөлөх ёстой. УИХ-ын хаврын чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчилнэ. Учир нь Хөрөнгө оруулалтын тухай хуулиар цемент, барилгын материалын үйлдвэр гэх мэт ямар ч үйлдвэрлэл байсан гааль, импортын татвараас чөлөөлөхөөр заасан байдаг. Гэтэл Татварын хуулинд энэ тухай зүйл заалт байхгүй учир татвараа тогтоочихдог. Ингэхээр Хөрөнгө оруулалтын хуулиа хараад орж ирсэн хөрөнгө оруулагчдаас Татварын хуулиар бүгдийг нь авчихдаг. Ингээд маргаан үүсдэг, шүүхээр явдаг, хугацаа алддаг явдал байсаар байна. Энэ мэтээр үндэсний үйлдвэрлэлийг дэмжихгүй байгаа олон саадыг арилгах шаардлагатай байгаа юм. Иймээс энэ хаврын чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хууль, Худалдаа аж үйлдвэрлэлийн танхимын хуулийг хэлэлцэж шийдэлд хүрэх биз ээ.