
Төсвийн тогтвортой байдлын зөвлөл хуулийн дагууж 2027 оны төсвийн төсөлд хийсэн дүгнэлтээ УИХ-д хүргүүлжээ. Уг дүгнэлтдээ “ДНБ-д эзлэх төсвийн зарлагын хувь хэмжээг огцом өсгөж байгаа нь Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлтэй нийцэхгүйгээс гадна дунд орлоготой орнуудын түвшнээс давж, өндөр орлоготой орнуудын түвшинд хүрсэн байна. 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр УИX-аас Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай тогтоол батлахдаа Засгийн газрын өр, төсвийн алдагдал болон төсвийн урсгал зардлын ДНБ-д эзлэх хувийг үе шаттайгаар бууруулахаар тусгасан. Өргөн мэдүүлсэн төсөлд ДНБ-д эзлэх төсвийн нийт зарлагыг 2027 онд 37.8 хувь, Засгийн газрын өрийн нийт хэмжээг 50 хувьд тус тус хүргэхээр тусгасан нь таван жилийн үндсэн чиглэлийн шалгуур үзүүлэлтүүдээс харгалзан 7.8 болон таван нэгж хувиар хэтэрсэн байна. Улмаар төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувь 2026 оны байдлаар өндөр орлоготой орнуудад дунджаар 41.1 хувь, дунд орлоготой орнуудад 32.2 хувь, Монгол Улсын тухайд 37.8 хувь байгаа нь орлогын бүлгийн дунджаас хол давсан үзүүлэлт болохоор байна.
Төсвийн зарлагыг татварын орлогоор санхүүжүүлэх боломж хязгаарлагдмал болсноос төсвийн орлогын бүтцэд өөрчлөлт хийх шаардлага бий болж байна. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2027 онд 9,350.0 тэрбум төгрөгөөр нэмэгдэх бөгөөд үүний 3,939.3 тэрбум төгрөг буюу 42 хувийг татварын орлого, 5,410.7 тэрбум төгрөг буюу 58 хувийг татварын бус орлого бүрдүүлэхээр байна. Төрийн өмчит компанийн ногдол ашиг, түүнчлэн Оюутолгой ХХК-ийн ногдол ашиг төсвийн орлогын өсөлтийн гол бүрэлдэхүүн болж байгаа бөгөөд эдгээр нь тогтвортой байх эсэхээс цаашид төсвийн орлогын эрсдэл хамаарахаар байна.
Сүүлийн хоёр жилд татварын орлого төлөвлөсөн дүнгээс бага байх хандлагатай байгаа нь татварын орлогыг эдийн засгийн бодит нөхцөл, үйл ажиллагаатай уялдуулан тооцох шаардлагатайг харуулж байгаа төдийгүй татварын орлого төсвийн зарлагыг санхүүжүүлэх боломж хязгаарлагдсан нь орлогын бодлогод өөрчлөлт оруулах нөхцөл, шаардлага болж байна.
Эдийн засгийн бүтцийн гажуудалтай нөхцөлд төсвийн зарлагыг тэлэх нь дунд хугацаанд төсвийн эрсдэлийг нэмэгдүүлэхээр байна. Өнөөгийн эдийн засгийн тэлэлт уул уурхай, тээврийн салбарын идэвхжилээр тэтгэгдэж байгаа хэдий ч нөгөө талдаа худалдаа, үйлчилгээний салбар уналттай буюу сөрөг утгатай гарсан. Барилгын салбарын болон хэрэглээний өсөлт нь төрийн бүтээн байгуулалт, төрийн хэрэглээний үр дүнд бий болсон нь төрийн оролцоо эдийн засгийн өсөлтөд томоохон нөлөөтэй болж байгааг илэрхийлнэ. Үүнээс гадна ажиллах хүчний оролцоо, өрхийн бодит орлого буурч байгаа зэрэг сөрөг үзэгдлүүд эдийн засгийн өсөлт хүртээмжтэй бус бөгөөд бүтцийн гажуудалтай байгааг харуулна. Татварын орлогын бууралт ч үүний нэг илрэл мөн. Ийм нөхцөлд төсвийг тэлэх бодлого хэрэгжүүлэх нь дунд хугацаанд төсвийн эрсдэлийг нэмэгдүүлэх нөлөөтэй” гэжээ.